Улстөр амилах шалтаг шалтгаан

Хаврын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эл хуль оргиж УИХ-ын зарим нэг гишүүний туслах, албаны цөөн тооны хүнээс өөр хонгилд холхих хүнгүй зуслаа. Төрийн түшээд орон нутагт нисдэг тэрэг, жийп машин хөлөглөж наадам хэсч, тойргоо эргэнэ.
Ирэх сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн болохоор амласан амлалтынхаа дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэж хэрдээ л хичээж яваа. Тэгвэл ирэх сонгуульд тойргоо солино эсвэл  сонгуулийн хуулийн шинэчлэлд найдсан хэсэг нь наадамлаж, эхнэр хүүхдээ дагуулан гадаад дотоодоор зугаална. Томчуудын толгой өвдөхгүй, сэтгэл зовохгүй зөвхөн сонгууль бодогдож байхад  иргэд сонгогчид  инфляцид дарлуулан  бүсээ чангалж сууна.
Тэд мөн л сонгууль хүлээнэ. Улстөрчдөд хайртайдаа бус одоогоор цаас төдий байгаа Тавантолгойн хувьцааг амилахыг тэсэн ядан хүлээж байгаа. Энэ хүлээлтийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа хамгаас чухал. Хэдийгээр цаг хугацаа сунган байж хуралдсан хаврын чуулганаар эцэслэн шийдвэрлэх байсан ч амжаагүй. Дөрвөн зүг найман зовхист таран одсон улстөрчид энэ долоо хоногоос цуглаж эхэлж байна. Долдугаар сарын 27-ноос хойш хуралдааны Засгийн газар ч энэ долоо хоногт хуралдахаар төлөвлөөд байгаа. Энэ сарын 15-н гэхэд Засгийн газрын гишүүдийг ажилдаа ирсэн байхыг анхааруулсан. Гишүүд ч бараг бүрдээд байгаа.
Маргааш гүйцэтгэх засаглалынхан хуралдах болж байна. Мэдээж тэд Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхэд эцэслэн бэлтгэх юм.
Ээлжит бус чуулган зарлахыг гишүүд хүлээж байна
Энэ оны төсвийн орлого хангагдахгүй байгаа нь ээлжит бус чуулган хуралдуулахад хангалттай шалтгаан. Төсвийн тодотгол хийхгүйгээр өвлийн бэлтгэл, ирэх жилийг давахгүй. Төсвийн орлогын дундуурыг дүүргэхэд Тавантолгойн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй.
Дараагийн шалтаг нь мэдээж УИХ-ын сонгуулийн тухай хууль. Энэ хоёрыг шийдвэрлэхгүйгээр намрын чуулган ирц бүрдээд хуралдана гэхэд хэцүү.  Хаврын чуулганыг завсарлуулахдаа спикер Д.Дэмбэрэл  ”Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал бол сонгуулийн хууль байх ёстой” гэж хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Сонгуулийн хуулийг санаачлахдаа улс орныхоо улс төр – эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор аль нэг нам юм уу хэн нэг хүний эрх ашигт нийцүүлэхгүй байхад анхаарсан, тэр ч бүү хэл энэ хуулийн төсөл  дээр ажиллаж байгаа ажлын хэсэг бүлгийнхээ бүрэлдэхүүнийг ч өөрчилсөн байна.
Одоогоор УИХ-ын дарга хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа. Ээлжит бус чуулганы сураг, хэлэлцэх асуудлын шалтгаанаар Төрийн ордонд эргэлдэх гишүүд спикерийг тэсэн ядан хүлээж байгаа. Мөн Тавантолгойн асуудал, сонгуулийн хуулийн төсөлд анхаарлаа хандуулан, бичиг цаасанд дарагдаж суух. Энэ  долоо хоногт Д.Дэмбэрэл дарга Улаанбаатарт ирж УИХ-ын  даргын дэргэдэх зөвлөлөө хуралдуулах тухай ч чих дэлсэх болсон. Зөвлөлийн хурлаар ээлжит бус чуулган зарлах эсэх нь тодорхой болно.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ажилдаа орно
Энэ долоо хоногт Ерөнхийлөгч, спикер, Ерөнхий сайд нар ажилдаа орж ирэх өдрүүдэд болох төрийн  айлчлалд бэлтгэнэ. БНСУ-ын ерөнхийлөгч Ли  Мен Баг, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден нарын айлчлал ирэх долоо хоногт шил дараалан болно.
Энэ их хөл хөдөлгөөний хажуугаар ээлжит бус чуулган  хуралдах бол Төрийн ордонд улстөр өрнөх нь. Намрын налгар өдрүүдийг налайж бус улс төрийн халуухан мэтгэлцээн, иргэний нийгмийнхний хатуу үг, шаардлагатай тэмцэлтэй өнгөрүүлэх нь.

URL:

Сэтгэгдэл бичих