“Эрдэнэс Таван толгой” хар алтны зах зээлээс 9 тэрбумын ашиг олжээ

2216БНХАУ-д коксжих нүүрсний ханш уналттай байгаа ч “Эрдэнэс Таван Толгой” компани энэ оны эхний хагас жилд есөнорчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Үйл ажиллагааны зардлаа өнгөрсөн жилээс хоёр дахин бууруулсан нь ашигтай ажиллахад нь нөлөөлсөн байна. Энэ оны хагас жилийн тайлангаас харвал тус компанийн орлого жилийн өмнөхөөсөө 38 орчим хувиар буурч, 154.7 тэрбум төгрөг болсон байна. Харин зардал нь 115.3 тэрбум төгрөгөөр хэмжигджээ.

Өнгөрсөн оны мөн үед тус компани 49.3 тэрбум төгрөгийн цэвэр алдагдал, 250 орчим тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж байжээ. Өнгөрсөн оны эхний хагаст Зүүн болон Баруун Цанхид олборлолт зэрэг явагдаж байсан ч өндөр зардалтай Зүүн Цанхийн олборлолтыг “Эрдэнэс Таван Толгой” компани наймдугаар сараас зогсоосон байна. Үүнээс гадна зардлаа бууруулах бусад арга хэмжээг авч байгаа талаар тус компаниас мэдээлж байсан юм. Харин энэ оны зургадугаар сард Зүүн Цанхийн олборлогч “MacMahon” Монгол дахь бизнесээ 62 сая ам.доллараар худалдах болсон талаараа мэдээлсэн байна.

Ингэснээр гэрээний бүх эрх, үүрэг худалдан авагч талд шилжиж байгаа аж. 2011 онд гэрээ байгуулахдаа 500 сая ам.долларын үнэлгээтэй гэрээ байгуулж байгаа талаар “MacMahon” компани онцолж байжээ. Олборлолтын зардлаас гадна Зүүн Цанхийн нүүрсийг “Chalco”-д зах зээлийн ханшаас доогуур үнээр нийлүүлэх гэрээг Монгол Улсын Засгийн газар байгуулсан байдаг ч өнгөрсөн оноос “Chalco”-ийн нийлүүлэлт зогсоод байгаа юм. Харин зах зээлд нийлүүлдэг Баруун Цанхийн уурхайд үндэсний “Хишиг Арвин” компани “MacMahon” компаниас бага зардлаар олборлолт явуулж байна. Баруун Цанхийн борлуулалтын ачаар “Эрдэнэс Таван Толгой” компани энэ оноос коксжих нүүрсний экспортоор улсад тэргүүлж эхлээд байгаа юм.

 

Ж.ЧИМЭГ

builder.mn


URL:

Сэтгэгдэл бичих