Н.ЭРДЭНЭБАЯР: ЭНЭ ЖИЛИЙН ХУВЬД ЦУСНЫ ХОМСДОЛД ОРООГҮЙ
-Энэ жилийн эхний долоон сарын байдлаар манай төвийн цуглуулсан цусны нөөц өмнөх оныхоос 20 гаруй хувиар нэмэгдсэн статистик үзүүлэлт гарсан. Жилээс жилд цусны нөөц нэмэгдэхийн хэрээр цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна. Бид Улаанбаатар хот дахь улсын болон хувийн 60 гаруй эмнэлгийн байгууллагын цус, цусан бүтээгдэхүүнээр хангах, шаардлагатай үед хөдөө орон нутагт алсын тээвэрлэлт хийж, орон нутаг дахь ховор бүлгийн цусны бүтээгдэхүүний хэрэгцээг хангадаг. Бид тэдгээр байгууллагатай жилд нэгээс доошгүй донорын өдөрлөг хийх гэрээтэй ажилладаг. Үүний дагуу ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт наймдугаар сарын 7-нд донорын өдөрлөг зохион байгуулсан юм. Сүүлийн үед донорын тоо нэлээдгүй нэмэгдэхийн хэрээр цусны эрэлт хэрэгцээ ч нэмэгдээд байгаа. Зуны улиралд цусны донорын тоо буурч зарим бүлгийн цус ховордох тохиолдол гардаг. Гэхдээ манай байгууллага энэ жилийн хувьд цусны хомсдолд ороогүй.
-Манай улсын цусны нөөц бусад цөөн хүн амтай гадаадын улс оронтой харьцуулахад хэр хангалттай хэмжээнд байдаг вэ?
-ДЭМБ-ын цусны хөтөлбөрөөс тухайн улсын эдийн засгийн хөгжил болон нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ зэргээс хамаараад тодорхой төвшний цусны хэмжээг зөвлөмж болгосон байдаг. Дундаж хөгжилтэй орны нийт хүн амьн 1.5 хувь нь цусаа байнга өгдөг байхад тухайн улсынхаа цус, цусан бүтээгдэхүүнийг хангана гэж үздэг. Гэтэл манай улсын хувьд 0.9 хувьтай байгаа юм. Учир нь орон нутагт цус, цусан бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ бага байдаг тул донорын шаардлага цөөн байдагтай холбоотой. Харин Улаанбаатар хотын хувьд 1.1-1.3 хувьтай байгаа нь зохих төвшинд хүрэхүйц болж байгаа юм. Цус, цусан бүтээгдэхүүнийг 21 хоногоос нэг жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой байдаг. Тухайлбал, улаан эсийг 21-42 хоног хүртэл, ялтаст эсийг дөрөв хоног л хадгалах боломжтой байдаг. Тийм учраас ихэнхдээ богино хугацаанд хадгалах горимтой цусан бүтээгдэхүүнүүд хомсдох тохиолдол нэлээдгүй гардаг. Манай төвд 2013 онд 16800 хүн цусаа бэлэглэсэн. Харин өнгөрсөн онд 18800 болж өссөн. Тэгвэл энэ онд одоогийнх шигээ донорын тоо нэмэгдээд байвал 23000 донороос цус цуглуулах боломж бий.
-Цусан бүтээгдэхүүн хэчнээн төрөл байдаг вэ?
-Бид Монгол Улсын хэмжээнд 15 төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Цаашид зарим төрлийн цусны бүтээгдэхүүнийг сайжруулах, шинэ төрлийн цусны бүтээгдэхүүнийг бий болгохоор зорьж ажиллаж байна.
-Танай төвөөр өдөртөө хэдэн насны хэчнээн хүн цусаа бэлэглэж байна вэ?
-Өдөрт дунджаар 80-100 гаруй хүн үйлчлүүлдэг. Зуны улиралд 60-80 болж багасах хандлагатай байдаг. Учир нь цусаа бэлэглэдэг донор оюутнууд, төрийн байгууллагынхан амарч, цэрэг, цагдаагийн албан хаагчид хээрийн сургуулилтад гардагтай холбоотой. Насны хувьд 17-35 насны хүмүүс 60 гаруй хувийг эзэлдэг.
-Хүн цусаа хэдэн сарын давтамжтай өгөх ёстой вэ?
-Биеийн байдал эрүүл, 17 нас хүрсэн ямар ч хүн цусаа өгөх боломжтой. Жилд эмэгтэй хүн дөрвөн удаа, эрэгтэй хүн зургаан удаа цусаа өгч болох бөгөөд 35 удаа цусаа өгсөн бол Улаан загалмайн нэрэмжит “Хүндэт донор” болох юм. Монголд хамгийн олон удаа цусаа өгсөн Бум-Эрдэнэ хэмээх хүндэт донор байдаг бөгөөд тэрбээр 180 удаа цусаа өгсөн байдаг.
-Ямар нэгэн зүйлээс харшилтай хүн цусаа өгч болох уу?
-Харшил хөдөлсөн болон харшлийн эсрэг эм бэлдмэл хэрэглэж байгаа үед цус өгөх боломжгүй. Ер нь хүн ямар нэг өвчин зовиуртай байгаа тохиолдолд цус өгөх боломжгүй юм. Гэхдээ харшил сэдрэх үе өнгөрсний дараа цусаа өгч болно. Мөн харшилтай хүн цусаа өглөө гээд цусыг нь авч байгаа хүн нь харшилтай болохгүй.
-Танай төв цаашдаа цусны хангамжийг сайжруулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн зургадугаар сард ISO 15189 гэсэн стандартыг нэвтрүүлсэн лабораторийг байгуулсан. Мөн удахгүй ISO 9001 стандартыг нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал сайжрах юм. Мөн Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүн хадгалах сүүлийн үеийн техник технологитой шинэ төвийг нээхээр төлөвлөөд байна. Бид энэ ажлыг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлж, 2016 оны ажлын төлөвлөгөөндөө оруулсан. Уг төв нээгдсэнээр цус, цусан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадал тав дахин нэмэгдэх боломжтой юм. Мөн иргэдэд цусаа өгөхийн ач холбогдол, донорын талаархи мэдээлэл олгох аян, сургалт зэргийг тогтмол хийж байна. Түүнчлэн донорыг урамшуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шатлал харгалзалгүй авах, жилд нэг удаа сувилалд амруулах зэрэг боломжийг олгож байгаа юм.
Ш.Цогзолмаа
URL: