Байерн Бундеслигийн ээлжит дээд амжилтыг эвдлээ

Германы хөлбөмбөгийн дээд ангилал Бундеслигийн 53 дахь улирал өнгөрсөн баасан гарагт эхэллээ. Нээлтийн тоглолт Германы 25 удаагийн аварга Байерн Мюнхен багийн өлгий алдарт Алльянц Аренад өрнөж, талбайн эзэд Хамбургээс ирсэн зочдыг 5:0-ийн харьцаатай бут ниргэснээр Лигийн ээлжит дээд амжилт тогтоолоо.

85f4a8e6ec73042262972842c380cbf5Бундеслигийн улирал өмнөх тэмцээний аварга багийн тоглолтоор эхэлдэг уламжлал 2002 оноос хойш тогтсон бөгөөд энэ хүндэт эрхийг Байерн Мюнхен долоон удаа эдэлж байсан. Германы 25 удаагийн аваргууд найм дахь удаагийнхаа нээлтийн тоглолтыг өөрийн Алльянц Аренад Хамбургер Эс-Фау багийн эсрэг хийсэн. Бундеслигийн түүхэнд тасралтгүй тоглосон цорын ганц баг болох Ханзеатын сүүлийн жилүүдэд хямралд ороод байгаа бөгөөд энэ байдал энэ улиралд ч үргэлжлэх магадлал өндөртэйг энэ тулаан харууллаа.

Хоёр багийн Бундеслигийн 101 дэх тоглолтын эхнээс Мюнхенчүүд талбай дээр бүрэн ноёлсон хэдий ч завсарлага хүртэл Мехди Бенатиагийн гоолоос өөр оновчтой довтолгоо хийж чадсангүй. Харин хоёрдугаар үе Хамбургийн хаалгач Рене Адлер болон хамгаалагчдын хувьд хар дарсан зүүд болон хувирсан байна. Үүнийг Роберт Левандовски эхлүүлсэн бол Манчестер Юнайтедийн гол бай болоод байгаа Томас Мюллер дөрвөн минутын дотор хос цохилт хийснээр байдлыг бүр хүндрүүллээ. Улмаар Бундеслигийн анхныхаа тулаанд агуу тоглосон бразил жигүүр Дуглос Кошта эцсийн цэгийг тавьснаар Байерн 5:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэсэн.

Мюнхенчүүд ийнхүү хамгийн олон гоол оруулж, мөн хамгийн олон гоолын зөрүүтэй хожсон Бундеслигийн нээлтийн тоглолтын дээд амжилтаа шинэчлэн тогтоож, энэ улиралд түрүүлэх гол фаворит гэдгээ баталлаа. Харин лигийн үлэг гүрвэл гэгддэг Хамбургийн хувьд ирээдүй бүрхэг харагдаж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих