Тристан Томпсон 80 саяын саналаас татгалзжээ
Чөлөөт агентын цонх нээгдэх үеэд Кливленд Кавальерс баг довтлогч Тристан Томпсонтой гэрээ хийхэд ойрхон болжээ. Хоёр тал ерөнхийдөө тохиролцоод байгаа гэх утгатай мэдээ ар араасаа гарч байлаа. Би ч энэ талаар мэдээ бэлтгэл, сайтандаа байршуулж байсан.
Гэвч одоог болтол Томпсон Кавальерстэй гэрээ байгуулаагүй хэвээрээ байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Томпсон Кавальерсын зүгээс санал болгосон таван жилийн 80 сая долларын саналаас татгалзсан учраас гэрээ хийгдээгүй ажээ. Уг нь гэрээг хийхээр хоёр тал ярилцаж байсан боловч Томпсоны үе тэнгийн залуусын цалин санаснаас илүү өндөр байсан болохоор хийх гэж байсан гэрээгээ больж, илүүг нэхэх болсон гэнэ.
Энес Кантер жилийн 17.5 сая, Робин Лопез 13.5 сая, Тадиус Яанг 12.5 сая, Амир Жонсон 12 сая, Омер Ашик 10.5 сая, Коста Куфос 8.2 сая, Эд Дэвис 6.6 сая, Брандон Райт 5.7 саяын гэрээнүүдийг шинээр хийжээ.
Тристан Томпсон тэднээс өөрийгөө илүү гэж бодсон учраас илүүг нэхэж байгаа нь гарцаагүй юм. Үнэхээр тэднээс илүү байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Дрэймонд Грийн, Кавай Леонард, Грег Монрөүтэй нэг түвшний тоглогч байж чадах эсэх нь эргэлзээтэй.
Грийн таван жилийн 82 сая, Грег Монрөү гурван жилийн 50 сая, Кавай Леонард таван жилийн 90 саяыг авсан. Тэдэнтэй ижил түвшинд зиндаархахын тулд 80 сая биш түүнээс илүүг Тристан Томпсон авах ёстой ажээ.
Ямартай ч Кавальерс түүнд 90 саяыг өгөхгүй бол тэрбээр нэг улирлын 6.8 саяын гэрээгээр Кавальерсд үлдээд ирэх зун хүссэн баг, хүссэн цалингаа сонгох боломж нь нээгдэх юм.
URL: