Ядарсан үедээ жолоо баривал 48000 төгрөгөөр торгоно

9663c0b53d319433618841793b4852ad             Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний дүрэм хэрхэн өөрчлөгдөх талаар уншигчдадаа  мэдээлэл хүргэе

Анх 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ хуулийн төслийг УИХ өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдөр баталсан юм.  Ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх тус шинэ хуульд замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн явган зорчигч болон жолооч нарт хүлээлгэх торгуулийн хэмжээг өндөрсгөж, тэдэнд ноогдуулах хариуцлагыг чангатгажээ.

Одоо мөрдөж буй хуулиар зөрчил гаргасан иргэдэд хүлээлгэх хариуцлагыг /санкци/ сонгон хэрэглэдэг байсан бол шинэ хуулиар 9600 төгрөгөөс нэг сая хүртэлх мөнгөн торгууль ногдуулах юм.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭХ БҮРТ ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ ӨСНӨ

Одоо мөрдөж байгаа хуулинд 1000-10.000 төгрөг  гэх байдлаар торгуулийн мөнгөний тоог тодорхой зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-тэй уялдуулан тогтоожээ. Зөрчил гаргасан тохиолдолд ХХДХ-ний тэдэн хувь, ХХДХ-г тэд дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор  заажээ. Ингэснээр  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж байх юм. Мөн энэ хуулинд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон юм.  Жишээ нь, Тээврийн хэрэгсэл  жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 9600 төгрөгөөр торгоно. Одоо бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар тус хэсгийг зохицуулж, жолоо барих үедээ гар утсаар ярьсан бол 5-10 мянган төгрөгөөр торгож байгаа юм.

ЯДАРСАН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРИВАЛ 48 МЯНГААР ТОРГОНО

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу одоогийн мөрдөж буй ХХДХ-гээр тооцвол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ. Үүнийг тогтооход компанийн жолооч нарыг анх хэдэн цагт ажилд гарсан байна. Хэдэн цаг тасралтгүй жолоо барьсан байна вэ гэдгээр нь хянах юм. Учир нь замын хуудсан дээр нь ажилд гарсан цаг минутыг зааж өгсөн байдаг. Ялангуяа хот хоорондын хүн болон ачаа тээвэрт, бас урд болон хойд хөршөөс орж ирж байгаа транзит тээвэр хийж байгаа жолооч нарыг шалгах  болно. Гэхдээ энэ нь бүх тээврийн хэрэгсэлд хамаатай.


URL:

Сэтгэгдэл бичих