Давс бага хэрэглэснээр тархинд цус харвах өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг
Монгол хүний давсны хоногийн хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их (11.1 гр), зарим аймагт гурав дахин их (15.6 гр) байгаа бөгөөд нийт хүн амын 83.2 хувь нь таван граммаас их давс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
2012 онд хуралдсан ДЭМБ-ын 65 дугаар чуулганаас 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг таван граммд хүргэх стратегийн зорилт дэвшүүлж, гишүүн орнуудын засгийн газарт үндэсний стратеги, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон.
Насанд хүрсэн хүн өдөрт 5 грамм ба түүнээс бага, хүүхэд үүнээс бүр бага давс хэрэглэх ёстой.
Их хэмжээгээр давс хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой. Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр аажимдаа цусны даралтыг ихэсгэж, тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчинд хүргэх аюултай.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан давсны хэрэглээ ихэссэнээр ямар өвчин эмгэгт өртөмхий байх талаарх мэдээллийг хүргэж байна.
Цусны даралт
Дэлхий дахинд цусны даралт нь зүрхний шигдээс болон тархины цус харвалтаар нас барах нэн тэргүүний шалтгаан болж байна. Цусны даралт өндөр буюу даралт ихдэх өвчнийг гипертензия гэдэг, үүнийг “чимээгүй алуурчин” гэж үздэг. Учир нь ихэнх хүмүүс цусны даралт өндөр боловч ямар нэгэн шинж тэмдэггүй, мөн даралт өндөр байх нь эрүүл мэндэд эрсдэлтэй гэдгээ мэддэггүй. Давс нь аажмаар цусны даралтыг өсгөдөг ба дэлхий даяар мянга мянгаар тоологдсон тархинд цус харвах, зүрхний шигдээс, зүрх судасны дутагдал зэргийн улмаас нас барах шалтгааны гол хүчин зүйл болж байна.
Давсыг хоолондоо бага хэмжээгээр хэрэглэх нь цусны даралтыг бууруулж, зүрх судасны болон тархинд цус харвах өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
Зүрхний шигдээс, зүрх судасны дутагдал
Цусны даралт ихсэх нь зүрхний титэм судасны өвчин, тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог.
Цусны даралт ихсэх өвчнийг эмчлэхгүй байх нь зүрх судасны дутагдалд орох зүрхний үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг.
Цусны даралт ихсэхээс сэргийлэх нь зүрхний шигдээс өвчнөөр өвдөх, зүрх судасны дутагдалд орохоос урьдчилан сэргийлнэ.
Тархинд цус харвах
Цусны даралт өндөр байх нь тархинд цус харвах цорын ганц шалтгаан мөн. Давсны илүүдэл хэрэглээ нь тархинд цус харвах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.
Яс сийрэгжих
Кальци нь ясны бат бөх байх хамгийн чухал элемэнт бөгөөд хэт их давс хэрэглэснээс давсан дахь натри нь кальцийн шимэгдэлтийг саатуулж, улмаар ясны бүтцийг өөрчлөгдөх, яс сийрэгжихэд хүргэдэг.
Давс бага хэрэглэх нь кальцийн шимэгдэлт хэвийн явагдах, ясны бат бөх чанар алдагдуулахгүй байх эрүүл мэндийн чухал ач холбогдолтой.
Ясны сийрэгжилт нь ясны хугарал, гэмтэлд хүргэдэг.
Хэт таргалалт
Хэт таргалалт нь дэлхийн хэмжээний бэрхшээл болж байна. Хэдийгээр давс нь хэт таргалалтын шалтгаан биш боловч давснаас болж цангасанаас хэрэглэх шингэний хэмжээг, түүний дотор чихэрлэг ундааны хэрэглээг ихэсгэдэг. Давсны хэрэглээг багасгаснаар хүүхэд болон томчуудын чихэрлэг ундааны хэрэглээг их хэмжээгээр бууруулдаг.
Ходоодны хорт хавдар
Давс, түүнийг хэтрүүлэн их хэмжээгээр хэрэглэх нь ходоодны салст гэмтэх бас нэг шалтгаан болдог. Энэ нь Хеликобактер Пилорийн халдвар авахад их дөхөм болох ба халдвар авсанаар ходоодны шарх болон ходоодны хавдар үүсэх нэг шалтгаан болдог.
Бөөрний чулуу ба бөөрний өвчин
Давсны хэрэглээг багасгаснаар биеэс шээсний хамт ялгарах кальцийн хэмжээг багасгах, мөн бөөрөнд чулуу үүсэхийг багасгаж байгааг эрдэмтэд судлан тогтоосон байна. Чулууны гол бүрэлдэхүүн нь кальц агуулдаг байна.
Цусны даралт өндөр байх нь шээсэн дэх уургийг ихэсгэснээр бөөрний үндсэн үйл ажиллагааг бууруулах гол хүчин зүйл болдог. Давс их хэрэглэснээр бөөрний өвчлөлийг түргэн хугацаанд даамжруулдаг. Давсны натри нь цус болон эд эсэд усыг өөртөө татан цусны даралтыг ихэсгэдэг ба бөөрний өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Бусад нөлөөнүүд
Давсны хэрэглээг багасгаснаар бусад олон өвчнүүдээс сэргийлэх, тэдгээрийг хянах боломжтой юм. Жишээлбэл, гуурсан хоолойн багтраа, Менере-ийн өвчин, чихрийн шижин өвчин, шалтгаан тодорхойгүй хаван зэрэг өвчнийг дурьдаж болох юм. Чихрийн шинжин өвчтэй хүмүүст давсны бага хэрэглээг зөвлөдөг ба ингэснээр тэд цусны даралтаа эрүүл түвшинд байлгах, чихрийн шижингийн хүндрэх эрсдэлийг бууруулах сайн нөлөөтэй байдаг.
Хэт их хэмжээгээр давс хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлж ингэснээр тархинд цус харвах болон зүрхний шигдээс үүсэхэд хүргэнэ.
Өөрийн өрхийн эмч сувилагчид очиж даралтаа байнга шалгуулж байгаарай.
Таны даралт 120/ 80мм МУБ байх ёстой.
Давсны илүүдэл хэрэглээ нь хэнд илүү эрсдэлтэй бэ?
Хүн амын зарим нэг хэсэг хэт их давсны хэрэглээнээс болж үүсэх сөрөг нөлөөнд илүү эмзэг байдаг. Тэд давсны хэт хэрэглээнээс болоод цусны даралт нэмэгдэх болон бусад өвчин эмгэгт өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд, цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчтэй, бөөрний өвчтэй, чихрийн шижин өвчтэй хүмүүс, тарган, мөн өндөр настай хүмүүс илүү өртөмтгий байдаг.
Та юу хийх ёстой вэ?
Хамгийн сайн мэдээ нь зөв хооллолт, амьдралын зөв хэвшил, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж архи спиртийн хэрэглээг багасгах таны эрүүл мэндийг хамгийн хялбараар, хамгийн амархнаар, хамгийн ихээр сайжруулж болох гол чухал асуудлууд юм.
Та Давсны хэрэглээг бууруулснаар эрүүл мэндийг хохироох аливаа асуудлыг бий болохоос шууд сэргийлж чадна.
Гэртээ хоол, хүнс бэлтгэхдээ анхаарах зүйлс
Энэхүү гарын авлагыг ашиглан өөрийн дуртай хоолыг бэлтгэж, хэрэглэхийг хичээгээрэй. Ингэснээр та давсны хэрэглээг эрс бууруулж чадна. Мөн дараахь зөвлөмжүүдийг дагаж, мөрдвөл зохино. Үүнд:
- Ширээн дээр давс тавихгүй байх
- Хоол, хүнс бэлтгэх үедээ давс нэмэхгүй байх
- Давсгүй цай хэрэглэж сурах
- Ногоо, гоймон, будаа чанах усанд давс хийхгүй байх
- Давсархаг соус, кетчуп, цуу, жан, халуун чили соуснаас зайлсхийгээрэй
- Хүнсний бүтээгдхүүний шошго дээрх шим тэжээлийн мэдээллийг сайтар уншиж, давс багатайг нь сонгоорой
- Шинэ, хатаасан, хөлдөөсөн амтлагч ногоо, халуун ногоо, бусад амтлагчууд, сармис, перец, цууны хүчил, вино буюу лимон, лимоны хүчлийг хоол хүнсэндээ амтлагч байдлаар хэрэглээрэй
- Давсалсан мах, загас, гахайн махыг хэрэглэхийн өмнө усаа хэд хэдэн удаа солих маягаар 24 цагийн турш усанд сойж хэрэглэ. Мэдээжээр та шинэ давслаагүй мах, загас хэрэглэх нь хамаагүй дээр шүү дээ
- Давс ихтэй хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх зайлшгүй тохиолдол гарвал маш бага хэмжээтэй хэрэглээрэй
- Хэрвээ бүтээгдэхүүний шошго дээр натри, давс, давсны уусмал, даршилсан, хатаасан, утсан, давсалсан, цуу гэх мэтийг заасан байвал уг бүтээгдэхүүнээс аль болох бага хэмжээгээр хэрэглээрэй.
Эх сурвалж: НЭМХ-ийн Хоол судлалын төв
URL: