Гэрчилгээтэй болсон иргэд талархав

771bb08a30729f2f4f5568037dce94bbig

Хан-Уул дүүргийн дөрөв, 11-р хороодын 302 өрх энэ зунаас одоо оршин суугаа газраа ашиглах албан ёсны зөвшөөрөлтэй болсон билээ. Тодруулбал, Зайсан, Арцатын амны тусгай хамгаалалттай газрыг БОНХАЖ-ийн яам, тус салбарын сайд Д.Оюунхорол иргэдэд ашиглуулах амлалтаа өнгөрсөн хугацаанд ажил хэрэг болгосон юм. Хэдэн жил дамнан газрынхаа гэрчилгээг хөөцөлдсөн иргэдийг ойлгож, тулгамдсан асуудлыг шийдэж өгсөнд талархаж буйгаа тэдгээр иргэдийн төлөөлөл илэрхийлж, мэдээлэл хийсэн юм.

Зайсангийн аманд 1968 оноос хойш суурьшсан 600 орчим өрх айл амьдардаг. Эдгээрээс эхний ээлжинд газрын маргаангүй,  ямар нэгэн зөрчилгүй, уугуул иргэд болох 302 айлд газар ашиглалтын гэрчилгээг олгосон байна. Жишээлбэл, ХУД-ийн IV хорооны иргэн Д.Отгончимэгийн гэр бүл энэ аманд 1970 оноос хойш 45 жилийн хугацаанд амьдарч байгаа юм. Д.Отгончимэгийн нөхөр энд төрж, өсчээ. Ингээд өнгөрсөн хугацаанд газар эзэмших зөвшөөрөл авах хүсэлтээ холбогдох газруудад тависаар ирсэн ч саяхныг хүртэл нааштай хариу нэг ч байгууллагаа өгдөггүй байжээ.

 

  • Нэг хашаанд долоо, найман айл байгаагийн улмаас газрын гэрчилгээг  хэний нэр дээр гаргах вэ гэдэг асуудал маргаан үүсгэсэн тухай иргэд хэллээ. Ийм маргаантай байгаа зарим айл өрхийн гэрчилгээ гараагүйг иргэдийн төлөөлөл онцолсон юм. Түүнчлэн төрөх, өсөх наснаасаа амьдарсан уул толгод нь танигдахын аргагүй болтол өөрчлөгдөж, хэл ам, хэрүүлийн бай болж байдагт сэтгэл эмзэглэж явдгаа  уугуул иргэд учирлаж байв. Тиймээс Богд уул, Зайсан тойрсон газрын асуудлыг эмх цэгцэнд нь оруулсан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд тэд ийн талархлаа илэрхийлэхийг хүсч, иргэдийн амьдралд бодит туслалцаа үзүүлснийг онцлон, мэдээлэл хийхийг хүсчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБА


URL:

Сэтгэгдэл бичих