Сурагчид 200₮-өөр зорчихыг эсэргүүцэж байна
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим систем нэвтрүүлж, иргэд автобусны буудал дээрх ТҮЦ-ээс 3600 төгрөгөөр карт авч цэнэглэх болн бэлэн мөнгөөр нийтийн тээврээр үйлчлүүлж байна.
Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хорооны халамжийн ажилтнаасаа үнэгүй зорчих картаа захиалан авч байгаа. Тэгвэл оюутан, сурагчдын хувьд хичээл эхлэхээр сургуулиасаа картаа авна гэхээс өөр мэдээлэл байхгүй байгаа бөгөөд тэд хэдэн төгрөгөөр зорчих нь тодорхойгүй байгаа юм.
Гэхдээ сурагчдын хувьд өөрийн сургуулиас 3000 төгрөгөөр картаа худалдан авч, 200₮-өөр үйлчлүүлнэ хэмээн мэдээлсэн. Гэвч энэ асуудлыг Монголын сурагчдын холбооноос эсэргүүцэж байгаа аж. Учир нь их, дээд сургуулийн оюутнууд үнэ төлбөргүйгээр автобусаар зорчиж байхад сурагчид 200 төгрөгөөр үйлчлүүлэх нь буруу хэмээн үзэж байгаа гэнэ. Дээрээс нь картыг сар, улирлаар нь цэнэглэсэн тохиолдолд бага ангийн сурагчид өдөржин автобусаар яваад мөнгөө дуусгах магадлалтай гэжээ.
Тиймээс Улаанбаатар смарт карт компани, Монголын сурагчдын холбооныхонтой уулзалт хийхээр болсон байна. Энэ уулзалтын дараа сурагчид нийтийн тээврээр үйлчлүүлэх картаа хаанаас авах, хэрхэн зохицуулах талаар мэдээллийг өгөхөөр болсон байна.
Дашрамд дурдахад нийтийн тээврийн цахим шинэчлэлтэй холбоотой иргэдийг бухимдуулаад байсан нэг асуудал болох картын цэнэглэлт бүрээс шимтгэл авч байгааг нийслэлийн Тээврийн газраас зогсоосон байна. Хэрвээ шимтгэл авч байгаа газар байвал 11327968 дугаарт мэдээлэл өгч болох юм.
URL: