Тяньжиньд болсон дэлбэрэлтэд 11 хүнийг буруутгаж байна
Саяхан Хятадын Тяньжин хотод болсон хүчтэй дэлбэрэлтэд Засгийн газрын болон боомтын удирдлагын 11 албан тушаалтныг буруутгаж, хариуцлага хүлээлгэхээр боллоо.
Дараалан болсон дэлбэрэлтүүдийн улмаас 145 хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирчээ. Харин Тяньжинийн тээврийн комиссын дарга Ву Дай, Боомтын удирдлагын газрын дарга Зен Шине зэрэг албан тушаалтнуудыг баривчилсан эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ дэлбэрэлт болсон агуулахыг хариуцдаг “Рюхай Интернэшнл Ложистикс” компанийн 12 албан тушаалтныг хэдийнэ хорьжээ.
Наймдугаар сарын 12-нд болсон дэлбэрэлтийн дараа 34 хүн ор сураггүй хэвээр байгаа бол 500 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ослын дараа химийн аюултай бодис хадгалах, төлөвлөлтийн журмын хэрэгжүүлэлтийн тухай ширүүн маргаан Хятад улсад дэгдсэн байна.
Дэлбэрэлт болсон агуулахаас нэг километрийн радиуст орон сууцны гурван ч цогцолбор байгуулж, аюулгүй байдлын журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогджээ.
URL: