Н.Энхбаяр баярлах болоогүй буюу Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хориг тавина
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуралдаанаар Өршөөл Үзүүлэх тухай хуулийг баталлаа. Маргааш нь буюу өчигдөр орой Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдсан ч албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийнх нь ялтай байх хугацаа нь дуусаагүй байсан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэв. Мэдээж нисэх онгоцны буудлын үүдэнд баахан сэтгүүлч цуглуулж, уул усаа саналаа, одоо Монголоо л хөгжүүлье гэх мэт “уянгын тойрог” хийхээ мартсангүй. Мөн энэ үеэрээ Шадар сайд болохгүй гэдгээ хэлсэн юм. Өнөө өглөө МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн гишүүдийг цуглуулж, хуралдахаар зар тараасан гэх мэдээлэл байна.
Ийнхүү өршөөлийн хуульд хамрагдсан Н.Энхбаяр яаран эх орондоо ирсэн шалтгааныг хэнийг сайд болгохыг шийдэх гэж ирсэн гэхээс илүү Өршөөл үзүүлэх тухай хуулинд хориг тавиулахгүй байхаар МАН-ынхантай тохиролцох явдал гэж эх сурвалжууд тодорхойлж байна. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр уг хуулийн тухай : “УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.
Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид – УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.
Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй.” хэмээсэн юм. Мөн хуулийн эцсийн хувилбар гармагц Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулинд хэсэгчилсэн хориг тавих нь тодорхой болоод байна. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулинд хоригийг хүлээн авахад УИХ-ын 26 гишүүн шаардлагатай.
Иймээс л саяхан Засгийн газраас “хөөгдсөн” Монгол Ардын Нам одоо дахин улс төрийн эгзэгтэй шийдвэрийг гаргах гол хүчин болоод байна. Одоогоор Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын хэн нь МАН-тай тохиролцож чадахыг хэлэхэд бэрх юм. Юутай ч Н.Энхбаяр баярлах болоогүй байна.
agshin.mn
URL: