Сурвалжлага: Дарга нар хогны уутаа болиод цэцэрлэг барих хэрэгтэй байна

144038402355da8417e1b65

Улаанбаатар хотын цэцэрлэгүүд өнөөдрөөс хүүхдүүддээ бүртгэж эхэллээ. Бүртгэл энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 116 мянга 500 хүүхэд байгаагийн 78 хувь буюу 90 мянга орчмыг нь энэ жил улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтой гэж албаныхан мэдээлсэн. Үлдсэн 26500 хүүхэд нь цэцэрлэггүй үлдэн гэсэн үг. Энэ асуудал жил бүрийн намар яригддаг. Тиймээс хүүхддээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэгүүдийн үүдэнд хонон өнжин дугаарладаг нь жам болж хувираад олон оныг ардаа үдсэн. Энэ жил ч дээрх дүр зураг давтагдаж, дөнгөж наймдугаар сар гарахтай зэрэгцээд л эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүдийг сахиж эхэлсэн. Зарим эцэг, эхчүүд нь олон хоног нойргүй хонож дугаарлачихаад хүүхдээ оруулж чадалгүй үлддэг. Тиймээс цэцэрлэгийн бүртгэл эхлэхтэй зэрэгцэж нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллахаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 16-р цэцэрлэгийг зорьсон юм.

Биднийг өглөөний 09.30 цагийн үед очиход 20 гаруй хүн цэцэрлэгийн гадна дугаарлан зогсч байлаа. Хүмүүс дайрахаас сэргийлсэн үү гаднах хаалгаа цоожлоод гурван хүн үүдэнд нь зогсож эцэг эхчүүдийг нэг нэгээр нь дотогш нь оруулж, хүүхдийг нь бүртгэж байсан юм. 16 дүгээр цэцэрлэг энэ жил ясли ангид 2 настай 35 хүүхэд, 3 настай 2 хүүхэд, 4 настай 2 хүүхэд, 5 настай 1 хүүхэд, нийтдээ 40 хүүхэд л бүртгэж байгаа аж.

Эцэг, эхчүүдийн ярьж буйгаар “Энэ хороонд цэцэрлэгийн насны хүүхэд маш олон байдаг гэтэл ердөө 35 хүүхэд бүртгэж байна. Бид хүүхдээ бүртгүүлэх гэж гурван хоногын өмнөөс дугаарлаж гурван цаг тутамд бүртгээд ээлжээр хоносон. Цэцэрлэгийн хүрэлцээ үнэхээр бага байна. Нэг хорооноос 3 настай хоёрхон хүүхэд авна гэдэг арай л хэтэрхий асуудал. Энэ дарга нар хогны уутаа болиод цэцэрлэг барих хэрэгтэй байна” гэсэн юм.

Тэнд дугаарлаж байгаа иргэдийн цөөнгүй хэд нь үүрээр ирсэн гэнэ. Зарим нь сахиж хоносон гэж байлаа. Гэвч хүүхдээ бүртгүүлж чадаагүй тухайгаа ч хэлж байлаа.

Бид эцэг, эхчүүдтэй уулзсаны дараа цэцэрлэгийн төлөөлөлүүдтэй уулзаж яриа авах гэсэн боловч “Яриа өгөх завтай хүн байхгүй, өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Нөхцөл байдал газар дээрээ нэг иймэрхүү байна. Олон эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадахгүй буцаж харагдсан. Тэдний хойно энхрий бяцхан хичнээн тооны энхрий бяцхан үрс гэртээ цоожлуулан үлдэх бол гэсэн бодол өөрийн өрхгүй өр өвтгөж байлаа. Ямартаа ч жилийн жилд асуудал болон тулгардаг цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, ирэх жилээс асуудлыг нь шийдэхгүй бол бичиг соёлт Монгол улсын үр удам анхан шатны боловсролоо авч чадахгүй нийгэмд хөл тавих дээрээ тулаад байна шүү.

Ингээд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж буй эцэг эхчүүдэд хандаж дараах мэдээллийг хүргэж байна.

Цэцэрлэгт бүртгүүлэхдээ авчрах бичиг баримт:

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт

-Хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбар /эх хувийн хамт/

- Эцэг, эхийн иргэний үнэмлэх хуулбар /эх хувийн хамт/

- Эрүүл бойжиж байгаа эсэх талаар өрхийн эмнэлгийн бичиг

- Шээс, цагаан хорхоо зэрэг эрүүл мэндийн шилжилгээ хийлгэсэн бичиг /Наймдугаар сарын 22-оос Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг дээр уг шинжилгээг авч эхэлнэ/

Т.Болор

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих