Зам засварын ажлууд арван сард бүрэн дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох бусад албаныхан өнөөдөр нийслэл хотод хэрэгжүүлж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.  Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл 5,0 км авто зам, Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4,6 км авто зам, Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6,75 км авто зам болон Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ хэсгийн замуудад гэрэлтүүлэг, явган хүний зам болон дугуйн замыг хийж байгаагаас гадна ус зайлуулах шинэ төрлийн замын хашлага тавьж байгаа юм байна.
p19u1h0f3p1n041mbj1qgb1r54ea01
Шаргаморьтын 50 метр урт төмөр бетон гүүрийг Энэтхэг технологиор барьж байгаа бөгөөд хүнд даацын машин зорчиход ямар ч аюулгүй байхаар хийж байгааг албаныхан онцлов. Одоогоор ажлын явц 70 гаруй хувьтай, энэ оны 10 сар гэхэд бүрэн дуусна гэж гүйцэтгэгч компаниуд хэлж байлаа. Гэхдээ зөвхөн суурин хучилт хийж хөдөлгөөнийг бүрэн нээж ,хавраас дахин хучилт хийх юм. Энэ нь тухайн замын насжилтыг уртасгаж, илүү чанартай болгодог байна.  Цаашид Улаанбаатар хотод зам барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд тухайн зам дээрээ өөрсдийн таних тэмдэг бүхий тамгыг дарж, замын чанар ажлын хариуцлагаа хүлээдэг болно гэдгийг энэ үеэр хотын дарга онцолж байлаа. Өөрөөр хэлбэл тухайн компанийн тэмдэг бүхий замд насжилтын хугацаанаасаа өмнө эвдрэл гэмтэл гарвал тухайн компани хариуцлага хүлээж замаа засна гэсэн үг юм. Энэ нь тухайн компанийг дахин тендерт оролцох гол шалгуур болох аж.

Нийслэлийн Засаг дарга замын ажилтай танилцахдаа Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 19-р хороо иргэдтэй уулзаж, замын ажлын талаар санал солилцсон. Тус хорооны иргэд  зам шинэчлэгдэн сайжирч байгаад баяртай байгаагаа илэрхийлж,  цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийг энэ хэсэгт эхлүүлбэл дэмжинэ гэдгээ хэллээ.  Үүнийг дараагаар Гачууртын чиглэлийн 11 км авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн явцтай танилцаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдтэй уулзан санал солилцлоо. Энэ хэсгийн замыг “Үйлсийн зам” ХХК гүйцэтгэж байгаа юм байна.

Улаанбаатар хотын автозамыг сүлжээг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа нэг томоохон ажил бол Нарын замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км автозам, 58 метр урт гүүр болон төмөр зам доогуурх  нарны замтай холбогдсон 22 м туннелийн хамт  барих ажил юм. Энэ нь он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү зам ашиглалтад орсноор Энхтайваны гүүр орчмын замын хөдөлгөөний ачаалал 10 гаруй хувиар буурах боломжтой болох юм байна. Тус ажлыг “Оч наран” ХХК гүйцэтгэж байна. Энэ онд хотын ачаалал ихтэй гол гол замуудыг шинэчлэн өргөтгөж сайжруулах бол ирэх жил хороолол доторхи замуудад илүү анхаарал хандуулна гэдгээ хотын дарга илэрхийллээ


URL:

Сэтгэгдэл бичих