Сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Барьцаалагдсан Засгийн газрын тэргүүн нөхөн томилохоор болсон зургаан сайдаа тодруулах гэж нэг долоо хоногийг барлаа. Хэдийгээр хэнийг, ямар яамны сайдаар томилохоо Ч.Сайханбилэг сайд дангаараа шийдэж, нэрсийг нь өргөн барих эрхтэй ч бэлгэдлийн төдий болсон түүнд үнэндээ сайд нар тодруулах ажилд оролцоо байхгүй нь харагдаж байна.
Зургаан сайдаа толгой мэдэн томилох нь бүү хэл, Засгийн газраа Н.Энхбаяр тэргүүтэй эвсэлд барьцаалуулчихсан суугаа түүнийг нөхөн томилох сайд нараа толгой мэдэн оруулаад ирнэ гэж итгэхэд бэрх боллоо.
Харин гагцхүү АН-ын дарга З.Энхболд энэ Засгийн газрыг хэрхэн барьцаанаас гаргах бас хэнийг сайдад нэр дэвшүүлбэл үлдсэн багахан хугацаанд хариуцсан салбараа унагачихалгүй, хэл ам татлалгүй ажиллачих вэ гэдгийг шийдэх болчихоод байна. Хэдийгээр том зургаараа сайд нарын томилгоог Зэ мэдэж байгаа ч үүнд нөлөөлж
байгаа хүн АН-д дахиад ч бий.
Өөрөөр хэлбэл, сандал, суудлын томилгоонд тулахаараа фракци, бүлэглэлдээ барьцаалуулдаг, хоорондоо алалцдаг зан АН-ынханд хэзээнээс тогтсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч өдгөө яригдаж буй сайд нарын томилгоон дээр манай фракци, танай бүлэглэл гэх хэрүүл, хэлцэл өрнөсөөр бүтэн долоо хоногийг барьж байгаа нь энэ.
Харин эрх мэдлийн төлөөх их тэмцлийн цаана улс орны эдийн засаг уруудсаар ангал руу оочих дөхөж байгааг эдийн засагчид хэлсээр байна. Мэргэжлийн хүмүүс бүү хэл, энгийн хүний нүдээр харахад л ам.долларын ханш түүхэн дээд амжилт тогтоогоод 2000-д хүрчихлээ. Үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, валют хаданд гарна гэдэг бол урд, хойд хөршөөсөө шууд хамааралтай манай улсын хувьд эдийн засаг эвгүйрч байгаагийн хамгийн том дохио. Харин энэ бүхэн эрх баригчдад огтхон ч падлийгүй бололтой, хэдэн сайдын суудал хуваарилах гэж хэчнээн ч өдрийг барав.
Тэгсэн хэрнээ болоогүй баруун бүсийн чуулган нэрээр Увс нуурыг зорьсон сурагтай. Сайд нарынх нь суудал эзгүй, Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй болохоор хэчнээн ажил хүлээгдэж, ямар их цаг хугацаа алдаж байгаа нь АН-ынханд хамаагүй нь ойрын өдрүүдэд илхэн болж байна.
Зургаан сайдын суудлыг тэнцүү хуваарилна
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд аль ч нам олонхи болж чадаагүй. Өөрөөр хэлбэл, энэ парламентад олонхийн саналыг давуу эрхтэй олж авсан нам байхгүй бөгөөд АН хамгийн олон суудлыг авсан. Харин тэдний дараагаар улс төрийн ууган хүчин МАН 26 суудалтай, олуулаа гэсэн үг. Тиймээс ч АН МАН-тай хамтран зургаан сар “ханилсан’’-ы эцэст салаад удаагүй байна.
Улс төрийн ууган хүчнийг засгаасаа гаргасан АН улс төрийн шинэхэн хүчин МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд барьцаалуулчихсан, тэднийг хэдэн суудал авна гэнэ, түүнийг нь өгөхөөс өөр аргагүй байдалд орчихоод буй, Тиймдээ ч тэд өнөөдөр зургаан сайдын суудлаа эн тэнцүү хувааж авахаар тохирсон. Уг нь эрх баригчид арай олон суудал авах хүсэлтэй байсан ч өөр хамтрагч олдохгүй учраас эвсэл хаданд гарч, зургаан сайдынх нь гурвыг яйлт ч үгүй авч байгаа нь энэ.
Гэхдээ эвсэл энэ суудалдаа ханаагүй, бүр дөрвөн ч сайдын суудал авна гэж шантаажилсан сураг ч бий. Ямартай ч Өршөөлийн хуулиар шантаажлан байж гурван сайдын суудал авсан эвслийнхэн Н.Энхбаяр даргаа Солонгосоос дуудаж, өдгөө заавар зөвлөгөө аваад тун чиг завгүй суугаа. Хэдийгээр Ерөнхий сайд албан ёсоор өргөж чадаагүй ч өнгөрсөн долоо хоногт ерөнхийдөө сайдад нэр дэвшүүлэх зургаан хүний нэр тодорхой болсон юм.
Тодруулбал, АН-аас Сангийн сайдад Н.Батбаяр, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан нарын нэрийг дэвшүүлсэн. Ингэснээр өнгөрсөн баасан гаригт АН-ын бүлэг хуралдаж, дээрх гурван хүний нэрийг сайдад нэр дэвшүүлж байгаагаа зарласан ч бүлгээсээ дэмжлэг авч чадаагүйг эх сурвалж хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийнхэн дээрх гурван хүнийг шууд салбар удирдаад явчих хэмжээний хүмүүс гэж үнэлээгүй бололтой юм билээ. Тиймээс энэ долоо хоногт гурван яамны сайдыг дахиж ярина гэж байгаа. Харин эвслийн бүлгийнхэн аль хэдийнэ сайдад нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг тодруулчихсан гэх. Тодруулбал, Шадар сайдаар Н.Батцэрэг, Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Оюунбаатар, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдаар З.Баянсэлэнгийг томилуулахаар тохироод буй. Гэхдээ энэ гурван хүн ямар ч асуудалгүй бүлгээсээ дэмжлэг авсан уу гэвэл үгүй. Тухайлбал, Шадар сайдад нэрийг нь дэвшүүлэхээр болсон Н.Батцэрэгийг Н.Энхбаяр дарга нь шантаажилж байгаа сурагтай. Учир нь томилгоо далимдуулан нэг хүнийг ч болов өөрийн намдаа элсүүлэх аргыг Н.Энхбаяр олсон бололтой Н.Батцэрэгийг “МҮАН-аас МАХН-д элс. Үгүй бол Шадар сайд болгохгүй” хэмээн шахаж байгаа гэнэ.
Хэрвээ Н.Батцэрэг Н.Энхбаярын энэ саналыг хүлээж авч, МАХН-д элсэхгүй бол түүнийг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэх юм байна. Хамгийн сонирхолтой нь энэ тохиолдолд З.Баянсэлэнгэ гишүүнийг Шадар сайдад нэр дэвшүүлэхээр тохироод байгаа юм байна. Ямартай ч ийнхүү зургаан сайдын сэнтийд залрах эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч эхэллээ.
Төрийн сайдын суудал үнэгүйдэх цагаар АН-аас Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, Н.Батбаяр, эвслээс З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг нарыг сайд болгохоор ярилцаж байгаагаас харвал
Монгол төрийн сайд гэсэн эрхэм дээд сэнтий дээр хэн ч заларч болдгийг бэлхнээ харж болохоор байна. Төрийн үнэлэмж хаачив. Сайд байтугай төрийн байгууллагад ажиллаж үзээгүй шахам хүнийг өнөөдөр намын нэр, тохироо наймаа төдийнхнөөр сайд болгох гэж байгааг юу гэж ойлгох вэ. Уг нь сайд болох дамжаанд суралцах биш шууд салбар удирдаад явчих хэмжээний хүн энэ цаг үед хэрэгтэй байгаа юм. Гэтэл энэ удаад сайд болохоор зүтгэж байгаа нөхдийн дунд шууд салбар удирдах чинээний хүн харагдахгүй байгаа нь харамсалтай. Ингээд сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ.
Л.Эрдэнэчимэг
- “Монос”-ын гэх тодотголтой энэ эрхэм сайдын суудалд нэр нь яригдах хүртлээ юу хийсэн хүн бэ. Хувийн компанийх нь оруулж ирсэн эмэнд өч төчнөөн хүн хордсон хэрэг өнгөрсөн жил мандаж, багагүй асуудал боссон ч тэгэсгээд намжсан. Харин үүнтэй зэрэгцээд үнэтэй Бенз машинаараа гайхуулан жиргэсэн нь хэсэгтээ л сошиал ертөнцийн хуучиршгүй сэдвээр нэрлэгдэж байлаа.
Цаашлаад түүнийг сайдын суудалд залрах хэмжээнд Монголын төрд байгуулсан гавьяа байна уу гэвэл үгүй. Гэхдээ намдаа байгуулсан гавьяа нь түүнийг ийнхүү салбар удирдах хэмжээний эрх мэдлийг олгох гэж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, нам дотроо томоохон бизнес эрхэлдэг тэрбээр Б.Наранхүү мэтийн том гарын бизнесмэнүүдийн тоонд орохгүй ч хэрэндээ л намдаа өгдөг хандив хөрөнгөөр дутдаггүй юм гэнэ лээ.
Түүнээс гадна өнгөрсөн хавар Тавантолгойн төслийг гацаасан гавьяа нь түүнд ийнхүү сайдын суудал авчирч байгааг хэн хүнгүй ярьж байна. Ямартай ч Л.Эрдэнчимэг гишүүн Тавантолгойн ажлын хэсгийг ахалж, хэдэн сар гацаасны гавьяанд сайдын суудал “бэлгэнд” авч байна. Энэ бүх шалтгаанаас гадна нам доторхи томоохон фракци болох МоАХ-д харьяалагддаг нь энэ удаад түүнд бас нэг давуу тал болж байгаа юм билээ. Учир нь хэзээнээс Зам тээврийн яамыг эзэгнэж буй Х.Баттулга ахлагчтай МоАХ фракциас хамгийн шаанс өндөртэй нь Л.Эрдэнэчимэг гишүүн байсан бололтой юм.
Г.Баярсайхан
- Нам доторхи хамгийн хүчтэй бөгөөд томоохон фракци болох “Шонхор”-ын гишүүн. Түүний хувьд намдаа байгуулсан гавьяа гээд байх зүйлгүй ч учруулсан хор хохирол гэж үгүй нэгэн гэхэд болно. Өнгөрсөн хугацаанд 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бий болсон Н.Алтанхуягийн Засгийн газарт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсныг нь эс тооцвол түүнд удирдах төвшинд ажиллаж байсан туршлага гээд байх зүйл үгүй.
Хааяахан намынхаа эсрэг дуугарчихдаг, болж бүтэхгүйг нь дэлгэчих гээд байдаг түүнийг Х.Баттулгын “хормой дор намирч байж” УИХ-ын гишүүн болсон Д.Ганбат гишүүнтэй үй зайгүй найз гэдгээр нь олон нийт андахгүй. Ямартай ч энэ удаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт зургаан сайдын орон тоо гарсан цагаас төрийн сайдын сэнтийд залрах хүсэлтээ хамгийн ихээр илэрхийлж, өөрөө ч зүтгэж яваа гишүүн бол Г.Баярсайхан гэдгийг ордныхон ярьж байгаа. Тэр бүү хэл, сайдын суудал авах хүсэлдээ хэт автсан эрхэм гишүүн бүгдийг гартаа атгаж суугаа намын даргынхаа өрөө рүү цүнхтэй мөнгө аваад орсон гэх сураг ч гарсан байна билээ.
Харин ийнхүү сайд болохоор зүтгэж байгаа талаар нь асуухад тэрбээр “Гишүүнийхээ ажлыг нэр, төртэйгөөр биелүүлнэ” хэмээн даруухан хариулт өгч суугаа. Сайд болохоор зүтгэж байгаа хүмүүсээс ганцхан тэрбээр ийм хариулт өгөөгүй. Бусад нь ч гэсэн “УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийгээд явна” хэмээн даруу зан гаргаж суугаа.
Гэхдээ улс төр гэдэг олон түмний нүдэн дээр биш дандаа хөшигний цаана наймаа, тохиролцооны үндсэн дээр шийдлээ олдог юм хойно Г.Баярсайхан гишүүн өөрийн хүсэл сонирхлоо намынхандаа хангалттай сайн ойлгуулсан байж таараа. Эхний ээлжид бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй ч хүсэл байгаад зүтгээд байхад болно хэмээн сэтгэж суугаа биз.
Н.Батбаяр
-АН эрх барьж байх үед аль нэг яам нь бөөгийн мэдэлд байх учиртай юм шиг ээ. Шийдлийн Засгийн газарт онгод тэнгэртэйгээ ярилцаад, хөрсөн дээр бууж ирдэггүй нэг сайд байсан нь Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр байлаа. Түүнийг сайдаар ажиллаж байсан гэхээсээ илүү “Портуна” гэвэл олон нийт андахгүй. Бас бөө сайд гэдэг бол түүний нэрийн өмнө хэлэгдэх нэр автор болсон.
Ямартай ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт бөө сайд дахин нэг яаманд эзэн суух бололтой. “Эдийн засаг, хөгжил гэх бэлэгний яам гаргаж ирж, Монгол Улсын сан хөрөнгийг хоёр хуваалаа” гэх шүүмжлэл өмнө нь гарч байсан бол энэ удаад түнийг бүр сайжруулаад Сангийн сайдад залахаар яригдаж эхэллээ. Түүний хувьд Д.Эрдэнэбат тэргүүтэй МҮДН фракцид харьяалагддаг. Фракциуд бялуугаа тэгш хүртээхээр болсон учраас уг фракциас өмнө нь сайдаар ажиллаж байсан гэдгээрээ Портуна тунасай бололтой юм.
Мэдээж тунахаас гадна түүний өөрийнх нь төрийн сайдын суудалд залрах хүсэл сонирхол энд хүчтэй туссан байж таарна. Өмнө нь сайдаар ажиллаж байхдаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, “Эдийн засгийн алуурчин”-аар хүртэл нэрлэгдэж байсан эрхэмд ийнхүү Монгол Улсын сан хөрөнгийг атгуулж мэдэхээр байна.
З.Баянсэлэнгэ
-“Хорооны ажилтнаас Төрийн ордноо заларч, УИХ-ын гишүүн гэх эрхэм алдрыг хүртсэн. Харин өдгөө дарга дагаж далдгасны буянаар төрийн сайдын хүндтэй суудалд залрах цэвүүн цаг иржээ” хэмээн түүнд зориулсан жижиг бичвэр твиттер, фэйсбүүкээр ойрын өдрүүдэд хүчтэй явж байна. Үнэхээр ч Н.Энхбаярыг суллахыг эсэргүүцэн жагсч, төв талбай дээр хэдэн өдөр өлсгөлөн зарласныхаа хүчинд намын нэрсийн жагсаалтад дээгүүр бичигдсэнээр төрийн жолоо атгалцаж, УИХ-ын гишүүний суудалд заларсан түүнийг азтай гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ.
Ёстой нэг Ц.Нямдорж гишүүний хэлдгээр энэ удаагийн УИХ-д оймсонд хавчуулж орж ирсэн нөхөр цөөнгүй бий. З.Баянсэлэнгэ гишүүн бол тэдний нэг, Гэхдээ өдгөө энэ бүхэн үлгэр домог болон үлдэж энэ эрхэм төрийн сайдын суудал, тэр бүү хэл, Шадар сайдаар ч томилогдож магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь тэрбээр эвслээс сайд болох хүмүүсийн тоонд зүй ёсоор багтчихсан.
Гэтэл намын дарга нь шинэ шантааж гаргаж ирж, МҮАН-ын Н.Батцэрэгийг МАХН-д элсвэл Шадар сайдаар томилуулна гээд шантаажилчихсан. Бас болоогүй дараагийн хувилбарыг сонгосон нь Н.Батцэрэг намд нь элсэхгүй бол З.Баянсэлэнгийг Шадар сайд болгох гэнэ,
Ц.Оюунбаатар
-Эвслийн бүлгээс ямар ч маргаангүйгээр сайдад нэр дэвшиж байгаа хүн бол Ц.Оюунбаатар гишүүн. Учир нь, тэрбээр намын дарга Н.Энхбаярыгаа улс төрд орох, нэр нь цагаадах хамгийн том ажлыг эхлүүлж, өдгөө ажил хэрэг болгуулсан том гавьяатан. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр шүүхээс ял сонсч, өлсгөлөн зарлан, ид дуулиан болж байх үөд Өршөөлийн тухай хуулийг санаачилж байсан нэгэн.
Хэдийгээр цаг үе нь таарсан, угаас жирийн иргэдэд зориулсан хууль гэж олон нийт харж чадахааргүй үе байсан ч тэрбээр муу хэлүүлэн байж хууль санаачилж байсан эр зоригтон. Тэр бүү хэл, эвслийнхэн цаг үеийг овжин ашиглаж, Засгийн асуудлаар шантаажлан Өршөөлийн хуулийг батлуулах нөхцөл бүрдэх үед түүний санаачилсан хуулийг авч баталсан гэх.
Үнэхээр ч эвслийн бүлгийнхэн энэ хуулийг батлахад түлхүү оролцсон гэдгийг хэлэх гишүүн олон бий. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн “Шударга бусынхан энэ хуулийг батлахад түлхүү оролцож, хуулийн төсөл дээр ажилласан” гэдгийг хэлсэн. Ийм л учраас Ц.Оюунбаатар гишүүн сайд болох нь гарцаагүй болж байх шиг байна.
Н.Батцэрэг
-Хэдийгээр намаасаа урвах хэцүү шахалтад ороод байгаа ч тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт багтах нь тодорхой болсон гэнэ. Нам дотроо дээгүүр албан тушаал хашна гэдэг бол номер ахих, улс төрийн томилгоонд хамгийн түрүүнд бялуу хүртэх боломж байдаг. Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд МАХН, МҮАН-ын бүлгийг удирдаж ирсэн түүнд хамгийн түрүүнд сайдын суудал ногдох нь ойлгомжтой.
Гэхдээ одоо хуваасан бялууны томыг уу эсвэл жижгийг нь үү гэдэг сонголт түүнд тулж ирээд байгаа. Хэрвээ намаа орхивол Шадар сайд, үгүй бол танхимын сайдын суудал түүнийг хүлээж байгаа. Ямартай ч түүнийг алийг нь сонгож, ямар эрх мэдэлд хүрэхийг нь та бид тун удахгүй мэдэх нь.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: