АН-ын дотоод зөрчил, МАН-ын гэдийлт

823543021ac3cff771d9f28d85c2d3e6Н.Алтанхуягын  Засгийн газрыг  унагасны дараагаар 2-р ээлжийн улс төрчид  “хоолонд орж”  одоогийн Засгийн газар  байгуулагдаж байсан түүхтэй.  Тухайн үед АН-ынхан дангаараа төр барьвал дараагийн сонгуульд шаансгүй болохоо ухамсарласан мэт  МАН-д хамтарч ажиллах санал тавьсан. Улмаар Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан түүхтэй.

Гэвч  УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд дээр санал зөрсөөр байсан нь АН-ынханы зэвүү дургүй хүргэж МАН-ын зургаан сайдыг  огцруулахаар болсон. Энэ асуудал  УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахаас өмнөхөн яригдсаар өчигдөр нэг юм ажил хэрэг болгосон.

Энэ асуудалд Монгол улсын Ерөнхийлөгч: Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлсэн.

Харин  МАН-ын хувьд: Гэрээний хэрэгжилт “хангалттай”, “хангалтгүй” гэсэн дүгнэлтийг гэрээ байгуулсан хоёр тал л үнэлж дүгнэх ёстой. Учир нь Та бид гарын үсгээ зурж хамтран байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний 5.3-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно” гэж заасан.  Гэтэл Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гэрээ цуцлах шийдвэрийг дангаар гаргаж, энэ тухай үүргийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт өгснөөр “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдах бололтой. Тиймээс Монгол Ардын нам гэрээг хоёр талын оролцоотой зөвшилцөх “Ажлын хэсэг”-ээр хэлэлцэн бодитойгоор дүгнэлт өгч цуцлахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье. Энэхүү гэрээг анх байгуулахдаа мэдээлэн тайлбарласан шигээ хэрэгжилтийг нь ч хоёр тал хамтран дүгнэж ард түмэндээ тайлагнан асуудалд ажил хэрэгч байдлаар хандах ёстой. Гэрээ байгуулахад ч, гэрээг цуцлахад ч хариуцлага гэж бий.

АН-ын хувьд ямар  ч байсан МАН-ыг Засгаас хөө . Хөөх асуудлыг хэлэлцэх үед  эсрэг кноп дарсан гишүүн арга хэмжээ тооцно гэдэг хатуу байр суурьтай байгаа.  Мөн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэн, дараагийн зургаан сайд нь давхар дээлтэй хүн байх болно гэдэг яриа хэлэлцээр хийгдчихсэн.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Юуны өмнө улс орны эдийн засаг болон улс төрийн нөхцлөө товчхон үнэлэх хэрэгтэй байна. Монгол Улсын гадаад орчны хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн огцом бууралт  үргэлжилсээр байгаа. Мөн гадаадаас оруулж ирэх хөрөнгө оруулалт санасан хэмжээнд нэмэгдэхгүй байгаагаас гадна гадаадын хөрөнгө оруулагчид монголын улс  төрийг ажигласан, хүлээзнэсэн байдалтай  байна.  Дотоод орчны хувьд төсвийн алдагдлаа нөхөх, чиглэлийн ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Цаг үеийн ажлуудтай холбогдуулан ургац хураах, хадлан тэжээл, махны нөөцөө бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангах ажлуудыг хугацаа харгалзахгүйгээр хийх нь бид бүхнээс маш их хүчин чармайлт шаардахаар байна. Ийм нөхцөлд эрх ашгийнхаа эрэмбийг зөв дараалах шаардлага гарч ирж байгаа. Юуны өмнө улс орон, дараа нь улс төрийн намууд, хэсэг бүлэг хувь хүмүүс, хувь улс төрчийн эрх ашиг явна. С.Зоригийн хэлсэн /агсан/ эрх ашгийн эрэмбийг бид байнга санаж явах ёстой. Зургаан сайдыг огцруулах асуудал хуулийнхаа дагуу явж байгаа. Би танхимын сайд нартай уулзсан. Зургаан сайдыг огцруулах асуудлын хувьд улс төрийн намын шийдвэр нэгэнт гарсан учраас энэ шийдвэрийн дагуу порцесс үргэлжлээд явж байгаа. Засгийн газрын тухай хуулийн 23.1.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би Ерөнхийлөгчтэй зөвшилцөн порцессынх нь дагуу явуулна” гэж  мэдэгдэн  намын даргын судлаа  өг гэх шаардлагыг З.Энхболдод тавьсан.

Харин АН-ын З.Энхболд тэргүүтэй нөхдүүд яаж ийж байгаад МАН-ын зургаан сайдыг хөөж зургаан УИХ-ын гишүүнд давхар дээл өмсгөхөөр сэтгэл шулуудаад байгаа.

Ерөнхийлөгч эсэргүүцэн,  МАН-аас ажлын хэсэг байгуулах санал гарсан болохоор асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй байх, Засгийн газар тогтоолын төслөө эргүүлэн татах  зэргээр Засгийн газрын гишүүд солигдохгүй үлдэх боломжит хувилбарууд нэг биш байгаа.

Уг нь  Засгийн газрын гишүүний холио солио хийх асуудалд Ерөнхий сайдтай зөвшилцөн хийгдэх ёстой.  Тэгтэл Ерөнхийлөгч  “таалаагүй” байхад ийнхүү улс төр хийж байгаагаас үзэхэд АН-ынхан дотооддоо  хөлөө жийлцэж, хувийн эрх ашгаа бодоод байгаа бололтой юм.  АН-д хэн нь илүү вэ гэдгийг  МАН-ын зургаан сайдыг  үлдээх үү? Явуулах уу гэдгээс одоо л харах нь.  Хэрвээ МАН-ын зургаан сайд үлдвэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар  АН-д  “даам” гарсан гэсэн үг.  МАН-ынхан Засгаас гарвал  З.Энхболд хүчээ авч, АН-д “даам” гарсан нөхөр юм байна гэх бодлыг иргэдэд төрүүлэх юм.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих