Молливуд уг нь мөрөөдөл биш
“Нүүдэлчид магадгүй дэлхийн соёл, шинэ нээлтийг тухай бүрт нь дагаж, хүлээж авч байгаагүй байх. Гэхдээ одон орон судлал, кино урлаг хоёрын хувьд бид дэлхийгээр хоцроогүй юм шүү” хэмээн Монгол Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа хэлж байсан юм. Үнэхээр ч Америкийн анхны бүрэн хэмжээний кино “The Story of the Kelly Gang” 1906 онд нээлтээ хийснээс яг 30 жилийн дараа “Монгол хүү” дэлгэцнээ гарснаар, бид хүн төрөлхтний кино урлагийн анхдагчдын нэг өөрсдийгөө тооцож болохоор болсон билээ. Ирэх жил Америкт анхны уран сайхны кино нээлтээ хийсний 110 жилийн ой болох нь Монгол кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ойтой давхцаж буй. Энэ зуур Америкийн кино урлаг дэлхийн №1 болж, Холливудын кино зах зээлд жилд 60 тэрбум ам.доллар буюу Монголын ДНБ-ээс даруй тав дахин их мөнгө эргэлдэж байгаатай харьцуулахад саяхныг хүртэл Монголын кино урлаг Молливуд болно гэсэн мөрөөдлөөсөө ч холын хол хэвээр байлаа.
Гэвч бүхий л болохгүйг дурайтал жагсаах нь энд, миний хийх ажил биш. Харин “Молливуд” мөрөөдөл биш, бодит байдал болох цаг ойртсон байж тун болзошгүйг илтгэх хэд хэдэн зүйл байгааг өгүүлэхийг зорилоо.
Нэг үеэ бодвол Монголын кино урлаг мөнгө олж болдог зах зээл болсон. Тухайлбал, өнгөрсөн жил нийт 93 монгол кино дэлгэцнээ гарч, нийт 4.1 тэрбум төгрөгийн ашиг олсон гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлбанд бичжээ. Харин БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр үүнийг боломжтойгоо харьцуулахад хангалттай тоо биш гэж үзэж байна. “Монгол киноны дотоодын зах зээл хангалттай биш. Гурван сая хүний зах зээлд 500 саяас тэрбум төгрөг л эргэлдэнэ” хэмээн тэрбээр хэлээд Монгол киног гурван “төрлийн” зах зээлд гаргах төлөвлөгөө буйгаа дуулгав. Нэгд, мэдээж дотоодын зах зээл. Харин хоёр дахийг тэр Монгол туургатны зах зээл хэмээн харж буй бөгөөд Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тувад киногоо гаргах боломж бий аж. Гурав дахь нь буюу хамгийн чухал нь дэлхийн зах зээл. Гэхдээ энэ зорилго хэлэгдэж байгаа шигээ тийм ч амархан биелэхгүй. Харин ажил хэрэг болгохын тулд бидэнд эхлээд цогц төлөвлөгөө, цогц хууль хэрэг болно.
Өчигдөр, маргаашийг одоо хамтад нь
БСШУЯ-ны Соёл урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөртэй “Цогт тайж” киног сэргээн засварласан эхийг Францын талаас хүлээн авах арга хэмжээний дараа уулзсан юм. “Уул уурхай дээр төрийн өмчөөр хайгуул хийсэн бол төрийн өмч болдог. Үүнтэй адил өнгөрсөн зуунд төрийн дэмжлэг, төрийн бодлоготойгоор хийгдсэн кино бүтээлүүдийн бичлэгийг сэргээн засаж, сайжруулж, хойч үедээ үлдээх, бүртгэлд оруулж буй энэ ажил бол төр өөрийнхөө өмчийг хайрлаж байгаагийн нэг илрэл” хэмээн тэрбээр хэлэв. Хэрэв болдог бол өнгөрсөн зууны дундуур хийгдсэн бүхий л алдартай бүтээлийнхээ бичлэгийг сайжруулахыг зорих ч үүнд чамгүй мөнгө, бас хугацаа ордог ажээ. Гэхдээ эдгээр бүтээл дан ганц кино биш өдгөө түүхэн баримт болсон учраас ийн хайрлаж, бас хүндэтгэл үзүүлэх нь гарцаагүй.
Олон жилийн түүхтэй, цаашид олон жил хөгжих ирээдүйтэй салбарын хувьд Монголын кино урлагийн өчигдрийг гээлгүй, маргаашийг марталгүй явах нь төрийн бодлогын нэг чухал тал нь байх ёстой. Дээр дурдсан ажил бол кино урлагийн дэмжих бодлогын зөвхөн нэг л хэсэг нь гэж Д.Гантөмөр хэлэв.
Тэрбээр, “Соёлын салбар эдийн засагжих, соёлын үйлдвэрлэлийг бий болгох зайлшгүй хэрэг байна. Киноны салбарыг онцолж ярьвал, хуучин цагт бид Монгол кино үйлдвэртэй байсан. Одоо үүнийг дахин бий болгож, өвөл, зун, цас борооноос үл хамааран зураг авалтууд хийгдэж байдаг, дотоод, гадаадын уран бүтээлчид ашиглахад нээлттэй, сүүлийн үеийн кино техникүүд цөм байдаг цогцолбор барихаар төлөвлөж байгаа” гэв. Энэ гэхдээ Монголын кино урлаг дэлхийд гарахад дутаад байгаа цор ганц зүйл бас биш ээ. “Чонон Сүлд”, “Марко Поло” кинонуудын үйл явдал Монголд болж буй ч тэд энд ирж зураг авалтаа хийсэнгүй. Үүнд кино үйлдвэр байгаагүй нь гол шалтгаан биш байсан. Тухайн улс кино урлагаа хөгжүүлж, дэлхийд гаргахын тулд татварын урамшуулал үзүүлэх арга байдаг. Жишээ нь, гаднын уран бүтээлч Монголд кино зураг авалт хийлээ гэхэд тодорхой хэмжээний татварын урамшуулал үзүүлдэг. Дэлхийн дундаж нь 30 хувь байдаг юм билээ. Энэ бол гаднын уран бүтээлчдийг хүсэл, сонирхлыг төрүүлэх, Монголын кино урлагийг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах, Монгол гэсэн сэдвийн кино урлаг дахь эрэлтийг нэмэгдүүлэхэд чухал үр дүнтэй” гэдгийг Д.Гантөмөр сануулсан юм.
Түүний хэлж буйгаар дэлхий дээр хоёр төрлийн киноны чиглэл бий аж. Нэг нь, аж үйлдвэрлэл болтлоо хөгжсөн том зах зээл. “Warner Bro’s”, “Paramount pictures”-ийг жишээлж болно. Энд маш том мөнгө эргэлдэж, тэд Холливудын бүхий л блокбастеруудыг үйлдвэрлэдэг. Хоёр дахь нь, бие даасан студиуд. Дээр нэр дурдсан компаниуд шиг блокбастер үйлдвэрлэхгүй ч, нарийн тусгай сэдвүүдийг авч явдаг, ирж зураг авлаа гэхэд дотоодын уран бүтээлчидтэй хамтран ажилладаг, товчхондоо бол “өгөөжтэй” байдаг аж. Тэднийг эх орондоо урьж, хамтран ажилласнаар нэгд, дотоодын уран бүтээлчид хөгжиж, дэвжих боломж гарч, нөгөө талаар Монгол Улс, Монголын кино урлагийн нэр хүндийг түгээхэд нэмэртэй. “Монгол киног хөгжүүлэхийн тулд аль, алийг нь авчрах, тэр боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ энд мэдээж үндэснийхээ эрх ашиг болоод эдийн засгийн боломжоо тооцоолж байх ёстой. Үүнийг хуулиар хийдэг. Тийм учраас бид киноны тухай хуулийг ид боловсруулаад явж байна” хэмээн тэрбээр ярилаа. Боловсруулагдаж буй хуулийг тэрбээр хорьдог биш дэмждэг хууль гэдгийг онцгойлон хэлэв. Үүнийг хувьдаа “Молливуд”-ийн эхлэл хэмээн бодов.
Бас хэдэн зүйл нэг зүйл
“Дэлхийн кино урлаг сэдвийн хомсдолд орсон. Тиймдээ ч, нэг бол хүний ой ухаанд багтамгүй хачин жигтэйг ургуулан бодох, нөгөө бол өнгөрсөн түүх рүүгээ явахаас өөр сонголтгүй шахам болж байна. Энэ “гацаа”-г гаргахад Монголын түүх соёл, монголчуудын амьдралын хэв маягийг дагасан сэдвүүд үүнийг баяжуулах боломжтой” хэмээн “Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Ано хэлжээ. Үүнийг төрийн тодорхой хэмжээнй дэмжлэгтэйгээр хийхээс гадна Монголын зохиолчид, тэр дундаа кино зохиолчид соргог бөгөөд бүтээлч байх хэрэгтэйг Д.Гантөмөр онцлов.
Кино үйлдвэр бариад, татварын хөнгөлөлт олгочихвол л энэ урлаг хөгжинэ гэвэл мөн өрөөсгөл мөрөөдөл. Кино урлаг бол олон араа шүдтэй, авьяас төвтэй, цогц, мөн хэцүү хийгээд амьд “амьтан”. Сэдэв, зохиол, найруулага, жүжиглэлт, хөгжим, эвлүүлэг, дуу ба дүрс, өнгө будаг, кино наадмууд хэрхэн хүлээж авах, борлуулалт болон маркетингийн стратеги, за тэгээд азын од гийх гэх мэтээр маш араа шүд нь тохирч байж азын тэнгэр нь гиыдэг амьтан шиг санагддаг. Хэрэв дэлхийд гарья гэвэл энэ бүх араа шүдийг онц дүнтэй хийх ёстой болно. За яахав техник технологийн хувьд дэлхийн стандартад нийцлээ гэж бодьё. Агуулга найруулгаа яах вэ? Бидэнд таалдагддаг түүх болон сэдвийг дэлхийн үзэгчид тэр болгон тоохгүй .. Тоохгүй гэдэг нь зарагдахгүй л гэсэн үг. Тэдэнд зориулж хийгээд хэдэн саяаар нь ольё гэхээр хүнд таалагдахаар зориулж хийсэн түүх хүндээ тэр болгон хүрч сэтгэлийг нь хөдөлгөдөггүй. Тийм киног олон улсын А зэрэглэлийн наадмын шүүгчид үнэрлээд л заль хийснийг мэдчихнэ. Олон улсын наадамд гялалзахгүй бол дэлхийд гарах талаар бодоод ч хэрэгүй. Тэгэхээр төр засаг маань кино урлагаа хөгжүүлэх бодлогоо кино уран бүтээлчдийн дэлхийд өрсөлдөх чадвар, авьяаст нэмүү өртөг өгөх бодлого дэмжлэгийг хийх шаардлагатай болох нь. Монголын киног дэлхийд таниулах дэлхийн болон үндэсний авьяасыг хэрхэн, нээлттэй, ил тод, ижил тэгш эрхтэйгээр дэмжих нь бодлого боловсруулагчдын толгойны өвчин болох нь дамжиггүй.
Монгол уран бүтээлчдийнхээ чадавхыг нэмэгдүүлэх, дэлхийн кино урлагийн хөгжлийг цаг тухайд нь танилцуулах, тэднийг хэр түвшинд яваагаа харахад туслах нэг арга хэмжээ бол Улаанбаатар кино наадам. БСШУЯ Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг энэ наадмын энэ жилийн онцлох улсаар Францыг сонгожээ. Франц бол дэлхийн кино урлагийг өнгө, төрхийг тодорхойлогч томоохон орон бөгөөд үүнээс гадна манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй нь бас нөлөөлжээ. Тэрбээр “Улаанбаатар кино наадам бол Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх том бодлогын нэг чухал хэсэг нь. Энэ наадам Канн, Берлин, Венецийн кино наадмууд болж өнгөрсний дараа болдог учраас бид дэлхийн хамгийн том наадмын тэргүүн байрыг эзэлсэн уран бүтээлийг монголчуудын хүртээл болгохыг зорьдог. Гэхдээ энэ наадмыг зөвхөн монголчуудад биш, Азидаа нэр хүнд бүхий, дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг наадам болгох нь бидний нэг зорилго. Үүгээрээ бид Монгол яагаад дэлхийн киночдын анхааралдаа авах ёстой улс вэ гэдгийг батлан харуулахыг хичээнэ” хэмээв.
Энэ жилийн Улаанбаатар кино наадам уламжлал ёсоор аравдугаар сард болно. Ийм хэмжээний, ийм том үр дүнтэй ажилд төр засгийн зүгээс оролцож буй нь тохиолын хэрэг биш. “Боловсрол хүний тархийг, урлаг харин сэтгэлийг хөгжүүлэх салбар” хэмээн Д.Гантөмөр хэлээд соёл урлагийг төрийн бодлогын хажуу бөөрөнд биш харин бусад салбартай ажил цөмд нь авч явах ёстой гэж үздэгээ хэлсэн. Кино урлагийн бол тэр цөмийнх нь цөм билээ. Тиймдээ ч, Молливуд мөрөөдөл биш, хэрвээ бид боломжоо зөв олж харж, араа шүдээ эн тэгш хөгжүүлж, бас дэмжвэл шүү дээ.
Ж.Тэгшжаргал
URL: