Бүс нутгийн Хүний эрхийн байгууллагууд чуулж байна
Өнөөдөр Улаанбаатар Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган (АНДЧ)-ы ээлжит 20 дугаар хурал хотноо эхэллээ.
Энэхүү хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд бүс нутагт хүний эрхийн тулгамдсан асуудал, тэдгээрийн нөхцөл шалтгаан, үндэстэн бүрийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын туршлагыг хэлэлцдэг билээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 оноос хойш АНДЧ-ны бүрэн эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна. АНДЧ-ны гишүүнчлэлтэй байснаар Хүний эрхийн Үндэсний байгууллагын хувьд хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чадавх бүс нутгийн түвшинд хүртэл бэхжихэд ихээхэн чухал үүрэгтэй. Тус хурлыг зохион байгуулснаар Монгол Улс 2015 оноос 2017 он хүртэл АНДЧ-ыг тэргүүлэн ажиллах эрхтэй болох юм.
Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч болон Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороог төлөөлөн нийт 160 орчим зочид төлөөлөгч оролцож байна.
Хуралдаан өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллагын чадавх, хүний эрхийг хамгаалагчдын өмнө тулгамдсан асуудал, эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэх аж.
Чуулганы өнөөдрийн хуралдаан хаалттай горимоор эхэлсэн бөгөөд 14.00 цагт хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй болох юм. Харин маргааш буюу энэ сарын 27-нд хаалттай дэгээр хуралдана.
URL: