Өршөөлийн хууль Н.Энхбаярт зориулагдаагүй

b94de29f2c19ddf732bb75d70f2e398cШинэ тутам батлагдан гарсан Өршөөлийн хууль цагаан захтнуудын хэргийг замхруулах нь гэсэн зорилтот тайлбараар олон нийтэд хүрэв. Төд удалгүй энэхүү олон нийтийн санаа бодолд суусан “авлигачдыг өршөөнө” гэсэн хандлага дээр дөрөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ тутам батлагдан гарсан Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ. Тэгээд ч зогсоогүй Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойн баярын хурал дээр илт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, өөрийн угшил нэгт Ардчилсан нам, түүний фракциудад хаягласан үгсийг хайр найргүй хаяж, баярын хурлыг бараан болгоод авав.

Уг нь төрийн тэргүүн хуулиа мэдэж, учиртай ярих ёстой атал, яг л айлын эрх хүүхэд найзууддаа шоглуулчихаад ээждээ ховолж байгаа мэт хоолой нь цахиртан байж өөрөө ч үзэж танилцаагүй хуулийнхаа талаар уншаад танилцсан мэтээр урсгах нь тэр. Харамсалтай нь хуулийг баталсан УИХ-ын гишүүд, хууль зүйн салбарынхан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс тэс өөр байр суурьтай байна.

Өршөөлийн хууль цагаан захтнууд, тэр дундаа Н.Энхбаярт бүр ч зориулагдаагүй. Монгол Улс урьд хожид байгаагүйгээр шоронжиж, түүхэндээ анх удаагаа 8000 гаруй хоригдолтой болчихоод байна. Тэднээс энэ удаагийн Өршөөлийн хуулиар 3000 гаруйг нь өршөөх юм. Мэдээж хэрэг үйлдсэн хэргийн хүнд хөнгөн, тухайн ялтны харгалзаж үзэх нөхцлүүдийг тооцож өршөөнө. Мөн бүгд суллагдахгүй. Зарим хэрэгтний ялаас хасч өршөөнө. Өршөөлөөр ялаас чөлөөлөгдөх иргэдийн ихэнх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэй хоригдлууд байгаа юм. Тэдгээр 3000 дотор цагаан захтны хэмээн цоллоод байгаа албан тушаалын гэмт хэргээр шоронд ял эдэлж буй 35 хүний 25 нь уг хуульд хамрагдах аж. Харин энэ дунд Н.Энхбаяр гэж нэр байхгүй. Байх ч үндэслэлгүй юм.

Н.Энхбаяр өөрт нь тулгасан хэргүүдийг хүлээгээгүй. Учир нь анхнаасаа түүнд тулгаж байсан хэргүүд хэрэгсэхгүй болж зохиомол гэдэг нь гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлаар тодорхой болж байсан юм. Нэгэнт тухайн үед шүүх улстөрчдийн захиалгаар хөдөлж байсан учраас нурсан балгас, өөр бусад хүмүүсийн эд хөрөнгөд хамаатуулан ялыг хүчээр тулгасан гэгддэг.  Энэ талаар туршлагатай хуульчид судалж үзээд зохион байгуулалттай, зохиомол хэрэг байжээ гэдэг дүгнэлтэд нэгэнт хүрсэн.Тиймээс  Н.Энхбаярын журмын нөхөд, монголын ард түмэн түүнийг өнөө хэр нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдэг байр суурьтаа баттай байдаг.

Тэгэхээр өнөөдөр  түүнийг өршөөх бус цагаатгах асуудал яригдах учиртай.  Өршөөлд хамрагдах иргэдийн тухайд гэм буруутайгаа хүлээсний үндсэн дээр зохих ял шийтгэлээ авч, улмаар түүнийг өршөөх тухай дараагийн асуудал яригддаг. Ийм илэрхий асуудалд олон нийтийн санаа бодлыг турхирч, ганц хүнд зориулсан мэтээр тайлбарлаж ярьж байгаа нь цаанаа нэг зүйлийг өгүүлээд байна. Чухам  юу вэ гэдгийг ойлгож чадахгүй олон нийт гайхширч байна.


URL:

Сэтгэгдэл бичих