Өнөөдөр Уильям Шекспирээр овоглодог “Globe” театрынхан “Гамлет” жүжгийг тоглоно
Их Британийн алдарт “Globe” театрын уран бүтээлчид өнөөдөр Монголын тайзнаа “Гамлет” жүжгийг тоглох гэж байна. Уран бүтээлчид энэхүү жүжгийг Англи хэл дээр шинэчилсэн найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 19.00 цагаас тоглох юм.
Уильям Шекспирээр овоглодог Globe театрын уран бүтээлчид дэлхийн 205 орноор аялан тоглож байгаа бөгөөд одоогоор 115 орны үзэгчдэд тус сод бүтээлийг толилуулжээ.
ЮНЕСКО-гоос суут зохиолч Уильям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойг тохиолдуулан энэхүү аялан тоглолтыг зохион байгуулж байгаа ажээ. Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх энэ аялал нь тус театрын түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан тоглолт юм байна. “Гамлет” жүжиг нь анх 1601 онд “Globe” театрын тайзнаа тавигдаж байсан бол 2015 онд УДЭТ-ын тайзнаа тус театрын уран бүтээлчид монголын үзэгчдэд зориулан тоглох гэж байна.
Шекспир амьдралынхаа турш нийт 37 жүжгийн зохиол туурвисан ба тэрбээр 37 настайдаа Гамлет зохиолоо бичжээ. Монгол улс Гамлет жүжгийг анх 1980 онд С.Галсанжавын найруулгаар УДЭТ-ын тайзнаа тавьж, түүнээс хойш 32 жилийн дараа найруулагч Н.Наранбаатарын найруулгаар дахин үзэгчдийн хүртээл болсон байдаг.
Дэлхийн сонгодог жүжгийн охь бүтээлийг Шекспирийн “Globe” театрын жүжигчид англи хэл дээр Монголын үзэгчдэд зориулж тоглох гэж байгаа нь сонгодог урлагт дурладаг үзэгчдэд онцгой бэлэг байх нь гарцаагүй биз ээ.Билетийг Драмын театрын билетийн кассаар худалдаалж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99026929 дугаарын утасаас авна уу. Тасалбарын үнэ: 30.000 төгрөг.
URL: