Сайдаар боолт чангалуулмаар байна

“Арай ч дэндэх байх” гэж бодож буй хүн гарах л байх. Гэтэл уржигдар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга япончуудын барьж байгаа “Нарны гүүр”-ний угсралтын талбайд очиж, боолт чангалав шүү. Анх сонсоод гайхлаа. Ажилчид нь боолт чангалж байгаад шаргал өнгөтэй нэгийг нь эргүүлэх гээд хүчрэхгүй болохоор нь сайд, дарга нар руу утас цохисон чинь арай бадриунаар нь түүнийг явуулж дээ гэж бодсоноо нуугаад яахав. Гэвч яаж ч бодсон ийм юм гэж хаа байхав. Сайд өөрөө “дуртайдаа” очсон гэдгийг сүүлд нь ойлгосон юм. Зурагт, сонины сурвалжлагч нарыг бөөнөөр нь цуглуулж байгаад л “бөх” сайд маань өнөө муу боолтыг ч түлхүүрээр эргүүлж өгч байна аа. Энэ салбар дахь  төр, засгийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх нь хааяа залхуутай санагдаад, биеийн чилээгээ ийм аргаар гаргаж байхаар болсон юм болов уу. Оросын дээхнэ үеийн нэг кинонд атаман Семёнов цэргүүдийнхээ өмнө, өөрийнх нь дургүйг хүргэсэн нэг нөхөртэй гар зөрүүлдэг шиг л харагдаж байв. Цагаан бээлий өмсөж байгаад л “Алтан боолт”-ыг баллах шахав. Заримыг нь ч “Хуга мушгичих вий дээ” гэмээр хүчтэй эргүүлж байв. Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Б.Билэгт, хотын орлогч дарга Б.Баатарзориг нар ч түүнд “туслаж”, бас хэд хэдэн боолтыг иймэрхүү байдлаар  чангалаад явах шиг болсон.  …Нийслэлийн шуурхай удирдлагын төв рүү нас тогтсон нэгэн эмэгтэй  утасдаж сайдыг сураглаж байна.”Манайх төмөр замын шар байранд амьдардаг юм. Гэнэт ус алдаад баларч байна. Манай байрны хажууд барьж байгаа шинэ гүүр дээр нэг сайд хүү ирж боолт чангалсан сураг байна. Хүмүүсийн ярих нь тун чанга гартай гэлцэх юм. Тэр хүүгийн утасны дугаар байвал өгөөч…”. Биелүүлэхэд тун хэцүү ийм хүсэлт нэгээр тогтохгүй ирвэл бүү гайхаарай, сайд аа.  Н.Мөнхтөвшин  Эх Сурвалж: “Улс төрийн тойм” сонин



URL:

Сэтгэгдэл бичих