“Цэцэрлэгт анх орж байгаа хүүхдээс хандив гэж ганц ч төгрөг авах ёсгүй”

tserМанай улсад хүүхдийн цэцэрлэгийн асуудал жил бүрийн өдийд эхэлж ирэх хавар хүртэл шүүмж, асуудал дагуулдаг. Хүүхдийн цэцэрлэг хүрэлцээ муугаас болж өнгөрсөн жил гэртээ цоожлогдож бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдсан хэргүүд цөөнгүй гарсан билээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд  төрийн өмчийн сургуульгүй 62 хороо, цэцэрлэгггүй 41 хороо байгаа гэсэн судалгааг өнгөрөгч тавдугаар сард гаргасан.  Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500 хүүхэд байна. Тэгвэл энэ жил дээрх тооны хүүхдийн 77 хувь буюу 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой тухай Нийслэлийн боловсролын газар /НБГ/-ын орлогч дарга Р.Түвшинбат хэлэв.

Түүнчлэн хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд хандивын мөнгө авах тохиолдол цөөнгүй гардаг. Үүнийгээ ч эцэг, эхчүүд өөгшүүлсээр ирсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ талаар, НБГ-ын орлогч дарга Р.Түвшинбат “Одоо шинээр цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдээс хандив гэж ганц ч төгрөг авах ёсгүй. Харин суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд өөрсдийн санаачлагаар ангид нь тоглоом, хэрэгтэй зүйлсийг нь авч өгч болно. Тэрнээс хандив нэрийдлээр бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй” гэлээ.

Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болно гэдгийг онцлов.

Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд явуулахаар болсон байна. Хүүхдээ бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх шаардлагатай аж. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна.

Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 75 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан. Тэгвэл энэ жил дээрх тоог хоёр хувиар нэмэгдүүлэх гэнэ.  Шинээр нийт 6400 орчим ортой улсын болон хувийн нийлсэн хэд хэдэн цэцэрлэг ашиглалтанд орох юм байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 300 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 200 орчим нь улсынх бол үлдсэн нь хувийн хэвшлийн, төлбөртэй цэцэрлэг байдаг ажээ.

 

Х.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих