Азийн улсууд бороонд цохиуллаа
ШИНЭ-ДЕЛИ. /АР/. Азийн улсуудад ширүүн бороо орсны улмаас хэдэн зуун хүн амь эрсэдлээ. Энэтхэгийн зүүн болон зүүн хойд нутагт өнгөрсөн сарын сүүлээр хүрсэн хар салхины улмаас ширүүн бороо орсоор байна. Тус улсын баруун нутагт мөн хоёр долоо хоног ширүүн бороо орлоо. Энэтхэгт одоо борооны улирал болж байгаа юм.
Энэтхэгийн албаны хүмүүсийн хэлснээр, ширүүн бороо орсны улмаас үер болсноор 200 гаруй хүн амь эрсэджээ. Мөн 10 сая орчим хүний аж амьдралд ширүүн бороо, үер сөргөөр нөлөөлж байна.
Өчигдөр л гэхэд тус улсын баруун нутгийн Махараштра мужид дөрвөн давхар, 50 жилийн настай барилга нурсны улмаас 12 хүн амь эрсэдсэн юм. Цагдаа нарын мэдэгдсэнээр, хэд хоног дараалан ширүүн бороо орсонтой холбоотойгоор барилга нуржээ.
Тус улсын хөрш Пакистанд өнгөрсөн сараас хойш мөн ширүүн бороо орсоор байна. Пакистаны албаны хүмүүсийн хэлснээр, энэ долоо хоногийн даваа гарагийн байдлаар үер болон хөрсний гулсалтад 118 хүн өртөн амь эрсэджээ. Мөн 800 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж.
Хятадад мөн цаг агаарын байдал тогтворгүй, эх газрын мужуудад ширүүн бороо орсоор байна. Үүний улмаас үерлэсэн голд есөн хүн, тэдний дотор жуулчид живж амиа алджээ. Мөн зургаан хүн үерт урссан нь тогтоогдсон бол гурван хүн сураггүй байна.
Мьянмарт мөн хар салхины улмаас ширүүн бороо орсоор байгаа аж. Тус улсын засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 46 хүн амь эрсдэж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: