МАХН сонгуулиар МҮАН-ыг золигт гаргана
Н.Энхбаяр, М.Энхсайхан нар гэрээ байгуулсны үндсэн дээр хамтарч 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл нэрийн дор оролцсон. Эвслийнхэн гараагаа сайн эхэлж, УИХ-д бүлэг байгуулж, улмаар Засгийн газрыг хамтарч байгуулалцав. Ингэхдээ мэдээж, МАХН-ын давуу эрхтэйгээр.
Сүүлийн үед Н.Энхбаяр ард түмний хүү болж дахин дахин төрөхийн хэрээр МАХН-ын нэр хүнд олон түмний дунд өсч байгаа гэх. Энэ ч үүднээс МАХН-ынхан зориг оржээ. Тэр ч бүү хэл МАХН-д хадаг барьж очиж байгаа бизнесийнхэн хийгээд өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшиж чадаагүй нөхөд ч их байгаа гэнэ билээ.
Тэр ч утгаараа Н.Энхбаяр олон түмнээ сэнхрүүлэх их аянд мордохоор бэлтгэж байгаа гэх. Тэрбээр нутгийнхаа салхиар амьсгалах нэрийдлээр хөдөө орон нутгаар явж, сонгогч түмэнтэйгээ нүүр тулахаар болжээ. Танилын нүүр халуун гэдэг шиг л МАХН гэсэн нэрээ сурталчлах юм байх.
МАХН-аас нэр дэвших хүмүүс ч Н.Энхбаяр, МАХН гэсэн хуучин танилуудынхаа нүүрийг урдаа барихаар хэдийнэ зэхчихсэн аж. МАХН-ынхан энэ удаагийн сонгуулиар юун МАН, АН. Тэднийг хөлдөө чирэх төлөвлөгөөтэй байгаа бололтой. Хандив ч овоо цуглуулж, хууччуудаа ч нэгтгээд байгаа юм байна. МАН, АН юу вэ гэж байгаа хүмүүсийн нүдэнд М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ынхан харагдаж байгаа нь юу л бол. Тийм ч болохоороо “МҮАН-ыг золигт гаргаж, дангаараа сонгуульд оролцоно” хэмээн гишүүд нь бардамнаж байгаа сураг дуулдана билээ. Н.Энхбаяр, МАХН гээд л тугаа намируулаад яваад байх нь ээ, тэд.
У.Жанцан
Цензургүй.мн
URL: