Иргэд тайван орчинд унтаж амрах эрхээ эдлэмээр байна Үүл даргаа
Яг одоо шөнийн 03:30 цаг болж байна. Нээлттэй цонхны цаанаас караокены цангинасан хөгжим, түүнийг даган дуулах халамцуу хүмүүсийн дуу гэхээсээ илүүтэй хашгирааныг зэргэлдээх байрны иргэн би даган дуулах хэмжээнд сонсож байна.
Нийслэл хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн 7-р сарын 9-ны өдөр А/609 тоот захирамжийг гаргасан. Тус шийдвэр ёсоор бол архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд шөнийн 04:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн.
Харамсалтай нь Үүл даргын гаргасан дээрх шийдвэр баар, караокены зэргэлдээ амьдардаг орон сууцны иргэдэд “ял” болж үйлчиллээ. Учир нь орон сууцны дэргэдэх караокений дуу хөгжим, халамцуу согтуу хүмүүсийн өөр хоорондоо муудалцах, зодолдох, хашгирах дуу чимээ ойр орчмын байрны иргэд тайван амгалан унтаж амрах бүү хэл шөнө дунд орондоо караокег даган дуулах хэмжээнд хүргэж байна. Ялангуяа 13-р хороолол орших SB центерийн Алтангадас караокег энд онцлон дурьдаж болно. Тус төвийн дэргэд Баянзүрх дүүргийн 18-р хорооны 11, 12, 13, 61-р орон сууцны байр оршдог. Эдгээр байрны иргэд тайван сайхан унтаж амрана гэдгийг мэдэхээ болиод сар гаруй хугацааг өнгөрүүлж байна.
Ийнхүү баар, караокений дэргэд амьдардаг иргэд хотын даргын шийдвэрээс болж дутуу нойртой, дундуур амралттай өглөөг угтдаг боллоо. Үүнээс улбаалан эдгээр иргэдэд хоёр сонголт үлдэж байх шиг.
Эхнийх нь цонх салхивчаа онгойлгон караоке дуулах, өөр хооондоо согтууран муудалцах иргэдийг босч ажиглах, дууг нь даган дуулах, хэн хэрхэн дуулсныг “шүүх”
Хоёрдох нь цонхоо салхивчаа хаан, дуу чимээг үл тоон амрах ч улмаар агаар сэлгээгүй, бөгчим халуунд унтах гэсэн хоёр сонголт л баар, караокены дэргэдэх орон сууцны иргэдэд үлдэж байна.
Магадгүй зарим хүмүүс хэлэх байх, гуравдах сонголт буюу зуслангийн байрандаа очих гэж…, үнэндээ энгийн иргэдийн олонхи нь ганц орон сууцандаа амьдарч байна. Тэдэнд сайд дарга нар шиг элдэв аргаар олсон хөрөнгө мөнгө байхгүйн улмаас зуслангийн газар байр ч мөн байхгүй. Тиймээс өвөл зунгүй лизингийн ганц байрандаа амьдардаг. Гэтэл хотын даргын иргэдийг согтууруулах ундаа хэрэглэхийг дэмжсэн дээрх “гайхамшигтай” шийдвэр баар, караокены дэргэд байх орон сууцтай иргэдийг тул “хохь чинь” гэж байгаа мэт үйлчлэх боллоо.
Хотын дарга та нэн даруй дээрх шийдвэрээ эргэн харж нэг бол цуцлах, нөгөө бол караокений үйлчилгээ эрхэлдэг газруудын үйлчилгээ эрхлэх цагийн хуваарийг шөнийн 00:00 цаг болгон өөрчлөх шаардлагатай байна. Эс бөгөөс таныг дараагийн сонгуулиар дамжих иргэд саналаа буцаахад хүрч байна гэдгийг та эрх биш ойлгоно гэдэгт итгэж байна.
Иргэдийгээ шөнөжин архидан согтуурахыг хүлээн зөвшөөрч дэмжсэн энэ шийдвэрээс чинь болж ямар олон сөрөг үр дагавар гарч байгааг та анзаарсан болов уу. Удахгүй 9 сарын 1-ний өдөр болж оюутнууд хичээл сургуульдаа ирнэ. Энэ үеэр Э.Бат-Үүл дарга таны иргэдийнхээ архидан согтуурах цагийг сунгасан дээрх шийдвэр хэвээр байвал олон залуус гэмт хэргийн хохирогч, сэжигтэн болох үндэслэл бүрдэх биш үү?
А.Гал
Эх сурвалж : undesten.mn
URL: