“Голдман сакс” банкны сүйрэл Оюу толгой, Таван толгойгоос хэр холуур өнгөрөх вэ?

“Голдман сакс” банкнаас зээл аваагүй томоохон аж ахуйн нэгж Монгол Улсад цөөхөн дөө. MSC группээс эхлээд “Монгол газар” компани хүртэл зээл авсан байдаг юм. Мөн энэхүү банк санхүүгийн зөвлөгөө өгөх, аудит хийх нэрээр манай олон компаниудаас 100 мянгаас нэг сая ам.долларын  хөлс авсан гэдэг.

Сүүлийн жилүүдэд “Голдман сакс” банк аль салбарт хөрөнгө оруулахаа зарим улс оронд мэдэгдэх болсон. Өөрөөр хэлбэл энэ банкны хүсэлтээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил урагшилж байна гэсэн үг. Хэдэн жилийн өмнө “Голдман Сакс” банкны санхүүгийн ажилтан Дэвид Виниар “Монгол Улсад казино байгуулбал хөрөнгө оруулалт хийхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн сургаар парламентын гишүүд казино байгуулах хууль гэгчийг өргөн барьж байсан билээ.

“Голдман сакс” банк  санхүүгийн бирд шиг ажилладаг гэхэд хилсдэхгүй. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэнд мөнгө хэрэгтэй болно, түүнд хүрч ажиллана. Тэгэхдээ тэр хүнийг, тэр улсын юуг барьцаанд авахаа мэднэ. Манайхаас л гэхэд 100 тонн алтны нөөцний “Олон овоот” ордыг барьцаанд авсан байсан. Харин “Анод” банк давхар барьцаанд авч мөнгө зээлдүүлж сүйрсэн билээ.

“Голдман сакс” банк “Олон овоот”-ын асуудлаар Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөх гэж байсан. Арбитрын шүүх дээр ялагдахаа мэдсэн Засгийн газар дээрх банктай хэлэлцээр хийж хязгааргүй эрх олгосон юм билээ. “Айвенхоу майнз” компанийн хувьцаа эзэмшигч “Голдман сакс” банкийг Оюу толгойн зөвлөгчөөр томилсон. “Айвенхоу майнз” компанийн хувьцаа эзэмшигч банк монголчуудын эрх ашгийг хамгаалах нь нь юу бол. Ганц Оюу толгой ордыг өгөөд дуусахгүй Таван толгой ордод ч зөвлөгчөөр сонгосон. Уг нь “Жаст” групп “Олон овоот”-ын авсан  зээлийг алтаараа төлж байгаа юм билээ.

Энэхүү  банк өдгөө америкийн хэвлэлүүдэд ид бичигдэж байна. “www.rollingstone.com” сайтад бичсэнээс сийрүүлье. 2010 оны дөрөвдүгээр сард АНУ-ын сенатаас “Голдман сакс” банкинд эрүүгийн хэрэг үүсгэх санал гарчээ. Эрүүгийн хэрэг үүсгэх болсон шалтгаан нь юунаас үүдэлтэй вэ.  Мичиган мужийн ардчилагч Карл Ливин мөн Оклахома мужийн Бүгд Найрамдах Намын Том Кобурн дэлхийн эдийн засгийн хямралын талаар задлан шинжилгээ хийсэн материалдаа “Дэлхийн санхүүгийн хямрал томоохон олигархуудын зохион байгуулсан гэмт үйлдэл” гэж мэдэгджээ.

Санхүүгийн хямралын  үе буюу 2007 оны хоёрдугаар сараас “Голдман сакс” банк үл хөдлөх хөрөнгийг баруун солгойгүй авч эхэлсэн байна. Зургаан тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгө нь хоромхон зуур 16 тэрбум ам.доллар болон өсчээ. Ийнхүү америкчуудын үл хөдлөх хөрөнгө “Голдман сакс” банкны мэдэлд ирэв.

Үүнээс нэг их удалгүй “Голдман сакс”-ын томоохон үйлчлүүлэгчид хөрөнгө оруулалтаа авахаар дугаарлаж эхэлсэн. Дээрх банк үйлчлүүлэгчдийг олон сараар хууран мэхлэх ажилд оров. Энэ хүндрэлтэй байдлаас гарахын тулд ихээхэн хэмжээний ашиг олно гэж найдаж цуглуулсан үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн худалдах ажилд оржээ.

Энэ талаар  “www.rollingstone.com” сайтад “Банкны удирдлага  борлуулалт хариуцсан хүмүүстээ  урамшуулалтай худалдааг санал болгож борлуулалт хий гэсэн чиглэл өгсөн. Санхүүгийн олигархуудын хувьд дээрх чиглэлийг “цавчилт” гэж нэрлэдэг. “Голдман сакс” банкнаас Тимберволфын “цавчилт” гэсэн төлөвлөгөөг 2007 оны хавар шийдвэрлэхээр удирдлагын дээд түвшинд авч үзсэн. Энэхүү “Цавчилт” төлөвлөгөөнөөс үүдээд “Голдман сакс” банк 13 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн аж.

Тавдугаар сарын 20-ны өдөр Виниар, Спарск нар хурлын танхимд power point ашиглаж пресентэйшн тавьсан ба “Голдман сакс” банкны зээлийн асуудал дээр Тимберволф болон зээлийн барьцааны асуудлыг шийдэх талаар голлон ярилцсан. Тэрээр дараагийн удаагийн электрон захидалдаа ихээхэн хэмжээний торгуулийн тухай дурьдсан байсан. “Энэ бол зах зээлийн уналтын бодит дүр зураг мөн” гэжээ.

“Голдман сакс” банк америкчуудын үл хөдлөх хөрөнгөд шунан дурлахдаа асар их чанаргүй зээл гаргасан. Энэхүү чанаргүй зээлээ даатгалын компаниудаар төлүүлж байсан аж. АНУ-ын сенатын гишүүд “Татвар төлөгчдийн 13 тэрбум ам.долларыг луйвардаж авснаа тайлбарлахыг” шаардахад “Голдман сакс” банкны гүйцэтгэх захирал Лоид Бланкфэй “Голдман сакс” банк АНУ-ын зах зээлд богинохон хугацаанд асар их дарамт үзүүлэх болсон. 2007-2008 онуудад зээлийн барьцаатай холбоотой асуудал хөрөнгийн зах зээлд нийцэхгүй байсан. Бид нийт зах зээлд хүндрэл учруулаагүй харин зөвхөн өөрийнхөө хэрэглэгчдэд л хүндрэл учруулсан” гэжээ.

Үүсгэн байгуулагчдын нэг л гэхэд АНУ-ын Сангийн сайдаар ажилладаг гэх “Голдман сакс” дампуурлын ирмэг дээр байна. Үүнийг америкчууд нуухгүй байгаа юм. Гэтэл энэ банкинд эрдэнэсийн хайрцаг болсон Оюу толгой, Таван толгойгоо манайхан даатгаад байгаа аж. Тэр тусмаа хувьцааг  дэлхийн зах зээл гаргах, борлуулах эрхийг олгоод байгаа юм.

Агуу их АНУ-ын сенатыг олон жил хуурсан “Голдман сакс” банкнаас гадны хөрөнгө оруулагч компаниуд үргэх вий дээ. Дэлхийн санхүүгийн тэргүүлэгч гүрэн АНУ-д дарамт учруулж чадсан юм чинь манайх шиг улсыг хөлдөө чирчихэж мэдэх юм.  АНУ-ын хэвлэлүүд дээрх банкны асуудлыг эдийн засгийн сүйрэл хэмээн бичиж байна. Дэлхийн хэмжээний санхүүгийн аварга гүрвэл унахдаа ойр орчимдоо ихээхэн дуу чимээ, доргилт чичиргээ үүсгэх нь мэдээж. Харин энэхүү аварга “амьтныг” зөвлөгчөөрөө сонгосон, хөрөнгө нь барьцаалагдсан компаниуд дээрх сүйрэлд өртөхгүй байх хэр магадлалтай вэ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих