“Нэгэнт өнгөрсөн нэр хүнд” гээд нөхөөсний зургаан сайдад давхар дээл нөмөргөхөөр зүтгэж байна
Ардчилсан намынхан өдөржин, шөнөжин, олноороо цөөнөөрөө хуралдацгааж байна. Тэдний санал зөрөлдөж байгаа гол асуудал нь ирэх сонгуулиар Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэн гэх нэр зүүхийн тулд “дан дээлтэй” сайд нараар зургаан суудлыг нөхөх. Энэ байр суурийг Ч.Сайханбилэгийг дэмжигчид баримталж байна. Харин “нэгэнт өнгөрсөн намын нэр хүнд тул ажил хийж бүтээж, алдарт таван “А” амлалтыг биелүүлэх үүргийг намын даргынхаа өмнө хүлээн “давхар дээлтэй” сайд нартай байсан ч болохгүй зүйлгүй. Энэ нь хууль биелүүлэхгүй гэсэн хэрэг биш, хэрэгжих хугацаанаас өмнөх шийдвэр гэж үзэж байгаа хэсэг ч байна.
Ингэхдээ хууль өргөн барих, батлах явц хурдасна. Тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хангалттай туршлагатай хүмүүсийг олж томилсон байхад олон нийт ч эсэргүүцээд байхгүй болов уу гэж үзжээ. Арван сар гэдэг ажил хийхэд багадах хугацаа биш гэж тэд үзэж байгаа гэнэ. Мэдээж үүний цаана алдаагаа бусад руу чихэх алтан боломж байгааг, цаашилбал ирэх сонгуульд нэр дэвшигчдэд “сэтэр” нь хэрэгтэй, тэгвээс сурталчилгааны зардал багасна. Зургаан сайдын оронд очсон сайдууд намын жагсаалтад оръё гэж зүтгэхгүй гэхчлэн намын даргаа янз бүрээр ятгаж яваа аж.
Ийнхүү АН-ынхан хоёр салаа даргынхаа хэнийх нь ивээлд байвал ашиг хонжоотой байхаа нарийн тооцоолсны цаана намын дарга нь ч, Ерөнхий сайд нь ч өөрийн нөлөө “масс”-ыг нэмэх арга хайж элдэв хариуцлага тооцохоор айлгаж эхэлжээ.
Намын даргаар Н.Алтанхуяг ажиллаж байх үед Засгийн газартай хариуцлага тооцохыг дэмжиж санал өгсөн найман гишүүнийг хөөхөөр Хяналтын зөвлөлийн тогтоол хүртэл гарч байсан. Энэ найман “эсэргүү” гишүүн нь Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар байв. Тэднийг ҮЗХ нь “авч үлдсэн” гэдэг ч дараагийн Засгийн газарт орж ажилласан нь хөөгдөгсдийн “гол баатар” Р.Бурмаа байв. Тэгэхээр хөөх кноп дарах ашигтай байгаа биз.
Гэтэл үүнээс найман сарын дараа мөн л намын Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол эсэргүүцсэн гишүүдэд хариуцлага тооцох тухай ярьж эхлэх юм. “Update” хийх гэж байгаа нам ийм байдаг юм уу. Аль эсвэл олон толгойтой могойны үлгэрээр хоёр том даргынхаа хэнийг нь дагаж дарцаглахаа мэдэхээ болив уу. Хорь гаруй жилийн дараа ганц засаглах боломж олдоход ийм ч “дурсамж” үлдээх гэж дээ.
Ямартай ч АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тоо хэмжээгээр ч, рангаараа ч 250 гаруй гишүүнтэй ҮЗХ-ны дээр байдаг төдийгүй УИХ дахь тус намын бүлэгтээ үүрэг өгөх бүрэн эрхтэй дүрэмтэй аж. Тэр дүрмээр өнөөдөр Төрийн машиныг удирдаж болоод байна. Хатуухан хэлэхэд ердөө хэдхэн хүн төрийг атгаж, төрөөр тоглож болж байна. УИХ-ын чуулганыг хуралдуулах, хууль батлах энэ бүх процесс өнгөц харахад хуулийн дагуу мэт боловч ардчилсан зарчмыг хадгалж байгаа эсэх чанарын асуудал дээр бол тун хүнд байдалд ороод байгааг бид харлаа. Энэ зарчмаараа ч МАН-ын зургаан сайдыг орлох УИХ-ын зургаан гишүүн-сайдыг бүхэл бүтэн нэг намын бүлгийн оролцоогүйгээр “ногоон гэрлээр” батлаад явах нь ойлгомжтой байна. Нэгэнт өнгөрсөн намын нэр хүндээ гэж ийм байдаг аж.
Б.Бүжин
URL: