Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” 5 дахь шөнө өгүүллэг

Snapshot_2015-08-05_104746382742812015-08-05-10-48[www.urlag.mn]“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний тав дахь шөнийг хүргэж байна.

ТАВ ДАХЬ ШӨНӨ

Ийм зүүд зүүдлэвэй.

Эртэн цагийн хэрэг явдал агаад баларын үе бололтой юм, миний бие дайлаар мордоод заяа нь хаяж ялагдсан тул дайсандаа олзлогдон дайсны их жанжны өмнө туугдан хүргэгдэвэй. Тэр үеийнхэн цөм л нуруулаг биерхүү хүмүүс байх ажээ. Бас уртын урт сахалтай юм. Арьсан бүс бүслэж түүндээ бэрээ саваа лугаа адил жад хутга хавчуулжээ. Нум сум нь ороонго дэрсний бүдүүнээс нь авч ирээд тэр янзаар нь хийсэн мэт харагдана. Маажин түрхсэнийг эс тооцвоос зүлгүүрдээ ч үгүй туйлын бүдүүн баараг эд болой.

Дайсны жанжин нум сумаа тэхий дундаас нь баруун гараараа атгаж бариад сумаа өвсний толгой чигт онилон нэрмэлийн тогоо хэвтүүлсэн мэт юм дээр суужихуй. Царайг нь ажваас өтгөн хоёр хөмсөг нь нийлэн алдсан харагдана. Тэр үед сахлын хутга мэдээж байгаагүй биз ээ. Би олзны хүн тул нуруугаа яахин амраах вэ, өвсөн дээр завилаад сууж байлаа. Хөлдөө том гэгч сүрлэн гутал өмссөн байв. Тэр үеийн сүрлэн гутал гэгч их гүн эд байлаа. Босохоор өвдөгөөр татна. Хоншоор дээрээ сүрлээ бага зэрэг сүлжиж үлдээгээд согсоо болгон унжуулж, тэр нь алхахад бөнжигнөн чимэг болж буй нь тэр ажээ.

Их жанжин түүдгийн дэргэд миний нүүр рүү ширтэж байгаад “ чи үхэх үү, сэхэх үү” гэж асуулаа. Энэ бол тэр үеийн ёс агаад олзны хүн хэн ч байсан түүнээс ийн асуудаг байжээ. Сэхье гэж өчвөөс дагалдая гэсэн үг болох ба үхнэ гэвэл чамд дагаар орохгүй шүү гэсэн утгатай. Би шулуухан л үхье гэвээ. Жанжин өвсний толгой дээгүүр онилж байсан нум сумаа нөгөө тийш нь чулуудаад бүсэндээ өлгөсөн бэрээ шиг жадаа аажуухан сугалсаар гаргаж ирлээ. Түүн лүү салхинаа сэвэлзэх түүдгийн гал хажуунаас нь үлээн байлаа. Би баруун гараа агч мод шиг дэлгэж, алгаа жанжин зүг хандуулан дээш өргөв. Байз хүлээгээрэй гэсэн дохио юм. Жанжин жад хутгаа сар хийтэл хуйванд нь буцааж хийж байна. Тэр үед ч гэсэн хайр сэтгэл гэж байсан билээ. Би үхэхийнхээ өмнө сэтгэлдээ бодож явдаг бүсгүйтэйгээ уулзмаар байна гэж өчлөө. Жанжин за тэгвэл үүр цайж тахиа донгодох хүртэл хүлээе гэв. Тахиа донгодохоос өмнө амжиж тэр бүсгүйг энд дуудаж авчирах хэрэгтэй болов. Тахиа донгодож байхад бүсгүй эс ирэвээс би уулзаж чадахгүй үхэх бүлгээ.

Жанжин суусан хэвээр түүдгийн гал ажиглан байвай. Би аварга том сүрлэн гутлаа зөрүүлсээр бүсгүйг хүлээн өвсөн дээр сууж байлаа. Шөнө улам бүр харанхуйлсаар. Үе үе түүдгийн гал чад пад хийн дуугарна. Ийн бүрийд мэгдэж сандарсан мэт очис жанжин руу үсчинэ. Жанжины нүд хав хар хөмсөг доороос гялалзана. Тийн ахуйд хэн нэгэн ирээд шинэ цучилыг их галын дунд шидэж хаяад одлоо. Хэсэг азнаж байтал гал дахиад л пас пис хийн дуугарна. Түнэр харанхуйг няслаад авах мэт чадмаг гэгч дуу байна.

Тэр үед бүсгүй ар талынхаа царс модноос уяатай цагаан морийг тайллаа. Дэл юугаа гурвантаа шилгээх өндөр цагаан мориныхоо нуруун дээр тэрээр сэвхийтэл үсрэн мордов. Эмээл ч үгүй, хазаар ч үгүй зайдан морь авай. Бүсгүй урт цагаан шилбээрээ гэдэсийг нь давирахуй морь ухас хийн давхилаа. Хэн нэгэн хүн түүдгийн гал өртөөлсөн байх тул тэртээ тэнгэрийн хаяа бүдэг бадагхан цайвалзан харагдана. Хүлэг морин энэхүү гэгээ рүү нүдийг сортойлгон харанхуйн дунд дүүлэн одлоо. Самсаанаасаа галын дөл шиг амьсгааг хоёронтоо гарган давхилаа. Тийн атал л бүсгүй нарийхан шилбээрээ морины гэдэсийг хайр найргүй өшигчин давирна. Морин туурайн чимээ тэнгэрийн дуу шиг нүргэлэн хурдлан айсуй. Бүсгүйн салхин хиур шиг үс харанхуйн дунд арагш чангаана. Тийн атал л түүдэг галын хажууд хараахан ирсэнгүй бүлгээ.

Гэтэл хав харанхуй замын хажуухнаас гэв гэнэт кү-ка-ри-кү гэх тахиан дуу хадах нь тэр. Бүсгүй биеэ сул тавьж хоёр гартаа тас атгасан цулбуураа ихэд дугтарлаа. Морь урд хөлийн туурайгаа хатуу хадан дээр тас байлган хэгз татжээ. Кү-ка-ри-кү хэмээн тахиа хоёронтоо донгодлоо. Бүсгүй уулга алдан тас атгасан цулбуураа нэгэнтээ сулрууллаа. Морины хоёр өвдөг хугарчээ. Гэсэн хэдий ч унасан эзэнтэйгээ хоёул чанх урагш мацна. Хадны доор гүнзгий ангал байлаа. Туурайн ором хад чулуун дээр үлдсэн хэвээр. Харин тахиа дуурайж донгодсон нь зэтгэр байж. Морин туурайн ором хадан дээр сийлэгдэж байх агшинд аяагласан зэтгэр миний дайсан байвдаа.

ОРЧУУЛСАН: О.ЖАРГАЛСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих