Эрдмийн баяр 9 сарын 1

144106380355e4e37be1928Есөн сарын нэгэн дээ

Ерөөсөө бидний баяр даа

9-р сарын 1 гэдэг шинэхэн, бяцхан, өхөөрдөм хөөрхөн сурагчдын хувьд эрдмийн аянд мордож байгаа эрдмийн анхны баяр, харин хуучин сурагчдын хувьд зунжингаа санасан ангийнхаа андуудтай уулзаж зуны амралтынхаа сонинг хуваалцах найзуудтайгаа уулзах баярт өдөр яахын аргагүй мөн.
9-р сарын 1 гэдэг оюутнуудын хувьд ч гэсэн сэтгэл хөдөлгөсөн, догдлол төрүүлсэн баярын өдөр. Шинэхэн оюутнууд Их, Дээд сургуулийн үүдээр алхаж, сурагч биш оюутан гэдэг эрхэм нэрийг зүүн, амьдралынхаа ирээдүйг тодорхойлох шив шинэ ертөнцөд хөл тавин, “энэ сургуульд сайн сурч, мундаг хүн болно доо” гэсэн гэгээлэг, өөдрөг бүхнийг бодон, шинэ бөгөөд үеийнхээ найз нөхөдтэйгээ танилцан, багшдаа загнуулаад л гүйж явдаг бяцхан сурагч биш харин өөрийн ухамсар, оюунаараа аливаа эрдмийг задлан шинжилж, гүнзгийрүүлэн суралцаж эхлэх их эрдмийн баярын өдөр.

Хуучин оюутнууд ангийн андуудтайгаа уулзах гэж, сонин хачнаа сонирхуулан ярих гэж, магадгүй зунжингаа санаж, зүүдэлсэн хэн нэгэн хүнийг харах гэж, ирж байгаа шинэ хичээлийн жилд амжилтаа улам ахиулан суралцах гэж 9-р сарын 1-д сургууль руугаа яаран яаран ирнэ.

Зарим эцэг эхчүүд охиноо, хүүгээ анхны өдөр сургуульд явуулах, эрдмийн аянд мордуулах гэж яарч догдлон баярладаг бол зарим нь хүүхдүүдээ сургууль руу нь сүү өргөн үдэж өгөн, эрдмийн ихийг сурч, сайн болохыг ерөөдөг учраас 9-р сарын 1 яах аргагүй эцэг эхчүүдийн баярын өдөр. Тэр ч бүү хэл жаалуудын хувьд цэцэрлэгт явж, шинэ орчинд орж, шинэ найзуудтай болж эхлэх баярын өдөр. Гэхдээ хамгийн хөөрхөн нь ээж ааваасаа бараг холдож үзээгүй бяцхан жаалуудын маань зарим нэг нь өнгө өнгийн олон тоглоом хараад баярлахдаа ээж ааваа баяртай ч гэхгүй анги руугаа гүйгээд ордог бол, бараг ихэнх шинэ жаалуудын хувьд уйлан байж ээж аавыгаа ангиасаа гаргадаг, тэр ч бүү хэл зарим нэг өрөвчхөн ээж аавыг “хүүгээ сэвэл охиноо цэцэрлэгт нь явуулахаа больдог ч юмуу” гэж хүртэл бодогдуулаад, сэтгэлийг нь гэгэлзүүлээд авдаг учраас энэ өдөр нэг л гэгээлэг өдөр.

Багш нарын хувьд хамгийн их бүр хамгийн их хүлээж догдолдог, сэтгэл хөөрч баярладаг эрдмийн баярын өдөр бол 9-р сарын 1 мөнөөсөө 1 мөн. Шинэ анги авсан багш нар ангийнхаа шинэ хүүхдүүдтэй танилцах, хуучин ангитай багш нар сурагч нарынхаа хэр том болсныг, хэн нь хэрхэн өөрчлөгдсөнийг харах гэж, хамгийн гол нь 9-р сарын 1-ний өглөө сургуулийн өмнө бужигнах хэдэн мянган сурагчдыг харах гэж, тэдний эрдмийн ихийг сурах гэж тэмүүлсэн их тэмүүлэл, гэгээлэг хүсэл мөрөөдөл, аз жаргалтай инээдийг нь харж мэдрэх гэж, түмний олон хүүхдэд ихийн ихийг болж өгвөл эрдмийн оргилыг нь зааж сургах гэж 9-р сарын 1-ийг догдлон, догдлон хүлээдэг учраас багш нарын хувьд их хүндэтгэлтэй ханддаг сайхан баяр.

9-р сарын 1 гэдэг нэг л сайхан ирээдүй рүү тэмүүлэх эхлэлийг тавьж өгч байгаа юм шиг, хүсэл мөрөөдөл бүхнийг минь биелүүлэх өдрүүд эхэлж байгаа юм шиг гэгээлэг, өнгөлөг сайхан өдөр.


URL:

Сэтгэгдэл бичих