Төв бассейны хувьчлал тамирчдын эрх ашгийг хөндөх вий
-1.1 тэрбум төгрөг байсан төв бассейний үнэлгээ 990 сая болж буурчээ-
Усан спорт сургалтын төв буюу бидний хэлж заншсанаар Төв бассейныг хувьчлах гэнэ. Ингэхдээ тус байгууллагыг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон 40 хувийг нь хувьчлах бөгөөд үлдсэн 60 хувь нь нийслэлийн өмчид үлдэх төсөл боловсруулжээ. Нийслэлийн ИТХ-ын пүрэв гарагийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгчдийн дунд санал зөрөлдөх зүйл цөөнгүй гарав.
Тус төв нь 1986 онд байгуулагдсан, Монголдоо л хамгийн том бассейн. 240 үзэгчийн суудал, насанд хүрэгчдийн зургаан замтай, нэг ээлжинд 36-40 хүн хичээллэх боломжтой уг төвийг 2005 оны есдүгээр сарын 1-нд нийслэлийн өмчид шилжүүлжээ. Гэвч байнга алдагдалтай ажилладаг тул тодорхой хэсгийг нь хувьд шилжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Төсөл боловсруулагчид уг төвийн үнэлгээг 990 сая төгрөг гэж тооцсон нь хурал дээр маргаан үүсгэж орхив. Уг нь өмнөх үнэлгээгээр 1.1 тэрбум төгрөг байжээ. Үүнээс хойш элэгдэлд орсон тул үнэлгээг нь ийн бууруулсан гэнэ. Үүнийг сонссон төлөөлөгчид “Дөрөвхөн сарын дотор 200 сая төгрөгөөр элэгдэнэ гэж юу байх вэ дээ. Үүнийг нарийвчлан тогтоомоор байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Түүнчлэн ард иргэдийг чийрэгжүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлдэх учиртай газар хувьчлагдсанаар ашгийн болоод хувирах юм биш үү гэсэн болгоомжлол байлаа. Мөн ХХК болгох нь компанийн тухай хууль зөрчих үү, эсвэл ХК болгож, хөрөнгийн биржээр хувьцааг нь зарах ёстой юу гэх мэт тодорхойгүй асуудал олон байв. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын гишүүд төслийг илүү ойлгомжтой болгож, дахин оруулж ирэх үүрэг өгсөн юм.
Өдгөө УССТ 30 орчим ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Энд биеэ чийрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарч, усанд сэлж сурахыг хүссэн иргэдээс гадна мэргэжлийн тамирчид бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог. Харин хувьд шилжчихвэл яах бол? Үнэхээр хувьчлах шаардлага байна уу?
Бид энэ талаар тодруулахаар УССТ-ийн захирал Ч.Эрдэнэчулуунтай холбогдохыг оролдсон ч чадсангүй. Харин тус төвийн ахлах багш Ц.Баяраа “Манай төв олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд тамирчдаа оролцох боломжоор хангадаг. Харин одоо тийм боломж хаагдаж, ашгийн төлөө байгууллага болох гэж байгаа нь харамсалтай. Усан спортын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс аваад зөв менежментээр удирдаад яваасай л гэж хүсэж байна. Түүнээс хувьчлахыг эсэргүүцээд байгаа юм алга.
Өмнө нь улсаас бидэнд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг байлаа. Энэ үед бид шигшээ багийн тамирчдаа үнэ төлбөргүй бэлтгэл хийх нөхцөлөөр хангадаг байсан. Харин энэ дэмжлэг алга болсноор тодорхой хэмжээний төлбөр авахаас аргагүйд хүрсэн юм. Ус, цахилгаан гээд зардал их болохоор ингэхээс аргагүй л дээ.
2012 оны есдүгээр сард манай төвийн захирлаар “иргэний хөдөлгөөний” Г.Арслан томилогдсон байдаг. Энэ үед улсаас засвар, үйлчилгээнд зориулж мөнгө өгсөн юм билээ. Гэвч Г.Арслан захирал улс төрийн тоглолт хийгээд энэ мөнгийг авч чадаагүй. Үүнээс болж төв бассейн дөрвөн сар зогсолт хийсэн юм. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард манай төвийн багш нар яриад Ч.Эрдэнэчулууныг захирлаар томилох хүсэлт гаргаж, асуудал шийдэгдсэн.
“Усан спортын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс аваад, зөв менежментээр удирдаад яваасай л гэж хүсэж байна”
Гэхдээ төр биднийг дэмждэггүй гэж хэлж болохгүй ээ. Зогсолт хийгээд байх үед улсаас тодорхой хэмжээний санхүүжилт өгч, хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан.
Манайх хичээллэгчдээс авсан төлбөрөөрөө санхүүждэг газар. Гэвч юмны үнэ өсөөд эхлэхээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж ирдэг. Дагаад үнээ нэмье гэхээр үйлчлүүлэгчээ бусдад алдана. Энэ мэтээр зовлон их бий” хэмээн тайлбарлав.
Харин Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн дасгалжуулагч Н.Баярсайхан “Үнэндээ манай тамирчдад төв бассейн дээр бэлтгэл хийх боломж олддоггүй шүү дээ. Өмнө нь шигшээ багийн тамирчид үнэ төлбөргүй бэлтгэл хийдэг байлаа. Харин одоо төлбөр нэхээд байгаа болохоор тамирчид энд тэндэхийн төвүүдэд л бэлтгэлээ хийж байна. Хэрэв бид өөрсдийн бассейнтай бол тамирчдын амжилт тодорхой хэмжээгээр дээшилнэ. Гэтэл одоо нэгдсэн шигшээ баг ч гэж алга.
Уг нь ус бол бүх нийтийг эрүүл чийрэг болгох зорилгод хамгийн тохирсон спорт. Гэвч манай Монголд энэ зорилгодоо хүрч чаддаггүй. Зөв менежментээр авч явбал хувьчлахад болохгүй гэх газаргүй л байх” гэсэн юм.
Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжанаас байр суурийг нь сонирхоход “Энэ асуудлыг нийслэл шийдвэрлэх болохоор бид өмнөөс нь тайлбар өгөх боломжгүй. Хувьчлахтай холбоотой асуудлаар яамнаас санал авсан. Мэргэжлийн холбоонд нь тодорхой хувийг өгвөл сургалт, дасгалжуулалт нь илүү сайжрах байх гэж саналаа илэрхийлсэн” гэлээ.
Усан спортоор хичээллэсэн хүний бие жигд хөгжиж, элдэв өвчин эмгэгээс ангид байж чаддаг. Санаагаар болдог бол хүн бүрийг энэ гайхалтай спорттой нөхөрлүүлмээр. Харин сүүлийн үед хүмүүс усны ач холбогдлыг ойлгож, хичээллэх нь нэмэгдсэн. Өдгөө нийслэл хотод 20 гаруй бассейн бий гэсэн судалгаа бий. Гэхдээ олон улсын стандартад нийцсэн төв бассейн нь тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй хэвээр.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төв бассейныг цаашид ашиглаж болохгүй гэсэн акт гарсан ч яаж ийж аргалсаар үйл ажиллагаа явуулсаар байв. Гэтэл 2013 оны арваннэгдүгээр сард дээврийн болон бэхэлгээний гол төмөр унаж, олныг цочирдуулсан удаатай. Харин одоо энэ төвийн 40 хувийг хувьчлах асуудал нийслэлийн удирдлагуудын түвшинд яригдаж байна.
Хувьчиллаа гээд үйл ажиллагаа нь сайжирч, ашигтай ажиллавал болж л байна. Харин үнэлгээг нь бууруулж, хэн нэгэнд хямдхан өгөх нь гэсэн хардлага байгааг сануулахад илүүдэхгүй байх. Бас хувьчлагдсаны дараа үйл ажиллагаа нь хэрхэн явагдах юм, шигшээ багийн тамирчдаа бэлтгэл хийх нөхцөл боломжоор хангаж өгөх үү гээд олон чухал асуудал бийг төсөл санаачлагчид анхааралдаа авна биз ээ.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL: