“Тулаанд” бэлтгэх цаг иржээ
-Цэцэрлэгийн нэг ангид 44 хүүхэд байхаар тооцоолжээ-
Цэцэрлэгийн бүртгэл эхлэхэд 11 хоног үлдлээ. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн том “даваа”. Яаж ийж байгаад бүртгүүлчихвэл цааш санаа зовох зүйлгүй болно. Тиймээс энэ “тулаан”-ы төлөө аав ээж, эмээ өвөө, ах эгч гээд ер бүх насныхан дайчлагдана.
Бүртгэл эхлэхээс 3-4 өдрийн өмнө хөнжил, гудас, цай, хоолоо базааж аваад цэцэрлэгийн хаалга сахидаг уламжлал энэ жил ч үргэлжлэх нь. Гэр нь ойрхон хүмүүс ээлж, ээлжээрээ манаанд гарах үүрэг хүлээнэ. Харин хол гэртэй хүмүүс машинтайгаа ирж, урт шөнийг давна. Энэ бол цэцэрлэгт хүүхдүүдээ өгсөн бүх аав, ээжид тохиолддог бэрхшээл. “Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ” хэмээн энэ бэрхшээлийг туулсан бүхэн хэлдэг. Тэгвэл энэ жил байдал өөрчлөгдөх болов уу?
217 МЯНГАН ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ОРНО
Статистик мэдээллээр улсын хэмжээнд 2-5 насны 247 мянга орчим хүүхэд бий. Энэ жил дээрх хүүхдийн 80 орчим хувь буюу 217 мянгыг цэцэрлэгт хамруулах боломжтой гэнэ. Нийслэлд амьдардаг гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа байдаг. Цаасан дээрх тооцоолол ийм ч цэцэрлэгүүд 2-3 дахин ачаалалтай ажиллах магадлалтайг нийслэлийн Боловсролын газраас анхааруулж буй. Түүнчлэн энэ жилийн бүртгэл хатуу хяналттай явагдахыг тус газраас мэдэгдсэн. Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдээ бүртгэсний дараа шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэх нь. Ингэхдээ нэг ангид 44 орчим хүүхэд байхаар тооцоолжээ.
Цэцэрлэгт харьяаны бус хүүхэд бүртгэсэн гэх гомдол эцэг, эхчүүдийн дунд үүсдэг тул оршин суугаа хаяг, харьяа цэцэрлэгийг нарийн гаргасан аж. Тэр ч бүү хэл цэцэрлэгт бүртгүүлсний дараа тухайн хичээлийн жилд хүүхэд тань хэрэглэх ариун цэврийн болон хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлагатай жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргажээ. Нийслэлийн 70 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Бүжмаа “Манайх I-XIX хорооны дунд ганц байдаг 24 цагийн цэцэрлэг. Тиймээс хүүхдээ оруулах гэсэн хүний тоо жил болгон өндөр байдаг. Энэ жилийн бүртгэл өмнөх жишгээрээ явагдана. Бүртгэл явагдах өдрүүдэд дүүргээс томилогдсон Ажлын хэсэг хяналт тавина. Өнгөрсөн жил нэлээд их хүүхэд байсан болохоор энэ жил 40 хүүхэд шинээр авах боломжтой” гэлээ.
ОГТ ЦЭЦЭРЛЭГГҮЙ 22 ХОРОО БАЙНА
Цэцэрлэгт хүүхдээ өгөхийн тулд танил тал, эсвэл мөнгөтэй байх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг талаар аав, ээжүүд ярьдаг. Зөвхөн харьяаллын хүүхдийг авах бөгөөд хандив нэрээр мөнгө авбал дүүргийн Боловсролын хэлтэст хандах тухай журмыг нийслэлийн Боловсролын газраас гаргасан. Энэ журам хэдэн жилийн өмнөөс мөрдөгдөж ирсэн ч цагаа тулахаар танил талгүй, мөнгөгүй бол харьяаллынх байгаад ч нэмэргүй болдог тал бий. Хамран сургах тойрог нь мөн боловч шинээр орж байгаа учраас бүртгэлд нь багтахгүй байх эрсдэл үүсэж буй тул хүмүүс ямар ч үнэ хамаагүй төлөөд хүүхдээ л өгөхийг боддог нь аргагүй.
Цаасан дээрх тооцоолол ийм ч цэцэрлэгүүд 2-3 дахин ачаалалтай ажиллах магадлалтай
Нийслэлийн хэмжээнд л гэхэд огт цэцэрлэггүй 22 хороо бий. Эдгээр хороонд амьдарч буй эцэг, эхчүүд бусад хорооны цэцэрлэгт оронтоо гарвал хүүхдээ өгөхөөс өөр сонголт байхгүй. Нэгэнт нөхцөл байдал ийм тул багш нарт мөнгө барин гүйх эцэг, эхчүүдийг буруутгах бас аргагүй. Ийм хүндрэл үүсээд нэлээд хэдэн жил болж байгаа тул нийслэлийн зүгээс цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих санаачилга гарган хэрэгжүүлж буй. Лхагва гаригт яг энэ ажилтай хотын даргын орлогч газар дээр нь очиж танилцсан.
Албаны хүмүүсийн ярьж байгаачлан сургууль цэцэрлэгийн 14 цогцолбор, улсын хэмжээнд 30 гаруй цэцэрлэг ашиглалтад орвол нэг хэсэг ч гэсэн айлууд хүүхдээ харж хандуулах хүнгүй гэж сэтгэл зовохгүй ажлаа хийх боломж бүрдэнэ. Үүнийг дагаад дээрх хүндрэл бэрхшээл ч аяндаа засагдах билээ. Бяцхан үрсээ гэрт нь бүлтийтэл цоожлоод үлдээхгүйн тулд энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэж хүүхэдтэй хүн бүр хүсэн хүлээж байна.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ
URL: