Хорсол
Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хурал өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж үг хэлсэн юм.
Ерөнхийлөгчийн ийм ууртай, хэрцгий, маш их үзэн ядалтаар сагасан үг хэлж байхыг урьд өмнө хараагүй шиг санагдаж байна.
Уг нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлд “…Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэжээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгнээс энэ тунхаг харагдсангүй.
Яахын аргагүй өс хонзон, хорсол занал дүүрнээр үзэн яддаг дайснаа Прокурорын байгууллагын ойн баярын хурлын индэр дээрээс тайвширтлаа муулж, бас матах шиг болов.
Тэр завгүй. Маш их ажилтай. Энэ олон ойн баярын аль дээр нь ч очиж амждаггүй. Гэхдээ Прокурорын байгууллагын хуралд үг хэлэх нь зөв гэж бодоод очжээ. Энэ тухайгаа прокуроруудад хэлнэ лээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг бүхэлдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хаяглагджээ. Тэр маш ууртайгаар үг хэлэхдээ “…Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Телевизтэй, намтай жирийн иргэн байдаг юм уу, тийм борчуудын хүүхэд бий юү. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юү.
Өмнө нь ийм хүмүүсийн тухай нэг хоёроор ярьдаг байсан бол одоо нэг хэсгээр ярьдаг боллоо. Одоо бүлэглэлээр нь ярьдаг боллоо. Энэ хүмүүс нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо хууль гаргадаг боллоо шүү дээ. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ.
…“Зөвлөгөө өгье”. Гэмт хэрэг хийсэн гэдэг нь, гэмт хэрэгтэн гэдэг нь шүүхээр тогтоогдчихсон хүн өнөөдөр Монголын төрд зөвлөгөө өгөхөөр ирлээ. “Хэрэгтэй бол өгье” гэж. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ, энэ намууд. Түүний оронд тэр залуу үеийн шинэ санаануудыг дэмж л дээ. Монголын нийгэмд, энэ улс төрд тулгамдаж байгаа, төрд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх шинэ санаануудыг дэмж. Тийм шинэ санаанууд зөндөө байна шүү дээ.
… “Би салхилах гэж Монголд ирлээ” гэдэг. Би Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хүний газрын тансаг өндөр үнэтэй байшинд очоод хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй.
…Тэр хамсаатан болгоод, гаргаад зугтаалгасан байгаа дүүгээ авч ирээд салхилуул. Дүүтэйгээ ирээд салхил. Тэр хамсаатан болгоод хэрэг хийгээд гаргаад явуулчихсан байгаа туслахынхаа ахыг аваад ир, тэгээд хамтдаа салхилцгаа. Тэр гаргаад зугтаж яваа хүмүүстэйгээ Монголын салхинд хамтдаа салхил л даа. Заавал тэр хүний нутгаар явж, тэр салхигүй газраар явж зовж яах юм. Монголдоо ирээд сайхан салхил” гэлээ.
Ц.Элбэгдорж цааш “Ерөөсөө саяын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хууль биш Улс төрийн намуудын тухай хуулийг батлах байсан” гэж байна. Тэр сүүлдээ хаана үг хэлээд байгаагаа ч мартжээ гэж ойлгогдов. Бас “…намынхан нь дотроо фракцлаад болохоо байсан. Тийм учраас хууль санаачилж байгаа, яадаг юм. Тэр хуулийг маань “Шударга ёс” эвслийнхэн чаддаг юм бол дэмжээд өгөөч” гэсэн. Прокуроруудад энэ улстөртэй үг ямар хэрэгтэйг, тэд ойлгосон эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч Ерөнхийлөгч тэдэнд хамаг сэтгэлээ л уудаллаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ямар дургүй болохоо, энэ хүнийг л амар тайван байлгаж болдоггүй юм шүү гэсэн захиасыг, үүргийг өгөх шиг болов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гурван жил гаруйн өмнө бас нэгэн индэр дээрээс үг хэлсэн нь санаанд буув. 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Төрийн ордонд нийслэлийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Тэр уулзалт нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилснаас 14 хоногийн дараа болсон юм. Уулзалт үнэндээ экс Ерөнхийлөгчийг баривчилсан асуудлаар олон нийтэд тайлбар хийхэд зориулагдсан байв. Тэр уулзалт дээр “… Хууль шүүх дуудсан бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд босох ёстой. Ир гэсэн газар нь очих ёстой. Хууль руу очихгүй бол хууль өөр рүү нь ирдэг юм. Өөрөө сайн дураараа очихгүй бол албадан авчрах гэж очдог юм шүү дээ. Ингэж Монголын хууль хэрэгжих ёстой юм. Хууль хэрэгждэг юм аа гэдгийг тэд нар харуулж чадсан” гэж мэдэгдсэн. Мөн тэр үеэр “Баривчилгааны үеийг та харсан уу, бас унтаж байсан уу” гэсэн иргэний асуултад “…Би харсан. Хууль хяналтын хүмүүсээс юу болж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхэд тэр хүмүүс бид ажлаа хийж байна гэж хариулсан” гэж байв. Тэр үед инээд алдан баатарлаг дүрээр нийслэлийн иргэдтэй уулзаж байлаа. Харин өнгөрсөн баасан гаригт прокурорын байгууллагын ойд очихдоо уур унтуугаа багтааж ядсан нь түүний хэлж байгаа үг бүрээс үнэртэж байсныг хэлэх хэрэгтэй. Дахин саная. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлд “…Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн байгаа. Харин Ерөнхийлөгч хэн нэгэн улстөрчийг, улстөрийн намын даргыг намнахаар ажиллаж болохгүй. Чухам юунаас болоод яагаад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг дөрөв дэх Ерөнхийлөгч ингэтлээ үзэн ядаж, өөрийн эрх мэдлээр нухчин дарахад бэлэн гэдгээ ил тод илэрхийлэх болов. Намбарын Энхбаяр бол Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан. Бас намын дарга байсан. Цахиагийн Элбэгдорж ч адилхан. Гэхдээ УИХ-ын даргаар ажиллаж үзээгүй байдаг. Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн найман жил гэдэг бага хугацаа биш. Энэ цаг хугацааг өмнөх Ерөнхийлөгчөө “оролдсоор” өнгөрөөж байх шиг байна. Үнэхээр их хросол байгааг өнгөрсөн баасан гаригт харлаа. Эндээс улбаалаад ийм дээрээ тулах чухам ямар шалтгаан байдгийг хоёр Ерөнхийлөгчөөс асуумаар боллоо.
З.БОЛД /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: