Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх аялал жуулчлалын Корпораци байгуулагдаж тэргүүнээр нь Ж.Ганзориг сонгогдлоо
Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаар Залуучуудын аялал жуулчлалын корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх тухай тогтоол шийдвэрүүд гарсан байдаг. Тэгвэл уг тогтоолын дагуу Монголын Залуучуудын холбооны Залуучуудын аялал жуулчлалын корпораци өнөөдөр анхдугаар хурлаа хийн, Залуучуудын аялал жуулчлалын корпорацийн захирал болон удирдах зөвлөлийн гишүүддээ сонголоо. Уг хуралд МЗХ-ны удирдлагын хороог тэргүүлж дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, Хариуцлагын хороон дарга М.Эрдэнэжаргал, УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат болоод Залуучуудын аялал жуулчлалын корпорацид орж ажиллах хүсэл зорилго нэгтэй салбар салбарын залуучууд оролцлоо.
Тус хурлаар удирдан чиглүүлэх дарга болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцсэн бөгөөд Залуучуудын аялал жуулчлалын корпорацийн захирлаар Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, удирдах зөвлөлийн гишүүдээр Ж.Нямаа, О.Долгор, Д.Ганбаяр, О.Гэрэлт-Од, Б.Мөнхдөл, Б.Эрдэмбат, Л.Санжийжамц, нарийн бичгийн даргаар Б.Уянга нар тус тус сонгогдлоо. Залуучуудын аялал жуулчлалын корпорацийн захирлаар сонгогдсон Ж.Ганзориг “Бидэнд уламжлалт сайхан Монгол ёс заншил, онгон дагшин байгаль гээд бахархах зүйл олон зүйл байна. Үүнийгээ дэлхий хэмжээнд ойлгуулъя. Дэлхийн аялал жуулчлалыг Монголдоо татаж авчиръя. Жирийн нэг малчнаас авахуулаад, бүхий л салбарын бизнесийг аялал жуулчлалаар сэргээх бүрэн боломжтой” гэдгийг онцлоод “Аялал жуулчлалын салбар бол дэлхий даяарчлагдаж буй энэ цаг үеийн хамгийн чухал салбарын нэг. Бидэнд энэ салбарт ороход олон сая төгрөгний хөрөнгө шаардлагагүй. Байгаа зүйлээ зөв ойлгуулахад л болно” гэлээ.
Уг хуррлаар зөвхөн дарга тэргүүлэгчээ сонгоод зогссонгүй өөр, өөрсдийн гэсэн онцлогтой салбар салбарын шилдэг залуучууд туршлага мэдлэг, шинэлэг санаануудаасаа хуваалцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал бодлоо солилцсон ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө.
Ийнхүү Залуучуудын Аялал Жуулчлалын корпораци байгуулагдсанаар гадаад аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэднийг татан оролцуулах, бусад орны залуучуудтай харилцан туршлага солилцох аялалыг хөгжүүлэх гээд маш олон боломжууд нээгдэж байна. Үүний хэрээр залуучуудын ажлын байр нэмэгдэх давуу талтай юм.
URL: