Зэсийн прогноз тонн нь $3200
-Лондоны металлын биржид тонн зэсийн фючерс ханш 5000 ам.доллартай тэнцлээ-
“Пөөх 5000”. Энэ бол Лондоны металлын биржид арилжиж буй тонн зэсийн фьючерс ханш. Эл эрдсийн тонн тутмыг нь хэдэн ам.доллараар зарна гэж төсөвт суулгасныг бараг л мартах дөхлөө. 6354.7 ам.доллар гэсэн тоо л санаанд бүдэг бадаг буух юм. Харин ийм өндөр дүнг яагаад төсөвт суулгасан нь хачирхалтай. Үүнээс өмнө хэд гэж тооцсоныг хүнд хэлэхээс ч ичмээр.
“ЭРДЭНЭТ”-ИЙНХЭН СҮРЖИГНЭЖ Л БАЙДАГ УУ
Хууль журмынхаа дагуу бид өнгөрсөн оны сүүлчээр энэ оны төсөв төлөвлөгөөгөө баталсан. Энэ үеэр шаргал металлын ханшийг хэдтэй тэнцэнэ гэж таамагласан гэж санана. Тонн тутмыг нь 6970 ам.доллараар арилжаална гээд “агаарт тэнгэрийн тоо бичив”. Хятадууд “шинэ хэвийн хэмнэл”-ийн бодлогоо танилцуулаагүй үе гээд бодоход ханшийг ийн өөдрөгөөр төсөөлснийг гайхàшрах хэрэггүй л дээ.
Аа харин, төсвөө тодотгохдоо тонн тутмыг нь 6354.7 ам.доллараар арилжаална гэж яагаад төлөвлөөд, зардлын задаргаагаа гаргасныг бодоод ч ойлгохгүй юм. Ийн хэлэхийн учир нь манай төр засгийнхныг төсвийн тодотгол хэлэлцэх үеэр ханш нэгэнт буурах нь тодорхой болчихсон байв.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд уг төсвийн тодотголыг баталсан. Тэгтэл тухайн сарын 21-нд “Эрдэнэт” үйлдвэрийнхэн зэсийн ханш 5500 ам.доллараас дотогш ороход тун ойрхон байгааг сануулаад, хэмнэлтийн горимд шилжих тухайгаа танилцуулсан шүү дээ. “Эрдэнэтийнхэн бужигнаж, сүржигнэж л байдаг юм” гэж бодсон уу яасан, өнөөх тодотголоо баталчихсан л юм даа.
Тэгтэл өдгөө 5000 ам.доллар гэх ханштай нүүр тулаад сууж байна. Энэхүү ханшаас ч дотогш орж, 3200 ам.долларт хүрэх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Харин “аюулын харангаа” тэртээх хоёрдугаар сард нүдчихсэн хүмүүс одоо юу хийх вэ?
Эхний ээлжинд статистик мэдээнээс хэдэн тоо эш татаад, нөхцөл байдал ямар байгааг уншигч танд танилцуулъя. Уг нь Монголбанкнаас гаргасан энэ оны эхний долоон сарын гадаад худалдааны тоймоос харахад бид зэсээс орлого олоод л байгаа юм билээ. Тухайлбал, “Оюутолгой”-н үйлдвэрлэл эрчимжсэнтэй холбоотойгоор манай зэсийн баяжмалын экспортын хэмжээ өсчээ. Мөн түүхий нефть болон алтны экспортын хэмжээ өссөн гэнэ. Үүнийг дагаад дээрх гурван эрдсээс олсон орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145 сая ам.доллараар их байгаа гэнэ. Сайн мэдээ юү гэвэл тийм.
Тэгтэл лхагва гарагийн байдлаар өнөөх зэс чинь бидний тооцоолсноос 21.3 хувиар хямдраад, 5000 ам.доллартай тэнцэж байна шүү дээ. Хар ухаанаар хэлбэл, 145 сая ам.доллараас 21.3 хувиар илүү ашиг олно гэж бид тооцсоныг харуулна.
Үүний эсрэг талд, тооцсон ашгаасаа бид төсвийнхний цалин мөнгийг тавиад, байшин барилга засах урсгал зардлаа санхүүжүүлээд байгаа. Он дуустал зай ч байна. Ингээд бодохоор 145 сая ам.доллар гэдэг даанч чамлахаар юм.
ХАНШ ИРЭХ САРД Ч СЭРГЭХГҮЙ НЬ
Цаашид зэсийн ханш тонн тутамдаа 5000 ам.доллараас ч дотогш орох гэнэ. Үүний учрыг “Wall Street Journal”-ынхан юанийн ханшийн уналттай холбон тайлбарлав. Учир нь дэлхийн зах зээлд зэсийн ханшийг “ноён ногоон”-оор хэмждэг. Тэгтэл юанийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн долоо хоногт гурван хувиар суларсан. Үр дүнд нь хятадууд зэсийг өндөр өртгөөр худалдан авах хэрэгтэй болж байгаа аж. Ингээд л эрэлт саараад, үнэ буурсан хэрэг. Хятадын эдийн засгийн байдал цаашид энэ хэвээр үргэлжлэн суларвал, зэсийн ханш үүнийг дагаад л уруудах гэнэ.
Тухайлбал, хоёр тэрбум ам.долларын зэсийн төсөл эзэмшигч “Deltec international group”-ийн шинжээч Атул Леле “Одоогийн ханшаас дахин 10 хувиар элбэг хямдарна” гээд, ирэх хоёр сарын хугацаанд ханш үргэлжлэн уруудах төлөвтэй гэв. Зэсийн үнэ хямдарч л байж хятадууд авах гэнэ. Дашрамд сонирхуулахад, тонн зэсийн фьючерс ханш 2011 онд 10 мянган ам.долларт хүрсэн түүхтэй. Харин 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр 3000 ам.долларт тулсан байна.
Энэ мэтчилэн ярьвал ханш өөдөө өгсөх дүр зураг харагдахгүй байна. Төсөв ч тасрах нь тодорхой болсон. Тэгэхээр бид төсвөө дахин тодотгох уу, эсвэл бүсээ тултал нь чангалах уу гэсэн хоёр сонголтын өмнө ирж байна.
Э.Хулан
Засгийн газрын мэдээ
URL: