Үзэгчдийн инээдэнд далдлагдсан жүжигчдийн хүйтэн харьцаа
Аугаа найруулагч Леонид Гайдайн ачаар бий болсон гайхалтай гурвал буюу аймхай, тэнэг, хүнд гарын гурван нөхөр Зөвлөлтийн киноны гол бэлгэдэл болсон билээ. Тэдний тоглосон инээдмийн кинонууд одоог хүртэл Оросын төв телевизээр тун амжилттай гарч байгаа юм. Гэвч гурван супер жүжигчин болох Юрий Никулин, Георгий Вицин, Евгений Моргунов нарын харилцаа хүйтэн хөндий байсан бөгөөд сүүлдээ тэд бараг харьцахаа больсон гэдэг.
Тэдний харилцаа 1961 онд мууджээ. Тэд хамтдаа “Нэрмэл нэрэгчид” хэмээх богино хэмжээний уран сайхны хоёр дахь киноныхоо зураг авалт дээр таарамж муутай болсон аж. Гэнэт нэг өдөр Моргунов зураг авалтад оролцохоос татгалзжээ. Тэр үеийн кино хорооны дарга Иван Пырьев өөрийн биеэр оролцож байж түүнийг тэнэглэл битгий хий хэмээн ятгасан гэлцдэг. Гэвч үүний ул мөр тэр чигээрээ үлдсэн юм. Их найруулагч Гайдай нэлээн хүчин чармайлт гаргаж байж дахин хоёр ч удаа тэднийг цуглуулсан аж. 1965 онд “Ы ажиллагаа”, 1967 онд “Кавказад болсон явдал” кинонуудад тэр гурав дахин хамтдаа тоглосон билээ. Сүүлчийн кинон дээр ээлжит маргаан дэгдсэн тул Моргуновыг зураг авалтаас хассан юм. Гэхдээ 1968 онд дээд удирдлагын ачаар тэднийг дахин цуглуулж дөнгөсөн байна. Найруулагч Евгений Карелов мань гурвыг “Долоон өвгөн ба нэг бүсгүй” инээдмийн кинондоо тоглуулж дөнгөсөн билээ. Тэр цагаас хойш Никулин, Вицин, Моргунов гурвын зам бүрмөсөн салжээ.
А.Док
URL: