Х.Тэмүүжин: Хуулийнхан бизнес эрхлэгчдийг гахай, үнээ гэж ангилдаг
Өршөөлийн хууль нь эдийн засгийн өршөөлөөс гадна, татвар санхүүтэй холбоотой асуудлаар ял эдэлж буй иргэдийн эрх ашгийн асуудлыг хөндөж байгаа учраас УИХ хаалттай хэлэлцэхээр шийджээ. Гишүүд үдээс хойшхи хуралдаанд гар утас, Ipad-аа орхиж оролцсон бөгөөд нууцын зэрэглэлтэй дэвтрээ авч хуралдаанд оролцлоо. Мөн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Тавантолгойн төслийг хэзээ хэлэлцэж эхлэхийг УИХ-ын даргаас тодруулсан юм. Харин УИХ-ын дарга Засгийн газраас өргөн мэдүүлээгүй учраас хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй гэсэн хариулт өглөө. Нийгэмд хүлээлт үүсгээд буй нэн чухал гэгдэх хуулийн төслүүдийн талаар хэн юу хэлснийг дэлгэрэнгүйгээр уншигч танд хүргэе.
Н.Батбаяр: Амьтнаас гадна хүнд буу хэрэглэнэ гэдэг заалт байж болохгүй
Ц.Нямдорж: Ердийн журмаар хэлэлцэж байгаа юмыг ээлжит бус чуулганаар хэлэлцдэг нь ямар учиртай юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Ээлжит бус чуулган гэдэг санаанд орсон асуудлаа хэлэлцдэг юм биш шүү дээ. Мундаг том шаардлагаа тайлбарлаж өгөөч?
З.Энхболд: Ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулиудын ач холбогдлыг нь чухалчлаагүй. Хаврын чуулганаар яг батлагдах шахсан хуулиудыг гурван сар хүлээх хэрэггүй, хэлэлцээд шийдье гэж үзсэн. Тэгээд бас нэмж олон улсын буудлагын тэмцээн болох гэж байна. Хуучин хууль маш их хүнд сурталтай хууль байсан.
Ё.Отгонбаяр: Тэмцээнээс болж хуулийг хэлэлцэж байна гэлээ. Нэг тэмцээнээс болж бусад хүнийг чирэгдүүлж болохгүй байх.
Д.Ганбат: Буудлагын чухал тэмцээн болох гэж байгаа учраас хуучин хуулийг яаралтай өөрчлөх шаардлагатай болсон. Малчдын гар дээр байгаа бууг хурааж авна гэсэн ойлголт байхгүй.
Х.Тэмүүжин: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дээр сумны зохицуулалт байхгүй. Нийт сум хар зах дээр хууль бусаар худалдагдаж байгаа. Мөн галт зэвсэгтэй холбоотой бүртгэлийг сайжруулж байгаа. Аль нь байлдааны, аль нь ангын гэдгийг ялгаж өгөхөөр болсон.
Ц.Нямдорж: Болгоомжгүйгээр хүнийг буудаад, амийг нь хөнөөчихсөн тохиолдол байдаг. Үүнийг санаатай хөнөөсөн гээд явуулчихаж болохгүй байх.
Х.Тэмүүжин: Болгоомж-гүйгээр буу алдахтай холбоотойгоор одоо үйлчилж байгаа хуульд хадгалах, тээвэрлэх журам байхгүй. Тэгэхээр шинэ хуульд болгоомжгүйгээр хүний амь нас хөнөөсөн асуудал тэндээ шалгагдаад явчихна.
Ц.Даваасүрэн: Хотондоо буу тавьчихаар спорт гэх үү, сургалт гэх үү. Хангай газар чоно хотны хажууд ирээд хонины сүүл аваад явчихдаг амьтан шүү дээ. Тиймээс ангын бууг аваад хотондоо тавьдаг. Дараа нь юу гэж тайлбарлах вэ?
Х.Тэмүүжин: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дээр иргэд галт зэвсгийг яаж ашиглах ёстой вэ гэдэг ямар ч заалт байхгүй. Иргэн өөрийн амь бие, эд хөрөнгөө араатан амьтан, зэвсэгт халдлагаас хамгаалж болно гээд заачихсан байгаа.
О.Баасанхүү: Ангын буугаа аппаратаар солъё гээд Байгаль орчны яамнаас уриалаад байдаг. Тоог нь гаргахад маш их тоо гарсан. Ажлын хэсэг дээр үзмэрийн зориулалтаар ашиглая, ан хийж болохгүй гэсэн мөртлөө ингэж болохгүй ш дээ
Х.Тэмжүүжин: О.Баасанхүү гишүүн санах ойгоо сайжруулмаар байна. Та өөрөө буу худалдаж авах асуудлыг ярьж байсан. Ан агнах гэж байгаа буу дахин цэнэглэгддэг байх ёстой. Хагас автомат буугаар ан агнана гэдэг ан хийх биш аллагын зориулалттай байдаг юм гэж ангын холбооныхон санал гаргасан. Та хуралд суугаад, хуулиа ч унших ёстой.
Н.Батбаяр: Энэ хуулийг бодмоор юм шиг байна. Хамгийн гол заалт нь 11 дүгээр зүйлийн нэгдүгээр заалт. Монгол Улсын иргэн өөрийн эзэмшилд байгаа галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах, мөн өөрийн амь нас болон бусдын амь нас, зэрлэг ан амьтнаас хамгаалахад хэрэглэж болно гэж заажээ. Гадаадын орнуудад та өөрийн амь насаа хамгаалах гэж буу, галт зэвсэг хэрэглэж болно гэж заасан байдгийг оруулж ирсэн юм болов уу даа. Монголчууд эрт дээр цагаас амьтанд л галт зэвсэг хэрэглэдэг. Гэтэл хүнд хэрэглэнэ гэсэн энэ заалт хэр оновчтой вэ. 11.1 дүгээр заалтад анхаарал хандуулаач ээ. Ингэж болох уу. Хэлэлцүүлгийн шатанд анхаарах ёстой шүү.
З.Энхболд: Хүнд буу хэрэглэнэ гэсэн заалтыг эргэж харах ёстой шүү.
…Энэ мэтээр хэлэлцүүлэг үргэлжилсээр 19 найруулгын саналыг уншиж сонсгон 64.3 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцүүлэхээр дэмжлээ.
Л.Цог: Энэ олон наадмуудаа хар, эдийн засаг хямарсан юм уу
Хуралдаанаар хэлэлцсэн хоёрдугаар асуудал бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль байсан юм. Хуулийн төслийн танилцуулгыг Хуульзүйн сайд Д.Дорлигжав хийсэн бол байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү танилцууллаа. Хуулийн төслийн танилцуулгатай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Ц.Даваасүрэн: Энэ хуулийг гайхаад л байгаа юм. Хэрэгтэй юм уу гэж. Эдийн засгийн хямралтай үед гэж л ойлгоод байна. Манайд буруу жишиг тогтоочих вий гэж айж байна.
Хэдий хэмжээний орлого орж ирж эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзээд байна вэ. Зайлшгүй шаардлага юу вэ. Шударгаар ажилласан хүмүүсийг хохироосон, хүмүүст халтай юм биш үү. Татвараа төлдөг хүн байхгүй болох вий. Татвар дээр шударгаар төлсөн хүн бурууддаг асуудал гарч байна шүү.
Нэг удаад л гаргана гэж оруулж өгч болох юм уу. Тэгэхгүй бол зарчимгүй байлгахад чиглэсэн бодлого гарах вий.
Д.Дорлигжав: Энэ хуулийн төсөл 2014 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу Засгийн газарт чиглэл өгснөөр боловсруулагдсан хууль.
Жил гаруйн өмнө хэлэлцэгдсэн. Өмнөх Засгийн газрын үед яригдаад өнөөгийн Засгийн газар илүү боловсронгуй болгож оруулж ирсэн. Засгийн газар нэгэнт ийм далд эдийн засгийн мөнгө хөрөнгө байна, үүнийг гаргаж ирэх зайлшгүй шаардлага байна гэж оруулж ирсэн.
Л.Цог: Бид буцаасан шүү дээ. Ээлжит бус чуулган хийх шалтгаан энэ хуультай холбоотой. Буцаахаар дахиж оруулж ирээд байгаа шалтгаан нь тодорхой шүү дээ. Шударгаар татвар төлсөн нь алддаг, шударга бусыг нь ингэж өршөөдөг байж болохгүй шүү дээ. Би эдийн засаг хямарсан гэж бодохгүй байгаа. Энэ олон наадмуудаа хар. Наадмаас хойш эдийн засаг хямарсан гэж бодохоо больсон.
Ирэх жил АСЕМ хийнэ гэж байна. Тэр их мөнгө хаанаас гарах юм. Бид хамгийн буруу жишиг тогтоож байна. 2007 онд бид өршөөж үзсэн. Гэтэл одоо үр ашиг нь хаана байна. Ард түмэн хараад сууж байгаа. Бид бодлогын том алдаа хийх вий. Эрүүгийн асуудлыг Хуульзүйн байнгын хороо яагаад хэлэлцэхгүй байна вэ. Улстөрчдийг өршөөхгүй гэж авч хая. Өршөөлийн хуулийг бид хэлэлцэнэ.
Д.Дорлигжав: Түрүүчийн төсөл ямар үндэслэлээр буцсаныг бид мэдэхгүй. Гэхдээ Засгийн газарт чиглэл өгсөн 34 дүгээр тогтоол хүчингүй болоогүй. Тиймээс өргөн мэдүүлж байгаа.
А.Бакей: Хууль батлагдлаа гэхэд үйлчлэх үү. Сайн дураар хуулийг дагаж мөрдөх үү. Би бусдын нэр дээр хөрөнгөө нуусан юм гэж ил гаргах уу. Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хувь хүн, хуулийн этгээд хэн олон байна. Энэ талаар судалгаа байна уу.
Д.Дорлигжав: Энэ хуульд 2015 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хөрөнгөө ил болгох ёстой гэж хуулийн төсөлд тусгасан. Энэ бол өмнө нь өргөн мэдүүлсэн байхад тавьсан хугацаа. Өмнөх хуулийн хугацаа бага байсан учраас энэ удаад хугацааг урт тавьж өгнө. Тэгэхээр үр ашиг гарах болов уу.
ТЕГ-ын дарга Б.Ариунсан: Ил тод байдлын хууль хэрэгтэй. Татварын хууль өөрчлөгдөж байгаа. Бүх юмыг 0 балансаас эхлүүлээд явмаар байгаа юм. Хуулийн олон зөрчлөөр хариуцлага хүлээсэн компаниудад нэг удаа боломж олгоод, нурууг нь амраая гэж ярьсан. Өнөөдрийн байдлаар ийм хэмжээний далд орлого татвар руу орно гэсэн тоо алга. 34-35 хувь нь далд байна аа гэдэг тооцоо гараад байгаа. Ил болсоны дараа тоо хэлж болно.
З.Энхболд: Өмнө гаргасан хуулиар хэдэн хувь нь мөнгөө илчилж байсан юм.
Б.Ариунсан: Хувь хүн, аж ахуйн нэгж нийлээд 40 мянган аж ахуйн нэгж татварынхаа асуудлыг ил болгосон. Улсын төсөвт дөрвөн их наядын хөрөнгийг ил болгосон. 2007 онд эдийн засаг ямар байсан билээ дээ. Тэгэхээр их мөнгө ил болно гэж харж байгаа.
Н.Номтойбаяр: Бизнесийнхний хувьд өршөөх юм байдаг. Гэхдээ, шударгаар төлдөг нь яах юм бэ. Хууль зөрчсөн бизнесийнхэн болоод улстөрчид өршөөлд хамрагддаг юм байж. Гэхдээ энэ хүмүүс дахин, дахин татвараас нуугдаад байвал яах юм бэ.
Д.Дорлигжав: Буруу зүйл хийсэн хүнд өршөөл үзүүлэхэд гомдох нь ч гарна, баярлах нь ч гарна. Хэрвээ ийм хариуцлагаас чөлөөлөгдсөн хүнд улс төрд орж ирэх, төрийн том албан тушаал хаших хариуцлага суулгах бол байж болно.
Н.Номтойбаяр: Өршөөлд хамрагдсан бизнесийнхнийг тендерт оролцохгүй гэх юм уу, тодорхой хугацаагаар зааглаж өгдөг зохицуулалтыг нэмэх нь зөв байх. Улстөрчдийн хувьд тодорхой албан тушаал хашихгүй байх зохицуулалт хийж өгөх хэрэгтэй болов уу?
Ц.Оюунбаатар: Энэ хуулийг гаргах шаардлага байгаа. Нийгмийн хүнд үед энэ хуулийг батлах нь зөв байх. Гэхдээ боловсруулалт дээр муу байна. Гол маргаан бол шударгаар татвар төлж, төсөв бүрдүүлж ирсэн хүмүүстээ бага ч болов урамшуулал олгох ёстой.
2015 оны жилийн эцсийн татвар авахдаа шударгаар татвар төлсөн компаниудад таван хувийн буцаан олголт өгчих юм бол болоод явчих гээд байна. Энэ том улстөрчид, энэ том бизнесийнхэн гадаадад хадгалсан хөрөнгөөрөө Монголдоо хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ил тодын хуулиар төрийн бус байгууллагынхантай ярилцаач.
З.Баянсэлэнгэ: Энэ хууль батлагдах ёстой. Гэхдээ маргаантай асуудал нь татвараа төлөөгүй хүмүүсийн эрхийг илүү тусгасанд байгаа байх. Асуудал болгоныг олон талаас нь харах нь зөв.
Тоон дунд цохиж цохиж яваа үсэг гэгчээр тодорхой компаниуд санаатайгаар татвараа төлөөгүй тохиолдол ч байгаа байх. Б.Ариунсан даргын хэлдгээр Татварын хуулиа хурдан оруулж ирээч ээ. Татвараа шударга төлсөн хүмүүсийг хохироох хуулийн төсөл биш байх аа.
Р.Гончигдорж: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Далд эдийн засаг гэдэг чинь шударга эдийн засгийн хар тал. Тиймээс ямар ч бизнес эрхэлж байгаа хүнд бусад нь шударга орчинд ороод ирэхэд баярлах байх. Тухайн үед зохиогүй татварын бодлого, бусад хуулийн ээдрээтэй талуудаас болоод төр ч үүнд буруутай байж болно. Өнөөдөр жаахан юмаа нуусныг мэддэг. Мэдээд барьцаалчихсан хүмүүс байна.
Тодорхой хэмжээний зарим нэг авлигын хөрш шороо нь энэ болж байгаа. Тэр хүнээс тогтмол хэмжээний орлогыг далд байдлаар нэмэгдүүлэх тийм эрх мэдэл зарим хүнд байгаад байна шүү дээ. Шударга бизнесийн орчинг сайжруулъя, мөн барьцаанд орсон хүмүүсийг барьцаанаас гаргая, түүнийг нь ашиглаж байгаа хүмүүсийн хууль бус үйлдлийг таслан зогсоочихьё. Ингэснээр татварын орлого арвижиж нэмэгдэнэ.
Х.Тэмүүжин: Үнэхээр шударга л юм бол Ил тод байдлын хуульд улстөрчид орохгүй гээд санал гаргаад явчихаач. Яг ийм санал дээр гараа бариад л суучихдаг юм байна лээ. Угаасаа тэр дотор чинь энэ, энэ гэмт хэргүүдийг өршөөхгүй гэсэн хаалтын заалт байхгүй. Байнгын хорооны хуралд суухгүй, санал хэлэхгүй. Тэгсэн мөртлөө хоёр үзүүртэй зүү шиг хорлоно.
Бизнес эрхлэгч, жирийн иргэд чинь хуулийнхны хууль бус гох дэгээнд орчихсон байна шүү дээ. Өдөртөө хагалж идэхийгээ гахай гээд, хэдэн жилээр сааж идэхийгээ “үнээ” гэж нэрлэж байна. Том бизнес эрхлэгчид чинь хуулийнхны үнээ болчихоод байна. Хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлнө. Эхнэр, хүүхэдтэйгээ энд тэнд явах зардлыг нь даана. Орон байрны мөнгийг нь өгнө. Энэ хүмүүст нэг л дэм болчих. Монгол төр яагаад баялаг бүтээгчдээ дэмжиж болохгүй байна вэ. Яах вэ татварын ил тод дээр улстөрчид байж болох ч өршөөл үзүүлж харин болохгүй.
Х.Болорчулуун: Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль шударга иргэдэд сайхан санагдахгүй. Буруу гарын дарга нарт сайхан санагдаж байгаа байх. Нийгмээс болоод татвар төлөгч хохирсон зүйл байна. Тендер авчихаад төр нь мөнгөө өгөхгүй банкны өр зээлэнд орсон нэгэн ч байна. Барилгын салбарт хошуурч байгаад татварын өрөнд орсон хүмүүс байна. Гэхдээ найман төрлийн татварын хуулиас авлигалын эсрэг хуулийг дэмжиж болохгүй. Хуулийн төсөлд авлига авч баяжсан бол нэг удаа өршөөнө гэж оруулж болохгүй. Хэлэлцүүлгийн шатнаас хасаарай. Энийг дэмжихгүй.
…Хуулийн төслөөр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 58 гишүүний 37 нь зөвшөөрч 68.3 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр үдээс өмнөх хуралдаан завсарласан юм. Дугаар шилжих мөчид Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ чуулганаар хэлэлцэж байгаа бүх хуулиуд бүгд хоорондоо хягт холбоотой болохоор математик логизийн хуулиар дэвшүүлсэн асуудлын нэг нь л унавал бүхэлдээ унадаг ёсоор бүх хуулиуд нь УНАХ гээд байгаа юм. Эрүүгийн хуульд шоронд бус гадуур гэрийн хорионд ялыг нь эдлүүлэх тухай байсан. энэ бол хамгийн том тэнэглэл шүү. Италийн мафийнхнаас дутахгүй гэсэн монголын мафи ийм хууль батлуулах гэж байна. монголд мафи бодитойгоор оршин тогтнож байгаа. Нямдорж нь барих гэж үйлээ үзэж рекэт гээд, дараа нь бас нөгөөдүүл нь олигархи гээд л хайгаад л байдаг тэд нар чинь БӨӨ юм шүү дээ. хэнд ч харагддаггүй, сонсогддоггүй, харж сонсож чаддагуудад нь баригддаггүй, харвасан суманд оногддоггүй “БААТАР”-ууд байхгүй юу даа. Сильвио Берлускониг хар л даа төрийн өндөр алба хашиж байсан гээд гэрийн хорионд ял эдлүүлнэ, олон улсад тийм жишиг байдаг энэ тэр гээд олон улсын юм ярих гэсэн улс төрчдийг БӨӨ-нүүд ашиглаад байна шүү дээ. учир нь тэдний ихэнхи нь цэргийн алба хааж үзээгүй байдаг болохоор ШОРОН-д сууна гэдэг байж боломгүй хэрэг гэж үздэг юи шиг. Тийм болохоор УЛС ТӨРЧ, бас тэднийг хатгаад, мөнгийг нь аваад сууж байдаг БӨӨ-нүүдийн мөрөөдөл болоод байгаа юм. Зүв зүгээр ял завшаад сууцгаах гээд байгаа юм шүү дээ. Тэнгэр язгууртнууд гэх тайж нар маш цөөхөн, дээр нь тэнгэртэй харьцдаг гэх БӨӨ-нүүд тийм газар байж яавч таарахгүй дээ хө… гэж аашилцгааж байгаа юм. тиим болохоор ӨРШӨӨЛ-ийн тухай хуулиа батлах гээд, санаанд нь хүрэхгүй бол, эсвэл дараа нь дахиж ийм хууль батлах гэж сууцгаахгүй САНАА АМАР сууцгаах гэсэн улс төрч, бизнесменүүд тэдний арыг даадаг/уг нь ийм юмыг нь тэвчдэггүй байсан гэдэг юм билээ/ БӨӨ-нүүд хамтдаа санаа амар жарган сууцгаах гэж байгаа гэдгийг анхааруулах гэсэн юм. тийм болохоор хамгийн сүүлд батлах хууль нь ЭРҮҮГИЙН ХУУЛЬ байх болно. ГНЭРИЙН ХОРИО-нд ял эдлүүлнэ гэж…