МАХН-ынхан “хор найруулаад” түмэн завгүй
- Н.ЭНХБАЯР ШАДАР САЙД БОЛОХ УУ-
Сайд нараа огцруулж, Галт зэвсэг, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиа баталсны дараагаар Өршөөлийн хуулиа шүлэг, нойрны цагаар баталсан төрийн түшээд өчигдөр нам жимхэн өнжлөө. Харин хэнийгээ сайд болгох вэ, хэндээ хэдэн суудал өгөх вэ гэх бодолд толгой мэдүүлсэн АН-ынхан болон МАХН-ынхны өрөө л бужигнаантай өнжив. АН-ынхан бүлгийн даргынхаа өрөөгөөр байн байн орж гарч байсан бол МАХН-ынхан Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нарын гишүүний өрөөнөөс салсангүй. Тухайлбал, Ц.Шаравдорж, Н.Батшугар, Э.Эрдэнэжамъян гээд МАХН-ын угшилтай нөхөд хоёр гишүүний өрөөгөөр орон гаран, ээлжгүй утас цохисоор үдтэй золгоно билээ. Учир нь, Өршөөлийн хуулийг баталсны маргааш тэдэнд баяр хөөрөө хуваалцах, цаашдын төлөвлөгөөгөө гаргах гээд ярьж хөөрөх зүйл цөөнгүй л байдаг биз. Гэхдээ үүний цаана хамгийн ноцтой нь Н.Энхбаяр юу юугүй улс төрд эргэж ирэх яриа. Эртнээс урт шар дээлт гэх нэрээрээ алдаршсан Намбарын хүү Төрийн ордноор ажилтай болох цаг тун ойрхон байгаа нь бодит үнэн болж таарч байна. Яагаад гэвэл Өршөөлийн хуулийн дагуу тэрбээр ял зэмгүйд тооцогдсоноор“Энхийн цагаан тагтаа” болон хувирчихаад байгаа. Өөрөөр хэлбэл, хэдийгээр шүүхээс ял сонсч, хоёр жил гаруйн хугацаанд эмнэлэгт ялаа эдлэн шуугиан тарьж байсан ч энэ бүхэн нь түүхээс арчигдаж байна гэсэн үг. Ингэснээр Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэл хүлээж байсан гэдэг намтаргүй болж, хүссэн албандаа хүчин зүтгэх боломжтой болж байгаа юм. Угаасаа цаг үе нь ингэж таарсан учраас олдсон боломжийг тэр алдахгүй нь ойлгомжтой. Цаг үе таарсан гэдэг нь МАН-ын зургаан сайдыг засгаас гаргасан, оронд нь эрх баригч нам хамтарч байгаа нөхөдтэйгөө бялуугаа хувааж байгаа цаг. Гэхдээ гаднаас нь харахад цаг хугацаа ингэж таарч байгаа юм шиг атлаа цаагуураа нөхөд ингэж тааруулсан байж ч болох. Учир нь, улс төр гэдэг жүжиг болчихоод байгаа энэ цаг үед. Ямартай ч тохироо нь бүрдсэн цаг үед энхийн цагаан тагтаа болон хувирч байгаа Н.Энхбаяр улс төрд эргэн ирнэ, тэр бүү хэл, намд нь ногдоод байгаа дөрвөн ч суудлын нэгийг буюу Шадар сайдын албан тушаалд залрах магадлал тун өндөр байна гэх мэдээлэл Шаргал ордонд түгээд байна. Энэ ч үнэний ортой байж мэдэх. Учир нь АН-ынхан“Шударга ёс” эвслийнхэнд гурван суудал амласан ч тэд голсон төдийгүй нэмж нэг суудал авна хэмээн“даварсан” сураг дуулдсан. Гэтэл МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан“МАН-ын зургаан сайдыг огцруулбал сайн дураараа ажлаа өгнө” гэдгээ албан ёсоор биш ч твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн нь биеллээ олж, тэрбээр ойрын хугацаанд ажлаа өгөх гэж байгаа гэх мэдээлэл чих дэлссэн. Тийм ч учраас МАХН-ынхан дөрвөн суудлаа хангалттай хуваарилаад зогсохгүй Н.Энхбаярыг Шадар сайдад өгөхөөр ярилцаж байгаа сурагтай. Ямартай ч Төрийн ордонд төрийн түшээд энэ өдрүүдэд хороо найруулж байна. Үндсэн үүргээ биелүүлсэн ээлжит бус чуулган зургаан сайдын суудлаа алиныг нь ч гомдоохгүй байдлаар хуваарилчихвал үүргээ гүйцэтгэх нь. Намуудын тохироо нэг тийш болсноор сайд нарынхаа нэрсийг өргөн барих бололтой.
М.Өнөрөө
- See more at: http://www.unen.mn/content/52940.shtml?alias=politics#sthash.GqvgxGBs.dpuf
URL: