Л.Месси, Л.Суарез, К.Роналдо нар Европын шилдэг хөлбөмбөгчний төлөө өрсөлдөнө
Европын Хөлбөмбөгийн Холбоо УЕФА-гаас 2014-2015 оны Европын шилдэг хөлбөмбөгчний төлөө өрсөлдөх эцсийн шатны 3 хөлбөмбөгчинг зарлалаа. Энэ удаа Европын шилдэг хөлбөмбөгчний төлөө Испаний Барселона багийн Л.Месси, Л.Суарез нартай Реал Мадрид багийн К.Роналдо тунаж үлдсэн байна.
2011 оноос тодруулж эхэлсэн тус шалгаруулалтанд УЕФА-н харьяа 54 улсын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулах ажээ. Европын шилдэг хөлбөмбөгчнөөр өнгөрсөн жил Реал Мадрид багийн К.Роналдо, 2013 онд Бавари Мюнхэн багийн Ф.Рибери, 2012 онд Барселона багийн А.Инеста, 2011 онд Л.Месси нар шалгарч байсан.
Эхний шалгаруулалтанд Европын шилдэг лигүүдэд тоглож буй 10 тамирчинг тодруулсан байна. Италийн СериА лигээс хамгийн олон буюу 5 тоглогч, Испаний Ла лигээс 4 тоглогч, Английн Примейр лигээс 1 тоглогч орсон байна. Английн Челси клубын Э.Азард эхний шалгаруулалтанд 21 оноо авч 6-р байранд орсон бол Италийн Ювентус багийн Ж.Буффон 24 оноогоор 4-т, Барселона багийн Неймар 23 оноогоор 5-р байнад, 7-10-р байранд Ювентус багт тоглож байсан А.Пирло, А.Видал, К.Тевес, мөн багийн П.Погба нар багтжээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Л.Месси Барселона багийн хамт Ла лиг, Копа дель Рей болон Аваргуудын лигт түрүүлсэн. Лигтээ 43 гоол, 18 ассист өгч, 5 удаа хет-трик хийсэн.. Л.Суарез мөн адил Барселона багтай Лиг болон цомын тэмцээнд түрүүлж, Аваргуудын лигт түрүүлж, лигтээ 25 гоол, 20 ассист өгсөн байна. Месси, Неймар, Суарез гурав өнгөрсөн жил хамтдаа 122 гоол оруулсан. Харин К.Роналдогийн хувьд лигтээ 48 гоол оруулсан бөгөөд 8 удаа хет-трик хийж, 5-р сарын шилдэг тоглогч болсон.
Европын шилдэг хөлбөмбөгчнийг 8-р сарын 27-нд явагдах УЕФА-н Аваргуудын лигийн хэсгийн сугалаа явагдах өдөр тодруулна.
Б.Санчир (Бямбабаяр)
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/1995
URL: