Хүнээ зөв таньж, шийдлээ зөв гаргах цаг
Монголчууд сүүлийн хэдэн зуунд ихийг гээж, бас ихийг олсон. Дэлхий ертөнц танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн болохоор дагаад хувирсан нь бий. Дэлхийн жишгээс ангид дангааршиж хувирсан нь ч буй. Энэ бүхний сайн мууг эргэцүүлж тунгаах нь утгагүй. Гэхдээ үргэлж санаж, эрхэмлэж явах ёстой юм гэж бас байна аа.
Ялангуяа хөгжилд хэрэгтэй, хүчтэй байхад тустай юугаа алдаж гээв, эсвэл гээж байна вэ гэдэг үргэлж анхаарах ёстой чухал сэдэв. Ийм чухал сэдвийн нэг бол зөвийг таних, таньж олсон зөвийгөө тэтгэх ухааны тухай асуудал билээ.
Хүүхэд ахуй цаг. Нэгэн хурган дарга хударгагүй загнасан тухай хүмүүс ярилцаж байтал ээж минь “Зөв нь буруудаж зөөлөн нь хатуудсан нийгэм болохоор л энэ муу ингэж оодорч байгаа юм” гэж хэлтэл хүмүүс “Хүүш, аяар гэм” гэлцэн дуугаа намсгацгааж билээ. Учрыг нь олоогүй ч мөнөөх үг балчир оюунд ихэд гүн хадагдсан нь энэхүү бичвэрийн гарчиг тавих төдийд сэтгэлд харван бууснаас тодорхой.
Өнөөдөр зөв нь бурууддаг биш, харин зөвийг буруутгадаг цаг үе ирээд байна уу даа. Зөв гэдэг шудрага үнэний нөгөө тал. Зөвийг тэтгэнэ гэвэл шудрага л байна. Шудрага ёсыг зарчмаа болгосон цагт зөв замаар л явна. Шудрага үнэнийг тугаа болгосон нийгэмд ашиг хонжоо эрж арга залиар амьдрагсад төрд шургалж, түмэнд гай болохгүй. Бодоход ийм энгийн атал болохгүй л байгаагийн чинад язгуур нь та бидний зөвийг таних ухаанд тортог суусных гэж мунхаглана.
Нийгмийн өөрчлөлт монголчуудад асар их зүйл өгсөн. Тэр бүхнээс хамгийн чухаг нь эрх чөлөө байсан гэж боддог. Ялангуяа төлөөллийн ардчиллаар дамжуулан төрийг удирдах боломж олдсон нь онцгой эрх юм. Харамсалтай нь сонголт хийх боломжгүй нийгэмд өсөж хүмүүжсэн хүмүүс нээлттэй сонголттой нүүр тулахаараа яахаа мэдэхээ байж, ардчиллын 25 жилд төрд суух өөрийн төлөөллөө сонгохдоо анхнаасаа алдах нь олон байсны гор өнөөдөр илэрч байна.
Сонгогчид эхний үедээ сонголт хийхдээ нутаг орны гайгүй гэсэн хүмүүс, ялангуяа дарга сэхээтний амыг дагах нь их байв. Тэгтэл бэлэг тарааж, гар хүндрүүлэгчид гарч ирээд сонгуулийн утгыг алдуулж эхэллээ. Аль болох ихийг амлаж, чих баясгагчид бас зэрэгцэв. Бэлэг мөнгөөр хахуульдагчид дараагийн сонгууль болтол сүлжээгээ бататгаж, сонгогчдын сэтгэлийг хямдханаар урхидах аргаа улам нарийсгана.
Хоосон амлагчид тойргийн сонгогчдоо аль хэдийнэ мартчихаад дараагийн тойрог руу хайрын үгээ хэлж, амлалтын хур шуугиулсаар давхиж хүрнэ. Гэнэн сонгогчид дахиад л хууртана. Үндсэндээ ийм л дүр зурагтай сонгуулиуд болсоор ирлээ.
Ард түмэн маань сонголт хийхийн хариуцлагыг даанч мэдрэхгүй, нэлээд нь архи дарс, арав таван цаасаар төр барих эрхээ сольж орхих юм даа. Энэ нь зальхай булхай, хариуцлагагүй байдал, авлига хахууль, алдагдал шамшигдал чөлөөтэй нүүрлэж, буруу аргаар дэвжигсэд оодрох хөрс суурийг төрд бий болгосон.
Энэ бол сонгогч бид иргэний үүргээ муу биелүүлсний гор гэмээр байна. Үр дагавар нь холч ухаантай, голч шудрага хүмүүс төрд алба хашихад халгаатай болсон. Нам дагасан, нам дамжсан их бага бүлэглэл хүрээлэл үүсч, тэдгээр нь өөрийн тойрогтоо бусдыг нэвтрүүлэхгүйгээр оршин тогтнох, залгамж чанараа хадгалах, төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүртлээ батжиж бэхжээд байна.
Зөвхөн өөрийн хүнээ төрийн чухал чухал албанд томилохын төлөө их аян дэгдсэнээр мэргэжлийн бус, төрийн ажлын туршлагагүй, хоноцын сэтгэлгээтэй, мэдлэг чадваргүй хүмүүс тамга барьж, төр төлөөлөх нь элбэг байна. Далд удирдлагатай утсан хүүхэлдэйнүүд олширсноор дархлаагүй төр хатгаа тусч, ханиад хүрэх нь элбэг байгааг та бид харж л сууна. Нэгэнт ийм байдал шийдвэр гаргах түвшинд ноёрхоод эхлэхээр ямар ч зөв санаа, зөв үйл хэрэгжих боломжгүй болдог.
Есөн жилийн өмнө Тролейбусны комбинатын инженерүүд тэр үеийн дэлхийн зах зээлийн үнээс 4 дахин бага зардлаар JEA-800 маркийн цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн мэдээг сонсоод ихэд омогшиж билээ. Анхны троллейбусууд нь одоо ч үүргээ гүйцэтгээд дажгүй явж байна.
Төр тэднийг тэр дор нь дэмжээд гаднаас автобус худалдан авахаа зогсоогоод, тэдэнд захиалга өгөөд эхэлсэн бол өдийд Монголын автомашин үйлдвэрлэлийн салбар хөл дээрээ босчихсон, экспортлогч орон болчих байсан даа гэх харамсал төрдөг. Харин сүүлийн үед энэ талаар чихэнд чимэгтэй мэдээ сонсогдох болсон нь яамай.
Барилгын салбар оволзсон ажилтай байсан он жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого төрөөс явуулаад, зах зээлийг нь хамгаалаад өгсөн бол импортоор оруулж ирдэг өчнөөн бүтээгдэхүүнийг дотооддоо хийгээд эхэлчих боломж байсан.
Харамсалтай нь тендерийн “цавчаа”-ны шархаа нөхөхөөс өөр аргагүй болсон барилгын компаниуд гаднаас хамгийн хямд, чанаргүй материал түүхий эд зөөдөг хэвээр. Бусад салбар ч бас иймэрхүү л дүр зурагтай байна.Төрийн бодлого зангидах хүмүүсээ зөв таньж, зөв сонголт хийж чадаагүйн бодит тусгал нь ийм холын бөгөөд хортой үр дагавартай байдаг аж.
Гэхдээ нийгэм тэр чигээрээ бурууд урваж, зөвөөс зөрчихөөгүй байна. Зөв шудрага үйл гэдэг хэзээ нэгэн цагт заавал ялан дийлдэг. Энэ ч зүй тогтлоор шудрага үнэнийг, зөв зүйтэйг хүсэх сэтгэлзүй сүүлийн үед нийгэмд улам бүр хүчтэй болж байна. Өнгөрсөн хугацаанд бий болсон энэхүү бурууг засах хүсэл тэмүүлэл жирийн иргэдийн дунд ч, төрийн албанд зүтгэгчдийн дунд ч эрчээ авч буй нь анзаарагдаж байна. Эрх баригчид, төрийн зүгээс ч тодорхой алхам, оролдлогууд хийж байна.
Жишээ нь, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль батлагдсанаар иргэд хүссэн мэдээллээ хуулийн дагуу шаардан авч, төрийн байгууллага, ажилтнуудын шийдвэр үйлдлийг хянах боломж илүү нэмэгдсэн. Шилэн дансны тухай хууль төсвийн мөнгөөр туйлах үзэгдлийг хамжааргатай болгосон гэж хэлмээр байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” хөтөлбөрт ил тод, нээлттэй, зөв төр бий болоход хэрэгтэй санаанууд мөн ч их бий. Харамсалтай нь нэгэнт бий болсон тогтолцооны өөрийгөө хадгалах эрмэлзэл ямар ч зөв зүйлийг урагш алхуулахгүй тушчих юм даа.
Ерөнхийдөө социализмын үед сонгогчдод зөв сонголт хийх эрх нь байгаагүй бол өнөөдөр тэдэнд зөв сонголт хийх чадвар нь алга байна. Тэд зөвийг буруугаас ялгаж чадахгүй учраас баялаг бүтээгч шудрага бизнесмен, жинхэнэ олигарх хоёроо ялгаж чадахгүй байна. Зөв шудрага хүнийг зальтай овжин этгээдүүдээс ялгаж чадахгүй байна.
Улсын хөгжилд хэрэгтэй холч сайн шийдвэрийг өнөөдрийг аргацаах төдий ядуу бодлогоос ялгаж чадахгүй байна. Тэгэхээр хүнээ зөв таньж, шийдлээ зөв гаргаж сурцгаах л хамгийн чухал байна. Зөвийг таньж тэтгэж, шудрагыг мэдэрч дэмжих ухаан уг нь бидний мах цусанд шингээстэй бий дээ.
Урианхан Б.ГАЛААРИД
URL: