ДАРЬГАНГА ТҮМНИЙ “ХАНГАЙ” БАЗАР

11427164_1447117198941331_6194903249131478683_nТөрийн шагналт зохиолч Д.Маамын “Газар шороо” романы гол баатар “Хангай” Базар нь Дарьганга нутагт төрж өссөн бодит хүн бөгөөд тэрбээр хошуу тамгын газрын тахруудад мэдүүлэг өгөхдөө “Алдар нэр маань Алтаншүхэрийн Базар, адуулж дассан нутаг нутаг минь алтан Дарь овоо” гэж өчдөг байжээ. Манж ноёдын дуулгавартай зарц болж, тэдэнд мал сүрэг, газар шороогоо найр тавин өгч байсан хошуу ноёдын эсрэг тэрсэлж боссон Дарьгангын шилийн сайн эрчүүдийн хамгийн том төлөөлөгч нь “Хангай” Базар билээ. Түүний эсэргүүцлийн хэлбэр нь Манжийн хааны Сүрэгчин хошууны адуу малаас эрх дураараа тасдан авч нутаг хошууныхаа ядууст тараах байсан бөгөөд үүгээрээ тэр Дарьганга нутагт “Дархлагдсан хулгайч” гэгдэж явжээ. Ямар сайндаа л тэрбээр Сүрэгчин хошуунаас Хятад руу гаргах гэж байсан адуун сүрэг дээр ганцаараа давхиж очоод “Миний хөөсөн адууг данснаасаа хасчихаарай” гээд манж, хятадуудын нүдэн дээр адуунаас нь тасдаж хөөгөөд явчихдаг байсан гэдэг. Энэ нь нутаг орондоо дархлагдсан хулгайчийн үйлдэл мөн биз. Хориод насандаа шилийн эр болсон тэрбээр таван жилийн турш тасралтгүй адуу хөөсний эцэст “Шилийн адууг шилбүүрдэж хөөхгүй, шилбүүр хоншоороо билүүдэж явахгүй” хэмээн өөрөө өөртөө тангараг өргөөд хошуу тамгын газраас мээрэн тушаал хүртэж, засгийн албанд зүтгэж эхэлсэн ч эргээд л мөнөөх шилийн эрийн зам руугаа хальтирчихсан гэдэг. Ингэж хальтирсан нь цаанаа бас нарийн учиртай байж. Энэ тухай Дарьганга нутгийн уугуул 75 настай Т.Сундуйжав гуай “Шилийн эрийн замаас татгалзаж эхэлсэн тэрхэн үедээ “Хангай” Базар Дарьганга нутгийн “Сайхан” Сумъяа хэмээх царайлаг бүсгүйтэй учир ургуулж, улмаар тоонотой гэрт толгой холбохоор болж “Шилийн амьдралаас холдож, ширдэгний амьдралд ойртоё. Дархан эрхтэй гэрийнхээ ханыг Дарьгангын шороон дээр хатгая” гэж шийдчихээд байж. Тэгээд өдөр судар товлож байгаад “Сайхан” Сумъяагаа авахаар очтол тэдний гэрт цуутай хулгайч “Хангай” Базарыг баривчлахаар хятад, монгол хоёр хүн отож байсан гэдэг. Базар тэрхэн даруйдаа гэрийн голд дүрэлзэн асч байсан тулгыг отож байсан хоёр этгээд рүү манартал өшиглөөд гарч зугтсан гэдэг юм. Тэгээд л шилийн эрийнхээ зам руу буцаад орчихсон байгаа юм. Энэ тухай “Газар шороо” романд ч цухас гардаг. “Сайхан” Сумъяа нь Базарыг үнэхээр барьж өгөх гэж гэртээ хүн орогнуулсан уу, эсвэл түүнийг засаг ноёд нь эрхшээлдээ авч “Базарыг бидэнд барьж өг” гэж дарамталсан уу гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан “Хангай” Базарыг “Сайхан” Сумъяа гэдэг Дарьгангын цуутай сайхан хүүхэнтэй цухасхан холбогдож байсныг манай нутгийн хөгшчүүд барим тавим ярьдаг байлаа” гэж өгүүлсэн юм. “Хангай” Базарын жинхэнэ гэргий нь “Газар шороо” романд Бадам гэдэг хүүхний дүрээр гардаг. Дээхэн үеийн Дарьгангын хөгшчүүл Бадам гэдэг нэрийг уран зохиолын нэр биш, “Хангай” Базарын заяаны хань болж явсан бүсгүйн жинхэнэ нэр нь гэж ярьдаг байж. Хэрвээ зохиолч Д.Маам агсан эдүгээ амь мэнд байсан бол Бадам хүүхний тухай баттай хариу өгөх байсан болов уу. Бадам хүүхний уран зохиолд мөнхөрсөн дүрээс “Хангай” Базар” гэдэг хүний дүр төрх аяндаа тодроод ирдэг. Жишээ нь “…Бадам хүүхэн өл залгах бадрын аянд эр нөхрийнхөө тухай бодолтой цуг гарчээ. Эрдэнэт хүний биед ухаан бодол хэмээх гайхамшигийн ид шид заяасан нь юутай сайхан гэж Бадам бодож явна. Базарынхаа намуухан хэрнээ тод хардаг бор нүд, хангай нэрэндээ зохисон чилгэр сайхан бие, ханхар цээж, духны нь хоёр талаар түрж орсон халзан, монгол хүнд арай өндөрдүү гэмээр сүрхий зохисон шулуун хамар. Унахад түшээд босгодог, унтчихад нь сэрээгээд босгодог, уйлаад суучихад нь аргадаад босгодог саруул сайхан ухаан, үнэн халуун халамж, гал цог шиг хайр сэтгэл энэ бүхнийг Бадам хүсч, үгүйлж явав. Ижил ханийн ирэх сайхан, явах хэцүү байдаг билээ. Хөөр баяр, хайр сэтгэл, алиалан шогчлох үг яриа, амраглан тэврэх халуун гар, итгэн мишээх уяхан харц, инээн байж үнсэх уруул, ер нь юу Бадамд хэрэгтэй, тэр бүхнийг аваад ирнэ. Явахдаа тэр бүхнийг аваад явчихна. Үнэн ханиа ирэхэд Бадам үдийн нарыг тэвэрсэн юм шиг болно. Үнэн ханийгаа явчихаар үдшийн бүрийд төөрсөн юм шиг болно. Уруул нь яльгүй өмөлзсөнөө болор тунгалаг нулимс нүдийг нь бүрхэж хүүхэн зогсов. Амьдралын атганд базуулан уланд дэвсүүлж цагаан байснаа хар болтол хиртэж, цаас адил түм дахин нухчигдавч бөхийснөө бөхийлөө гэлгүй явж, зүдэрсэнээ зүдэрлээ гэлгүй хийж, амьдралд суутал нудруулбал суугаагаараа мацаж, амьдралд унатал түлхүүлбэл хэвтээгээрээ мөлхөж, эрхийн чинээ хоёр хүүгээ өлсгөвч өлбөрүүлэлгүй, цангаавч харангасаалгүй өдий болгосон ганц бие энэ хүүхэнд зовлонгоо нимгэлэн уйлах завтай цаг одоо бодох нь ээ олддоггүй байжээ…” хэмээн бичсэн нь буй. Энд хоёр хүүхдийн тухай өгүүлсэн байх бөгөөд Дарьгангын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол “Хангай” Базар нь Саарай, Санзай хэмээх хоёр хүүтэй, Гүнсмаа гэдэг охинтой байсан бөгөөд Санзай, Гүнсмаа хоёр нь саяхан болтол нутаг усандаа сайн сайхан амьдарч байгаад насан өөд болцгоожээ. Харин “Хавчиг” Саарай нь эцгийнхээ шийрийг хатаах маягаар шилийн эрийн замаар замнаж яваад эр дунд насандаа сураггүй болжээ. “Газар шороо” романд өгүүлсэнээр бол Бадам хүүхний хоёр хүүхдийн нэг нь өлбөрч үхдэг. Тэгээд үлдсэн хүүхэд нь Галдан гэдэг нэртэйгээр Ардын хувьсгалд оролцож жанжин Д.Сүхбаатартай хамт гамин, цагаантануудын эсрэг мөр зэрэгцэн тулалддаг. Мөн “Хангай” Базар ч Ардын хувьсгалыг үзээд зогсохгүй өөрөө цэрэг удирдан дайсны эсрэг тэмцдэг билээ. Энэ нь соц реализм үнэртүүлсэн цэвэр зохиомж бөгөөд хэрвээ зохиолч ийм үйл явдал оруулалгүйгээр “Хангай” Базар болон түүний хүү “Хавчиг” Саарайг шилийн хулгайч чигээр нь романаа төгсгөж гэмээнэ дал, наяад оны хэт үзэл сурталжсан коммунистууд “Газар шороо” романыг элдвээр гоочлоод хэвлэхгүй байх байсан биз. Соц нийгмийн үед ингэж “хүчиндүүлсэн” сайхан сайхан зохиолын баатар мянга мянгаараа төрөн гарч байлаа. Дарьганга нутагт олон арван дуу, шүлгэнд мөнхөрч үлдсэн шилийн эр гэвэл “Торой” Банди билээ. Үүн лүгээ “Хангай” Базарын тухай дуу, шүлэг Дарьганга нутагт бас үлджээ. Жишээ нь,
“Ганган хар мориороо
Гансраа нь үгүй яваарай
Ганга л сүргийн Базар чи
Гандал үгүй яваад ирээрэй
Манарч байгаа шилийг
Маргааш яаж туулна даа чи
Магадын амраг чамайгаа
Мартагнуулж яаж үднэ дээ би
Эр хүний жаргалыг
Эзгүй хээр гэх юм чи
Эзгүй хээр чамтай минь
Элдэв муу юм учрах вий” хэмээсэн эмэгтэй хүний захиас үг бүхий энэхүү дуу дээхэн үед Дарьганга нутагт дуулагддаг байжээ. Шилийн сайн эрийн хажуугаар Дарьгангын сайн бөх гэгдэж явсан “Хангай” Базар нутгийнхаа засаг ноёдыг яг л хүүхэд загнаж байгаа юм шиг зандардаг, хошуу тамгын газрын “Хар гэр” нэртэй шоронг юман чинээ тоодоггүй, цоож цуурга, хаалга туургыг нь эвдэж хэмхлээд, эсвэл хар гэрийг нь дотроос нь өргөж чулуудчихаад арилж өгдөг байсан гэдэг. Энэ тухай зохиолч Д.Маам агсан өгүүлэхдээ “Базарыг сэрэхэд толгой нь дүүрчихсэн хамаг бие нь чичрээд, хонгоны арьс нь таталдан хорсч байв. “Аа би чинь баригдаж, Авга да вангийнд хүргэгдсэн л дээ” гэж дотроо бодлоо. Бул чулуу зүүчихсэн юм шиг хүндэрсэн толгойгоо өргөвөл нүд нь бүрэлзээд юм харж чадсангүй. Хэдэн хормын дараа муу гэрээсээ арай томхон хар гэрт гартаа гавтай, хөлдөө гинжтэй хэвтэж байгаагаа ойлгов. “Хай эцэг чинь шорон юу байхав дээ, үлээхэд хийсмээр эмтэрхий модон аяга шиг эд юм. Манжийн хаан ер нь ямар харамч бирд вэ. Цөөхөн лан мөнгө зараад энэ хошуудад олигтойхон шорон байгуулчихгүй. Сайн шоронгоос сайн эр төрөх ёстой” гэж бодсоноо шоронг аягатай зүйрлэснээс болж учиргүй цангаж байгаагаа мэдэрчээ” гэх буюу нутгийнхаа хошуу ноёнд хандаж “Дарьгангын хулгайч нар хошуу хульжиж, аймаг алгасч чам шиг тарган баяд, тамга яам, хурал жасын хөрөнгөнөөс хураан авч өнчин өрөөсөн, өтгөс ядууст өгч байснаараа энэ хошууг чинь муу нэрэнд дуулгаагүй юм. Өвөрлөгч 49 хошуу, Хөх нуурын дээд монгол, Ар халх, баатар Өөлдийн хязгаарт энэ Дарьгангыг чинь шилийн сайн эрчүүд л алдаршуулсан юм шүү. Засагт ханы нутгаас сайн эр болох гэж манай Шилийн богдод эрчүүл хүрдэгийг чи мэдэх үү. Сономдовдон чамаас хэрэгтэй юм сурах гэж Засагт ханаас байтугай зам гудсаас хүн ирж байхыг би хараагүй. Бид хүний төлөө хулгай хийж баригдаад Манжийн хар ташуурт хонгоныхоо махыг хичнээн уруулавч ядууст улам хайртай болж явсан. Харин чи яаж байна. Манжийн хааны мөрөн дээгүүрээ шидэж өгсөн баастай тамгыг цустай болтол нь булаалдаж, Дарьгангын ноёд дийлсэн дийлсэнийгээ алж байна гэж хошуу хульжааж, аймаг алгасуулж, гүрэн гүйлгэж цуу тараалаа. Чи хувиа бодож хойшоо урагшаагаа хоёр гурван хоногийн газар байгаа энэ хошууны нэр нүүрээр ингэж тоглов” гэх зэргээр нүүрийг нь улалзтал зандардаг. Тэрбээр хошуу тамгын газрын харгис тахаруудад хандаж “Монгол эрийн чөмөгний цус та нарын нус биш шүү” гэж сануулдаг байжээ. “Хангай” Базар Манжийн хааны Сүрэгчин хошуунаас адуу хулуулж Сансрайдоржийн хошуу руу оруулахаас гадна Өвөрлөгч хошууд болох Авга засгийн хошуу, Авхнар бээлийн хошуу, Авга да вангийн хошуу, Шилийн голын чуулган, баруун, зүүн Сөнөд зэргээс адуу хөөж Дарьгангын нутаг руу оруулж ирдэг байж. Өвөрлөгчийн бараг хошуу болгонд “Базарын уутач” гэж байсан бөгөөд энэ нь түүний Манжийн хааны сүргээс хулуулж ирсэн адууг нааш нь цааш нь болгодог хүмүүс юмсанж. “Хангай” Базар хамгийн сүүлд нэгэн урвагч “Уутач”-аас болж Авга да вангийн хошууны хар гэрт хоригдож, есөн эрүү тулгагдаж байсан гэдэг. “Годил шар толгойт”-ын уутач Батаа гэгч тэрхүү урвагч нь Авга да вангийн дотны түнш байж. Д.Маамын “Газар шороо” романд шилийн сайн эр “Хангай” Базар Манжийн харгис есөн эрүүг даваад гарч байгаа тухай гардаг билээ. Өнөө цагийн уншигчдад зориулж одоогоос дөч гаруй жилийн тэртээ бичигдэж байсан тэрхүү “Есөн эрүү”-нээс товчлон сийрүүлье.
“…Тугалын хороо гэлтэй намхан нарсан хашлаганаас “Хангай” Базарыг чирч гулдарсаар гаргаж ирэв. Тэрбээр нарны гэрэл, сэрүүн агаар хоёрт цохиулж ухаан алдан үгдэсхийн унажээ. Хэдэн хормын дараа сэргэж ангас ангас хийж байгаа толгойгоо хоёр гараараа базалсаар нүдээ нээсэнд цээжин бие нь нил нойтон болчихсон байлаа. “Аа, намайг ус хийж сэргээж шүү. Тийм их хэрэг болоо юм байх даа. Бас нэг шинэ дөрөө сэдэх нь үү. Сансрайдоржийн хошууны явдлыг мэдчихээгүй л бол яамай” гэж дотроо арзагануулан боджээ. Зандалчин эр, хялар манаач хоёр Базарыг сугадаж босгоод, чирч гулдарсаар хэд алхсан нь морины уяа гэтэл арай ойрхон зоосон хоёр шон модны дэргэд хүрч ирэв.”За тэсч үзээрэй. Ес дэх эрүү чинь шүү!” гэж хялар эелдэгхэн шивнээд буцсанд зандалчин “Дарьгангын хулгайч түргэлз үзээ! Гэрт хэдэн хүүхэд хүлээж байгаа. Чамайг бушуухан дүүжилж орхиод явах минь” гэв. “Чи үртэй хүн юмуу” гэж Базарыг хэлсэнд цаадах нь цочсон буюу сэжиглэсэн харцаар харж “Би арван гурван хүүхдийн эцэг” гэв. “Чи харихдаа гараа сайн угааж харьж бай! Чамд хүүхдүүдээ тэжээх өөр арга олдохгүй байна уу?” гэсэнд “Дуугаа тат” гээд баруун гарынхаа эрчээр хүзүүн дундуур нь буулгатал Базар том биеэрээ найгасхийснээ өнхрөөд явчихав. Гэвч ухаан алдсангүй. Нэг юм тэнцэж ядан босоод харсан чинь цаадах нь алцайн зогсоод уурандаа багтран амьсгаадаж “Би ямараар ч гэлээ үр хүүхдээ тэжээж байна. Харин чи бол зовоож байна. Чамайг долоон хошууны дунд аагаа багтаан явахад үр хүүхэд чинь үхэж дуусч байгаа даа. Бушуу явж дүүжинд ор” гэхэд Базар аль ч эрүүнд үрчийгээгүйгээ үрчийж билээ. Мах арьсыг нь зулгаадаг тэр зандалчны үг зүрхэнд нь тусах увидастай байв. Базарын бие нүсэр хүнд тул дүүжинд их зовжээ. Гурван хятад туйпуу давхарлан тавьж дээр нь зогсоогоод хоёр шонгийн хооронд тэрэгний гол шиг нарийн төмрөөс хоёр гарыг нь баглаж, дээд талын туйпууг сугалж хаяад зандалчинг явснаас хойш Базар Авга да вангийн Содномпил гэдэг багачуултай хоёр өдөр дүүжинд ганхав. Гангийн халуун нар шатааж алах шахна. Ялаа батгана шарх сорвийг нь иднэ. “Үхэж үү, нүдийг нь ухах минь” гэсэн элээ хөлхөх хүмүүсийн чөлөө олж дээгүүр нь эргэлдэнэ. Эмс авгайчуул гаслалдан өнгөрнө. Хүүхдүүд гайхан гөлөрнө. Шингэн нь савирч, ширэгдэггүй хөлс нь урсана. Тооловч эс барагдах түмэн гасланд тоотой тэр хоёрхон өдөр Базар бишгүйдээ нуруугаа бөхийлгөж байлаа. Харин Содномпилийг харж “Энэ мөн сайн хүү еэ дээ” хэмээн дотроо дэвтээж, хүний үрийг уруу татахгүйн тулд, бас аман хайландаа хүрч орь дуу тавихгүйсэн гэхдээ хөмхийгээ зуун амьсгаадаж хоёр өдрийг барахчаан болжээ. “Ер яана даа. Алдыг нь аваад дэлэм дээр, атгыг нь аваад чимэх дээр, одоо л үхэх юм байх даа. Ухаан балартаад байх чинь” хэмээн түүнийг бодтол өмнүүр нь нэг муу нохой газар шиншлэн гүйснээ юу юугүй явж ирээд салбарч урагдсан өмдний нь завсраар цухуйх цус нөж нь садран урсч, идээ бээр цуван буй өгзөгний нь махнаас өмлөж байна уу даа гэлтэй долоож эхэлжээ. Дуугарах гэсэн чинь дуу нь гарсангүй. Хөлөө хөдөлгөж үргээх гэвэл ер хөлгүй юм шиг болоод мод шиг дэрийсэн хоёр муу өвдөг нь хонгоороо эс нугарлаа. Содномпил хажуунаас нь “Хөөе яв. Явахгүй юу чи, холд” гэж зандарсанд нохой тоосон янзгүй, холдсон ч үгүй, Содномпилийн бие амьд төдий үхдэл болохыг мэдэж, урт хэлээрээ хамраа шилэмдэн ахин долоосноо шүдээ ярзайлган нэгэнтээ эвшээгээд, Базарын гуяны шархан дээрээс хавхийн зуужээ. “Ээ харла, амьдаар минь намайг нохой зулгааж байна” гэж Базар бодоод ухаан алдчихав. Тэр золбин нохой гэрээдээ түр одсон манаач хялар авгыг чингэж чөлөөдсөн хэрэг буй. Хялар ханцуйнаасаа лонхтой ус гаргаж хоёр завьжаа түмбийлгэн амаа дүүргээд Базарын харласан нүүр рүү хүчтэй нь аргагүй тургисанд цаадах нь нэг муу юм сэргэхчээ боллоо. “Базаар хө, чи чинь Дарьгангын “Хангай” хочит шилийн сайн эр шүү. Энэ хоёр модны хооронд танай чигээс хүн үхэж гэж дуулаагүй юм байна” гэж хэлээд хялар манаач Содномпилийг чиглэн алхав. Саяын тэр үг шидэт үг байсан юм. Базарын дотор онгойгоод явчихав. Үнэн худлаа хэлж, шилбүүр хоншоорондоо агдан, ноёд баяд нараас зарга авч сайн эрийн нэгэнд бүртгэгдэж асан Базар үхэхийн босгон дээр ийнхүү үгээр түшүүлэн өндийх юм гэдгээ огт зүүдэлсэнгүй явжээ. Базар шоронгоос дөрвөн хөл дээрээ хөөгдөн гараад мөлхөө суугаагийн хооронд явж Жадамбаа хэмээх нөгөө хялар эрийнд хүрчээ. Тэгээд баруунтайгуур нь хөм гудасхан хаяулаад үг маггүй унаад өгөв. Дарьганга хэмээх тэнгэрийн хаяан дахь холын хошууны хөвөө, хүүхэд шуухадгүй үүд онголзуулаад эхний хоёр өдөр баахан тойвтой байлаа. Гэвч жил хагасын хар тамнаас амьд салаад шархиран өвдөх долоон зовлогоо урагдаж шалбарсан хул чисчүү тэрлэгэндээ далдлаад шуухитнан хэвтээ Базар ус уух хувь тавиландаа баярласаар авай. Базарын бие Авхнар бээлийн шоронгоос “Доль хангай” гэгдэх хялар Жадамбаагийнд гарч ирсэнээр ховор олддог хар ус нь мөн л ховорхон олддог хар цайгаар солигдсоноос өөр хоолны хувьд гавьтай өөрчлөлт гарсангүй. Ингэсээр бүтэн сарыг элээхэд шарх нь эгээ л нэг юм өтхөөргүй болж, шархиралт өвдөлт нь намдан халуун нь бууж, хөл дээрээ нэг муу юм бэмбэгнэн явах төдий болжээ…”
“Хангай” Базар гэгч ийм нэгэн бодит хүмүүн “Газар шороо” романд дүрээ мөнхөлсөн юм. Базарын хүү “Хавчиг” Саарай мөн л өвөрлөгч хошуудыг нэвт шувт “нүхэлчихсэн” шилийн эр байсан бөгөөд ямар сайндаа л тэрбээр Ардын хувьсгалын журамт цэргүүдээс зугтсан цагаантаны дүрвэгчдийг Дарьганга нутгаар дайруулалгүйгээр цөлөөр газарчлаад урагш нь хил давуулж байжээ. Харамсалтай нь тэр өөрөө өвөрлөгч нутгаас иргэж ирээгүй гэдэг. Удам дамжсан шилийн эр “Хавчиг” Саарай нь эцэг шигээ ихээхэн бяр чадалтай, хошуу, даншиг наадамд хааяа барилддаг бөх хүн байж. Тэрбээр Дарьганга нутгийн “Тохой хар” гэдэг газар голдуу өвөлждөг байжээ. Тогоо дүүрэн хонины махыг галын хайчаар доогуур нь тулаад ганц гараараа гаргадаг, бодын чөмгийг хуга мушгидаг, бүтэн хонины мах идчихдэг, тэр хэрээрээ их унтдаг хүн байсан гэдэг. “Хавчиг” Саарай хошууныхаа наадамд олон удаа түрүүлж байсан бөгөөд дүү нар нь түүнийг “Лам ах” гэж авгайлдаг байж. Тэрбээр ид шажигнаж явах үедээ өвөрлөгч хошууны нэгэн хот айлд очжээ. Энд нэг залуу нас гүйцсэн эр үхрийн ширээр сур хийхээр үсийг нь авч байсан бөгөөд тэр шир нь цоохор үхрийн шир байж. Тиймээс “Хавчиг” Саарай “Цоохор үхрийн шир хэврэг байдаг юм. Цоохроороо урагдчихдаг юм” гэхэд гэрийн эзэн “Та тэгвэл урчих л даа” гэсэн байна. “Хавчиг” Саарай тэрхүү нойтон ширийг хуруугаараа өлгөж аваад цоохортой хэсгээр нь түвэггүй ураад хаячихаж байсан гэдэг. Тэрбээр нэг үе лам болж энэ тэнүүгээр бадар барьдаг байсан бөгөөд нэг удаа дүн өвлийн цаснаар Өвөр Монголын Сөнөд хошууны эзгүй цөлөөр явж байгаад нэг айлд очсон байна. Тэр айл нь адууны оторчид байж Төдөлгүй Саарай газар заалгаж аваад явах гэхэд гэрийн эзэн “Манай энд айл амьтангүй. Эзгүй цөл газар. Ганцаараа яваа хүнийг чоно нохой дагадаг юм. Хоноод яв” хэмээжээ. Гэвч “Хавчиг” Саарай үгэнд нь оролгүй гараад алхчихаж. Төдөлгүй харуй бүрий болж түүнийг долоон чоно дагаж, өмнө хойно нь хоргоож байсаар гэв гэнэт дайрцгаасан байна. Энэ үед “Хавчиг” Саарай тулж явсан саваа модоороо хоёр чоныг нь цохиж алаад бусадтай нь улаан гараараа ноцолдож, сүүлдээ хариугүй тамир нь тасраад ухаан алдан унажээ. Үүр цайх үед мөнөөх оторчин айлын хаалгыг нэг хүн хүчтэй угзарч түгжээг нь мултлан орж ирээд сөхөрч унасан нь “Хавчиг” Саарай байх нь тэр. Түүний хувцас хунар, гар хуруу нил цус болсон байхыг гэрийн эзэн хараад асарч тойлон хэвтүүлжээ. Адууны оторчид түүнээс юу болсон тухай асуухад “Ямар ч гэсэн саваа модоороо хоёр чоно цохиж алсан. Бусадтай нь тамираа тасартал ноцолдсон. Яасан ийснийг бүү мэд” хэмээжээ. Адуучид тэр даруйдаа түүний мөрөөр хөөж мөшгихөд хоёр чоно цохиж алаад саваа мод нь хугарсан, үлдсэн таван чоныг гараараа тасар татаад хаячихсан байсан гэдэг.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Зургийн тайлбар: Авъяаслаг зураач Ч.Цогбаяр “Дарьганга түмний “Хангай” Базар” хэмээх хөрөг найруулалд маань зориулж энэхүү зургийг урласан болно. Жич. Зарим хүн энэхүү зургийг фейсбүүкийнхээ нүүр зурганд ашигласан байдаг билээ.


URL:

Сэтгэгдэл бичих