Хөгжил төвийн хүүхдүүд компьютертэй болохыг хүсдэг

“…Далавчийг минь таслах бус харин ч нисэхэд минь тусалдагт тань баярлалаа аав аа, ээж ээ. Үргэлж үнэнийг хэлж, тэвчээртэй байхыг зааж сургадагт тань баярлалаа. Энэ шагналыг хүртсэн хамгийн залуу хүн, анхны Пакистаны иргэн, анхны Паштун болсноороо би үнэхээр их бахархаж байна. …Энэ шагнал зөвхөн минийх биш. Энэ бол сурч боловсрохыг хүсч буй мартагдсан хүүхдүүдийнх. …Энэ бол өөрчлөлтийг хүсч байгаа ч үгээ хэлэх эрхгүй хүүхдүүдийнх. Тэдний дуу хоолойг хүргэж, тэдний эрхийн төлөө тэмцэхийн тулд би энд зогсож байна” хэмээн дэлхийн олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн ийм нэгэн илтгэлийг хамгийн залуу нобельтон, Пакистаны 17 настай Малала охин  шагнал гардуулах ёслол дээр хэлсэн юм. Тэрээр охидын сурах эрхийн төлөөх зоригтой тэмцэж, дээрх шагналын эзэн болсон юм. Тэгвэл бид ч бас энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй ч сурч боловсрохын төлөө бүхнээ дайчилж буй  бяцхан хүүхдүүдийн дуу хоолойг хүргэхээр Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг зорьсон юм.8-26-8_700x700О.Батзаяа одоо наймдугаар ангид сурдаг. Тэрээр дүүтэйгээ хамт зураг зурах, хичээл хийх, дуу шүлэг унших дуртай гэв.

БАГАЧУУДЫН БҮТЭЭЛЭЭР СУРГАЛТЫН ТӨВӨӨ ГОЁЖЭЭ 

“Хүүхэд хөгжил” төвийн үүдээр орвол  цэцэрлэгт зочилж буй мэт сэтгэгдэл төрөх ажээ. “Ухаан далай номоос эхтэй”, “Уншиж, бичиж сурцгаая” гэх мэт өнгө алагласан ханын бичээс багачуудыг эрдэм номд уриалан дуудах аж. Мөн хичээл зүтгэл сайтай багш нарын эрвийх, дэрвийхээрээ тохижуулсан сургалтын тэнхим, гарын уртай багачуудын гоёмсог бүтээл  тус төвд зочилсон хүн бүрийн анхаарлыг татах аж.

Хөгжил төвийн хамт олон “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамт­ран хөгжлийн бэрх­­шээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хүсэл сонирхол, нас биеийн онцлогт тохирсон сургал­тыг зохион байгуулж, тэдэнд боловсрол олгох, амьдрах ухаанд сургахад чиглэгдсэн олон үйл ажиллагааг явуулж байна. “Өнгөрсөн хичээлийн жилд  бид 20 хүүхдийг шинээр элсүүлсэн. Одоо­гоор нийт 85 хүүхэдтэй, дөрвөн багштай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Хичээлийн жилийн төгсгөлд бид  хүүхдүүдийнхээ сурсан мэдсэн зүйлээр үзэсгэлэн гаргаж, эцэг эхдээ тайлагнасан. Мөн дүүргээс зохиогдож буй уралдаан тэмцээнд хүүхдүүд маань амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн” гэдгийг тус төвийн дарга Д.Ганбаатар хэлж байв.

ГЭРТЭЭ СУРГАЛТАД ХАМРАГДДАГ 41 ХҮҮХЭД БИЙ

Г.Цэндмаа энэ төвд явснаар гар урлалд суралцан оёдол, хатгамал, эсгий урлалаар олон сайхан бүтээл хийж сурчээ.

Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв 2013 онд анх байгуулагджээ.  Сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийн зарим нь тус төвийг байгуулагдсан цагаас эхлэн сонирхсон дугуйландаа явж эхэлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр бүл нь ихэвчлэн амьдралын дунджаас доогуур орлоготой учир хүүхдүүдээ тэр бүр сургууль, цэцэрлэгт хамруулж чаддаггүй. Үүнээс болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дийлэнх нь гэртээ хэн нэгний асаргаанд сургууль, цэцэрлэгийн орчноос хол хөндий, шоовдорлогдсон байдалтай өсдөг гэдгийг тус төвийн багш нар хэлж байв. Харин тус төвд төрөл бүрийн дугуйлан хичээллэх болсноор эдгээр хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, хэл яриа, бичгийн чадварыг хөгжүүлэх боломжтой болсныг эцэг, эхчүүд ч хэлж байсан. Тус төвд  гэрээр ажиллах шаардлагатай 40 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Эдгээр хүүхдэд багш нар нь гэрээр нь очиж хичээл заадаг. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл авдаг. Хүүхдүүд нь ч гэрийнхээ даалгаврыг хийчихээд, багшийгаа ирэхыг хүлээн суудаг гэдгийг тус төвийнхөн хэлж байсан. Тухайлбал, тус төвд “Эх хэл эрдмийн түлхүүр” дугуйланг  Ч.Батхуяг багш удирдан явуулдаг юм байна. Энэ дугуйланд  хэл яриа бичгийн чадварыг хөгжүүлэх шаардлагатай 19 хүүхэд хамрагддаг ажээ. Харин цаасан урлалын дугуйланд 21 хүүхэд хамрагддаг аж. Хүүхэд бүр  “Миний байшин”, “Миний машин”, “Өвөл”, “Хавар”, “Зун” гэх мэт сэдвийн хүрээнд цаасан наамал хийж, олон төрлийн цэцэг, бэлэг дурсгалын зүйл хийж,  ангиа тохижуулжээ.

ТЭД ГАР УТАС, ИНТЕРНЭТИЙГ ТӨВӨГГҮЙ ЭЗЭМШЖЭЭ

“Хөгжил” төвийн үүдээр ороход гарын уртай багачуудын гоёмсог бүтээл анхаарал татна.

 

НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид “Аль ч улс орон нь, сэтгэцийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч, тэдний нийгэмд эзлэх байр суурийг нь баталгаажуулж, идэвхжүүлж байх нөхцөлийг бүрэн хангахыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж тунхаглан заасан байдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн амьдралд бүрэн, адил тэгш оролцуулах ёстой гэсэн үг юм.  Манай улс ч энэ үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гишүүн орнуудын нэг. Тиймээс  төр, засгийн энэ бодлого шийдвэрийн дагуу  НҮБ-ын Хүүхдийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд тэгш хамруулах, тэднийг нийгэмшүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Биднийг очиход төсөлд хамрагдаж буй хүүхдүүдийн төлөөлөл, эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн байв.

Өнгөрсөн хавар Хан-Уул дүүргийн 63 дугаар  сургуулийн есдүгээр ангийг төгссөн Г.Цэндмаа охин тус төвийн авьяаслаг сурагчдын нэг. Тэрээр сургуулиа төгсөөд дахин суралцахыг хүссэн ч  хөгжлийн бэрхшээлтэй гэсэн “тодотгол”-оосоо болж, хүссэн сургуульдаа орж чадаагүй байна. Тэгээд гэрийнхэн нь түүнд  “Хүүхэд хөгжлийн төв”-д суралцахыг санал болгожээ.

Г.Цэндмаа энэ төвд явснаар гар урлалд суралцан оёдол, хатгамал, эсгий урлалаар олон сайхан бүтээл хийж, өөрөө өөртөө итгэх итгэлийг олж, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвартай болжээ.  Тэрээр “Би англи хэл, компьютерийн хичээлд илүү их сонирхолтой. Цаашид үргэлжлүүлэн суралцана гэж боддог. Би өмнө нь энгийн сургуульд сурч байсан. Зүүн гар маань муу болохоор хурдан бичиж чадахгүй, өвддөг.  Үүнээсээ болоод хичээлээ дийлэхгүй байна гээд тусгай сургалттай 63 дугаар сургуульд шилжсэн. Гэсэн ч би өөрийгөө дайчлан бусадтай адилхан суралцахыг хүсдэг” гэв. Харин түүнийг гар утас, интернэт, фэйсбүүк зэргийг төвөггүйхэн эзэмшсэн гэдгийг ээж нь хэлж байв. Бидний танилцсан дараагийн охин бол О.Батзаяа.  Тэрээр дүүтэйгээ, ээжтэйгээ хамт хүрэлцэн ирсэн байв.

О.Батзаяа 12 настай, 63 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч. Дүүтэйгээ хамт зураг зурах, хичээл хийх, дуу шүлэг унших дуртай гэж байв. “Манай охин ярьж, бичихдээ муу ч хэлсэн, ярьсан бүх зүйлийг их сайн ойлгодог. Гар муутай учир юм бичихдээ тааруухан. Гэ­сэн ч компьютер дээр юм хийх сонирхолтой. Охиноо энгийн ангид оруу­лах гэж хөөцөлдсөн ч бүтээгүй. Манайхан хөгж­лийн бэрхшээлтэй хүүх­дүүдийг жирийн хүүх­дүүдтэй хамт сургах тал дээр хойрго ханддаг. Санаа­гаар болдог бол тус­гай сургуулиудыг ком­пьютертэй болгож, хөгж­лийн бэрхшээлтэй хүүхдүүдээ багштай нь харил­цах аргыг улам хял­бар­шуулж өгмөөр бай­на” гэдгийг ээж Б.Насанжаргал нь хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих