Номхон далай гаталсан монгол далайчин

527-14395205508c8e0ee2-caed-4d8d-b449-b0b4276671f7Манай улсад усан замын тээвэр үүсээд өдгөө 100 гаруй жил болж байна. Аль тэртээ 1910 онд Хөвсгөл нуураар Оросын нэг худалдаачин 40 тоннын даацтай жижиг модон онгоц аялуулж байсан түүхтэй. Түүний дараахан нь буюу 1917 онд Хөвсгөлд усан замын тээвэр бий болж, нуурын өмнөд зах Хатгалаас умард хэсэг Ханх хүртэл нийт 137 км усан замаар тээвэр хийдэг болсон байна. .
Зуу шахам жилийн түүхтэй “Сүхбаатар” хөлөг онгоц цагийн аясаар усан тээвэр хийхээ больж, зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж байна. Хөлөг онгоцыг тасралтгүй 35 жил залуурдан яваа туршлагатай ахмад бол Лувсанцэрэнгийн Бадамдорж гуай юм. Хөвсгөл нуурын цэнхэр мандал дээгүүр түүний хөлгөөр аялах явцдаа Л.Бадамдоржтой хэсэг зуур ярилцлаа.
-Далай үнэхээр сайхан юм аа. Цаанаа л нэг тайван тогтуун…?
-Хөвсгөл нууранд 99 гол цутгадаг. Энэ 99 голоос ганцхан Эгийн гол л эх авч урсдаг гэж бодохоор сонин байдаг юм. Ер нь 100 гол цутгасан их усыг далай гэдэг юм гэсэн. Гэхдээ манай Хөвсгөл нуур далайн энтэй нуур юм шүү дээ. Бас далайн зэрэглээтэй нуур ч гэдэг.
-“Сүхбаатар” хөлөг манай улсад байдаг ганц усан онгоц. Онгоцны хувьд хэдэн тоннын даацтай ямар хүчин чадалтай вэ?
-Онгоц маань ачаа тээврийн чирэгч зориулттай, 2000 тонн ачааг нэг мөсөн чирэх хүчин чадалтай, гурван чиргүүлтэй. Сүүлийн үед ачаа ачихаа больж, аялал жуулчлалын чиглэлээр л явж байна даа. Нэг удаад 150-200 хүн тээвэрлэх чадалтай.
-Таны хувьд амьдралынхаа 35 жилийг далайд өнгөрүүлж байна. Яагаад далайтай амьдралаа холбосон бэ?
-Энэ усан зам Ханхад хүрдэг юм. Би бас өөрөө Ханх сумын хүн. Энэ усан зам биднийг хүүхэд байхын л их гоё ажил шиг санагддаг байлаа. Тэгээд 1980 онд цэргээс ирээд ажил амьдралын гараагаа энэ усан замаас эхэлсэн дээ. Би анх онгоцондоо моторчин, манай гэрийн хүн тогоочоор ажиллаж байлаа.
Тогооч, моторчин хоёр гэр бүл болж амьдраад 30 гаруй жил болж байна. Манай үр хүүхдүүд ч гэсэн усан онгоцон дээр биднийг дагаж өссөн. Нэг хүү маань энэ уран онгоцонд ажиллаж, бас нэг хүү маань завь бариад явж байна. Ерөөсөө манай гэр бүлийн бүх л ажил амьдрал усан замтай холбоотой.
-Усан замын тээвэр хийдэг байсан тухайгаа дурсаач. Учир нь хүн болгон тэр дундаа манай залуучууд усан тээвэр хийдэг байсан талаар төдийлэн мэдэхгүй болов уу?
-Ачаа тээврийн эхэн үе…(хэсэг бодлоширсоноо) 1956 онд модоор галлаж явдаг онгоц байлаа шүү дээ. Тэр үед зуны эхэн сараас эхлээд арванхоёрдугаар сарын дунд хүртэл тасралтгүй тээвэрт яваад, хэсэг амарсаны дараа тавдугаар сар хүртэл ууланд мод бэлддэг байсан. Одоо явж байгаа “Сүхбаатар” онгоц 1985 онд ашиглалтанд орсон юм.
Онгоц маань цахилгаан хөдөлгүүртэй болохоор мод бэлтгэх ажлаас чөлөөлөгдсөн. Бид ачаа тээвэрт явдаг байхад юун гэр орон, байнга энэ онгоцон дээрээ. Зургаадугаар сарын 10- аас Арванхоёрдугаар сарын 10 хүртэл гэртээ нэг л удаа хонж байлаа. Тэр нь Улсын наадмын баярын шөнө. 12-ны орой буцаад л далайдаа гарна. Ачаа тээвэрт чинь төлөвлөгөө норм чанга. Социализмын үед түүнийгээ биелүүлэхийн тулд тасралтгүй явдаг байлаа.
-Тухайн үед ер нь юу тээвэрлэдэг байв ?
-Бүх л ачааг тээнэ. Гурван чиргүүлийн хоёр нь хуурай ачаа гэж явдаг байсан. Гурил будаа, барилгын материал ямар л ачаа байна бүгдийг нь тэр хоёртоо ачиж нөгөөд нь шатахуун тээдэг байсан. Баруун гурван аймаг Завхан, Хөвсгөл Увсыг ачаа бараагаар хангаж байлаа шүү дээ.
-Яагаад ачаа бараа тээвэрлэхээ больсон юм бэ?
-Оросоос бараа авахаа больсон.
-Хэрэв буцаад ачаа тээвэрт явбал танд сайхан уу?
-Сайхан байлгүй яахав. Ханхруугаа л яваад байна даа.
-Ер нь ачаа тээвэр, аялал жуулчлал хоёр их ялгаатай биз дээ?
-Ялгаатай байлгүй яахав. Аялал жуулчлал ердөө хоёр сарын л ажил шүү дээ. Зургаадугаар сарын 20-доор далайн мөс гэсч дуусахаар аялал эхэлнэ. Наймдугаар сарын 20 гээд аялагчдын хөл татарна. Зуны аялал жуулчлалын үед усан онгоц дээрээ л улирлыг өнгөрөөнө. Тэгээд ер нь хүнд үйлчилнэ гэдэг хэцүү. Аваар осол гарах юм бол аймаар юм болж мэднэ. 35 жил ажилласан байна уу хамаагүй аваад л явна.
-Далайчин хүний жаргал, зовлон юу байдаг юм бол?
-Гурван чиргүүлээр дүүрэн ачаа аччихаад далай дээр аялж байх, төлөвлөгөө нормоо биелүүлээд сэтгэл дүүрэн явах л сайхан даа. Хүн ажил ихтэй завгүй байвал хамгийн сайхан жаргал шүү дээ. Аялал жуулчлалын чиглэлээр ажиллуулаад энэ олон аялагч, зорчин явагчтай дуулж хуурдаад газар орноо үзүүлж, нуур онгоцоороо бахархаж яриад явах нь л сайхан байдаг юм.
-“Сүхбаатар” онгоц хэдэн онд хувьчлагдсан юм бэ?
-Анх 1997 оноос эхэлсэн. “Тас” корпараци аваад ажиллуулж чадаагүй. Дараа нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль аваад 2001 оноос хойш таван жил жоохон амилуулж байсан юм. Тэгээд 2005 оноос хойш “Номин холдинг” авсан. Эхлээд овоо л ажиллуулж байснаа одоо сонирхол нь жоохон буураад л байна.
-Хэдийгээр хувийн өмч болсон ч манай улсад байдаг ганц хөлөг онгоц юм даа?
-Энэ онгоц Монголийн маань ганц юм. Хөвсгөл аймгийнх биш. Үржинбадам захирал бид хоёрынх ч биш. Хөвсгөл нууранд хөвж яваа ганц хөлөг онгоц. Гэтэл төр засаг ч гэсэн дэмжихгүй татварын бодлогоор хавчаад дарамт бол маш их байдаг.
-Ажил амьдрал бүхий л зүйлээ хөх далайтай холбосон болохоор та хүн хүнээс илүү хүндэлж биширдэг байх даа?
-Тийм ээ. Далай ээжийн хөвөөнд ажил амьдралаа үүсгэлээ. Өглөө босоод би бас манай гэрийн хүн ч гэсэн цайныхаа дээжийг өргөж далай ээждээ залбирдаг. “Өндөр бүрэн хаан минь, өргөн далай ээж минь, өршөөж хайрла” Энэ үг байнга аманд уяатай. Би уг нь Шаргачин овогтой хүн хэдий ч далай дээр ажил амьдралаа үүсгэсэн учраас өөрийн ургийн овгоо Далай болгож өөрчилсөн.
Бидний ярилцлага ингээд өндөрлөсөн юм. Тиймээ, Л.Бадамдорж гуайн Хөвсгөл далайн мандал дээр өнгөрүүлсэн 35 жилийн амьдрал, ажил үйлс, туулсан замыг тооцож үзвэл нийт 240 мянга гаруй километр болж байгаа юм.
Тэгвэл Номхон далай баруунаас зүүнтээ хүртэл 20 мянга орчим километр байдаг байна. Тийм болохоор ярилцлагын маань баатрын Хөвсгөл далай дээр өнгөрүүлсэн цаг хугацаа, туулсан зам нь Номхон далайг баруунаас зүүнтээ, зүүнээс баруунтаа зургаан удаа гаталсантай тэнцэх ажээ.
Тиймээс энэ бичил бичвэр, ярилцлагаа “Номхон далай гаталсан монгол далайчин” гэж гарчигласан минь энэ.
Б.Золжаргал 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих