Саалиа бэлдэхээр саваа бэлд

167146-05082015-1438735098-388881470-1Хөдөө аж ахуйн салбарынхан бичин жилийг хүндхэн угтах нь. Хаа, хаанаа ургац алдсанаа хүлээн зөвшөөрч, алдагдлын хэмжээг нь бүрэн тогтоож амжаагүй байтал хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэллээ. Тухайлбал, төмс, хүнсний ногооны үнэ өмнөх сараас 30 орчим хувиар өсөөд байна.

Тэгвэл 2014 он үүнээс тэс өөр, онцгой жил байсан юм. Монгол Улс өнгөрсөн онд стратегийн хүнсний хэрэгцээгээ сүүнээс бусдыг нь бараг 100 хувь дотоодоосоо хангасан. Харин сүүний хэрэгцээнийхээ тал хувийг л хангаж дөнгөсөн аж. Үлдсэнийг нь импортолжээ. Тэгвэл хээлтүүлэгч малын тоо толгой нь 20 саяд хүрээд буй Монгол Улс сүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо хангаж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ? Одоогоос хоёр жилийн өмнө манай сүүний фермерүүд Чингисийн талбайд сүү өргөж, эсэргүүцлээ тайван илэрхийлж байсан. Хувийн компаниуд сүүг нь голоод авдаггүй хэмээн фермерүүд энэ үеэр хэлсэн юм.

Манай сүүний 70 хувь нь чанарын шаардлагыг хангадаггүй

Харин компаниудын зүгээс монгол малын сүү тэдний шаардлагыг хангадаггүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, импортоор сүү авдаг гэж компаниудыг чичлэхээс илүү, малчид сүү хэрхэн нийлүүлж буйгаа эргэн харахыг хэлсэн. Хөдөөгийн бүсгүй Дулмааг сүүгээ хэрхэн саадгийг бид мэднэ. Харин ингэж сааж буйгаа хүн амын хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг хангаж байна гэвэл эндүүрэл аж. “Монгол малын сүү чанартай. Гэхдээ малчны хотноос үйлдвэр хүрэхэд технологийн нарийн горим алдагдаад байгаа” гэж Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа хэлсэн. Энэ дунд Дулмаагийн сүүний хуванцар сав шаардлага хангахгүй байгаа тул саалиасаа өмнө саваа бэлдэх нь чухал аж. Өөрөөр хэлбэл, малчдын сүү саах, шүүх, хөргөх арга манай сүүний үйлдвэрүүдийн техник, технологийн шаардлагыг хангадаггүй байна.

Компаниудыг чичлэхээс илүү, малчид сүү хэрхэн бэлтгэн, нийлүүлж буйгаа эргэн хар

Нөгөө талаас, сүү нь мах, ногоотой зүйрлэшгүй ариун цэвэр, анхаарал шаарддаг бүтээгдэхүүн. Тиймээс манай сүүний 70 хувь нь үйлдвэрүүдийн чанарын шаардлагыг хангадаггүй байна. Мөн сүүний нийлүүлэлт тогтвортой бус. Зун буюу зургаагаас есдүгээр сард нийлүүлэлт эрчимтэй өсөж, эргээд буурдаг онцлогтой. Тиймээс хүн амын сүүний хэрэгцээг хангахын тулд эрчимжсэн ферм байгуулах шаардлагатай байгааг салбарынхан хэлдэг. Одоогоор манай улсад сүүний чиглэлийн 59800 үнээтэй 1432 ферм бий. Үүний 3000 нь өдрийн 20 литрийн гарцтай, цэвэр үүлдрийн үнээ аж. Эдгээр үнээ жилд 18.3 сая литр сүү нийлүүлэх боломжтой. Энэ нь манай сүүний нийт хэрэгцээний арван хувьд ч хүрэхгүй байна. Тиймээс сүүний компаниуд ч дотоодын нийлүүлэгчдээс сүү аваад зогсохгүй өөрсдөө үнээний ферм байгуулаад эхэлсэн. Тухайлбал, “Сүү” хувьцаат компани эрчимжсэн мал аж ахуйн “Макс-Агро” нэртэй ферм байгуулаад буй. Эл фермийн Гольштейн үүлдрийн үнээнүүд хоногт таван тонн гаруй сүү нийлүүлж байгаа гэж тус компаниас мэдээлсэн.

“Тесо” компани хуурай сүүний “Милко” үйлдвэрээ өнгөрсөн онд нээсэн. Ингэснээр энэ үйлдвэр нийлүүлэлт ихтэй саруудад сүүгээ нөөцлөх боломж бүрдýж байгаа юм. Мөн сүүний компаниуд нийлүүлэгчдэдээ малын тэжээл, өвс болон бусад хэлбэрээр урамшуулал олгож, хамтран ажиллаж байгаа.

“Сүү” компаниéíõóâüä“Макс-Агро” цогцолбороо түшиглэн 700 гаруй га талбайд малын тэжээлийн ургамал тарихаар зэхэж байна.

“Сүүний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд сайн үүлдрийн үнээг онгоцоор тээвэрлэж авчраад л болчих юм шиг санах юм. Үүнээс урьтаад малд ямар тэжээл өгөх вэ гэдэг нь чухал” гэж Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа хэлсэн. Малын тэжээл нь өвс хадлангаар хязгаарлагдахгүй. Тиймээс сүүний фермерүүдтэй зэрэгцээд дарш, малын тэжээлийн тариалалтыг давхар шийдэх шаардлагатай байгаа аж. Монгол Улс 2012 онд 624.7 мянган тонн малын тэжээл үйлдвэрлэсэн нь 2011 оныхоос 5.8 хувиар буурсан дүн байна. Мөн нэр төрөл нь ч хорогджээ.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед тэжээлийн аж ахуй 20, хадлангийн механикжсан салаа 250, багсармал, холимог тэжээлийн үйлдвэр 25, тэжээлийн цех 150 байжээ. Өдгөө энэ тогтолцоо үгүй болсон.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн тавдугаар сард манай улсад айлчлах үеэрээ сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх үеэрээ “Энэ өргөн уудам тал нутагт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж цагаан хувьсгалыг эхлүүлэхэд Энэтхэгийн туршлагыг ашиглаж болно” гэсэн нь учиртай.

Монгол сүү малчны хотноос үйлдвэр хүрэхэд чанараа алддаг

Цаг агаарын дундаж хэм нь 50 градус хүрдэг энэ улс сүү, сүү бүтээгдэхүүнийхээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортолдог. Энэтхэгчүүд цаашид Европын холбооноос ч их хэмжээний сүүн бүтээгдэхүүн боловсруулах төлөвтэй байгаа. 2023 онд гэхэд тус улс 75 сая аж ахуйнхаа хүчээр дэлхийн сүү нийлүүлэгч хамгийн том орон болохоор зэхэж байна. Энэтхэгийн сүүний нийлүүлэлт манайхтай адил тогтворгүй, улирлын шинж чанартай. Гэсэн ч зөв тогтолцоог бүрдүүлж чадвал цаг агаар, газар нутгийн байрлал асуудал биш болдгийн бодит жишээ нь Энэтхэг.

Үүнээс гадна манай улсын импортын сүүний 90 хувийг нийлүүлдэг Шинэ Зеланд улсаас жишээ татъя. Өнгөрсөн онд гэхэд тус улсаас нийт 23 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн бид импортолсон байна. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан энэ орон 20 жилийн өмнөөс мал ахуйн тогтолцоогоо бүрэн шинэчилжээ. Ингэхдээ хөдөө аж ахуйн салбартаа төрөөс дэмжлэг, тэр дундаа татаас олгож эхэлсэн байна. Өдгөө тус улс 14.5 тэрбум ам.долларын орлоготой, 13 мянган ферм нэгтгэсэн “Fonterra” шиг аварга компаниудыг бий болгоод байна. Улмаар хөл дээрээ бат зогссон мал аж ахуйн салбар нь эргээд тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоод буй. Тиймээс тус улсын Засгийн газар фермерүүдэд олгож байсан татаасаа шат дараатайгаар зогсоож эхлээд байна.

Яг үүнтэй адил манай улс ч сүүний салбарт татаас олгох боломжтой.

Мөн сүүний хэрэглээг дэмжих, цаашлаад хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах асуудал чухал байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Сүүний салбарыг бүсчлэн хөгжүүлэх, тэр дундаа Улаанбаатар хотын хэрэгцээг хангахын тулд төвийн бүсэд түшиглэсэн сүүний фермүүдийг байгуулах, түүнийхээ зэрэгцээ малын тэжээл тариалалтыг нь шийдэх зэрэг олон талын бодлого үгүйлэгдэж байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих