УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай ярих хэрэггүй болж байна
Өнгөрсөн долоо хоногт 2011 оны нэгдсэн төсвийг УИХ-аар батлах гээд улстөрчид нэлээд завгүй ажиллалаа. Төсвийн алдагдал, цоорхойг хэрхэн нөхөх талаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүд парламентаар нэлээд шүүслүүлсэн ч хуулийн хугацаанд шахагдаад үдээе хойш нь батлагдав.
Энэ үеэр гишүүдийг хамгийн ихээр бухимдуулсан, талцуулсан асуудал нь роялтигийн татварын хэмжээ байлаа. Роялтигийн татварын хэмжээг 15-20 хувиар тооцож авч байх болсон нь уул уурхайн салбарт хөрөнгөө оруулсан, ойр ажилладаг гишүүдийн уурыг барсан хэрэг болов. Эсэргүүцэж байгаа гишүүдийн хэлж буйгаар энэ татварыг өндөр тогтоосноор зэсийн ордыг ашиглах, зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай зүүдлээд ч хэрэггүй гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.
-Роялтигийн татварыг 15-20 хувиар тогтоох хуулийн төслийг та анхнаас нь эсэргүүцэж буцаах санал гаргаж байсан. Ингэж өндөр тогтоосноор ямар үр дагавар гарах вэ?
-Төсөвт 200 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй болчихоод хаанаас олохоо мэдэхгүй пижигнэж байгаад роялтигийн татварыг 15-20 хувь болгож нэмлээ. Гэхдээ зөвхөн зэсийнхийг нэмж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд яриад байх юм алга. Тэртээ тэргүй хөрөнгө оруулалтаа нөхчихсөн. Харин бусад ордыг ашиглах, зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай бодох хэрэггүй болж байна.
-Уул уурхайтай ойр гишүүд роялтигийн татварыг эсэргүүцэж байна. Танд ямар шалтгаанаар эсэргүүдэв. Эсвэл та аль нэг ордын лиценз эзэмшиж байна уу?
-Өнөөдрийн батлагдаад байгаа роялтигийн татварын өөрчлөлтийг Оюутолгой төслөөс авна гэдэг юу л бол. Хүлээж авахгүй. Роялти гэдэг нөөцийн татвар болохоос эхлэлийнх биш. Энэ хэмжээ-гээр бол Цагаан суварга зэрэг бусад орд дээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй болох юм. Төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийн орлого хэрэгтэй байснаа л олох санаагаар хийж байгаа юм. 68 хувийн татварыг тэглээд дүйцүүлэх татварыг гаргаж ирэхдээ Эрдэнэтээс авдаг татвараа аваад цаана үлдэж байгаа хөрөнгөөр нь зэс хайлуулах үйлдвэр барих боломжийг нь гаргаад өгөх хэрэгтэй байсан юм.
Үйлдвэр байгуулах талаар УИХ, Засгийн газрын хэмжээнд тогтоол гаргасан. Одоо үйлдвэрээ барих л хэрэгтэй байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш тогтвортой өсөлттэй байгаа таатай үед зэс хайлуулах үйлдвэрээ байгуулчихвал улс оронд орж ирэх мөнгө өсөөд хэрэгтэй гэж бодоод л хэлж байна. Түүнээс биш надад лиценз нь алга, зэсийн орд эзэмшээгүй байна. Харин ч надтай нийлээд зэсэнд ногдуулах роялтигийн татварын хэмжээг эсэргүүцэж байгаа хүмүүсийг харахад уул уурхайтай холбоотой байна.
-Дэлхийн жишигт роялтигийн татварыг хэдэн хувиар тогтоодог юм бол?
-Чилид 5-7, Австралид 2-6 хувиар тогтоосон байна. Манай өнөөдрийн тогтоогоод байгаа 15 хувь гэдэг амьдралд байхгүй татварын хэмжээ. Байж болохгүй өндөр татвар тавихдаа судалгаа, тооцоо хийсэн зүйл алга. Иймэрхүү роялтигийн татвараар цааш явахгүй. Татвар гэдэг чинь нэг хоёр жилийн дараа дахин сольж байдаг зүйл биш. Тогтвортой орчинтой байж хөрөнгө оруулалт татдаг, итгэл үнэмшилтэй байж хөгждөг юм. Өнөөдрийн 15-20 хувийн роялтигийн татвартай байхад зэсийн үйлдвэр байгуулах ямар ч боломжгүй.
-Тэгэхээр Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулагдана гэдэг худлаа боллоо гэж та хэлж байна уу?
-68 хувийн татварыг тэглэх үед Эрдэнэт үйлдвэрээс 500 гаруй тэрбум төгрөгийг татварт авдаг байсан. Татварын өөрчлөлтөөр 300 гаруй тэрбумыг нь өөрт нь үлдээнэ гэж ярьж байсан ирэх жилийн төсвөөр тэр хэмжээний юм үлдэхгүй нь. Тэгэхээр Эрдэнэтийнхэн юун зэс хайлуулах үйлдвэр. Бүх мөнгийг нь татварт аваад явчихсан байж гэх юм байна. Ер нь татварыг зохих хэмжээнд нь тавиад авах ёстой мөнгөө авах ёстой. Хэтэрхий өндөр болгосноор юу ч хожихгүй. 68 хувийн татвар гаргаж ирснээр алт тушаалт буурсан. Одоо роялтигийн татвар гаргаж ирснээр зэсийн үйлдвэрлэлд цэг тавих гэж байна. Зэс хайлуулах үйлдвэр, шинэ уурхайд хөрөнгө оруулалт хийх боломжгүй болголоо.
-Оюутолгойд роялтигийн татвар нөлөөлөхгүй. Ойрын хугацаанд ашиглалт орох гэж байгаа энэ уурхай татвар төлөхгүй болохоор ганцхан Эрдэнэт үйлдвэрээ нуманд тулгуурт оруулсаар байх уу?
-Төсөв батлах үед Засгийн газарт хандан “Та нар энэ татварын өөрчлөлтийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгуулах талаар хэлэлцээр хийнэ шүү” гэсэн. Засгийн газар ч хийнэ гэж байна. Ийм өндөр татварыг хүлээж авах юу л бол. Тэр тусмаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан нөхцөлд.
-Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажил ямар шатандаа явж байна?
-Зураг төслийн ажил хийгдэж байна. Дараа нь Техник эдийн засгийн үндэслэл нь хийгдэнэ. Технологи нь тодорхой болохоор хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээрээ хийх байх. Зэс хайлуулах үйлдвэр байгуулагдвал эцсийн бүтээгдэхүүн маань холын замд тээвэрлэсэн ч ашигтай байх боломжтой. Улстөрчид зэс хайлуулах үйлдвэр байгуулахыг яагаад дэмжихгүй байгааг ойлгохгүй байна.
Ц.Онон
URL: