Хоолны шавхруу АЛТ болсон түүх

Дизель түлшний үйлдвэр.

ГУРВАН АЖИЛЧИНТАЙ ДИЗЕЛИЙН ҮЙЛДВЭР

Монголдоо дизель түлш үйлдвэрлэж байгаа компанийн захирал Б.Энхболдтой холбогдлоо. Бид тэдний дизель түлш, утаа бууруулагч зуухны үйлдвэртэй танилцахыг хүссэн юм. Гэтэл Б.Энхболд захирлын бие нь чилээрхэж эмнэлэгт хэвтэж байгаа ч  үйлдвэрлэлийн явцтай танилцаж болно гэнэ. Түүний тайлбарласнаар бол дизель түлш болон зуух үйлдвэрлэх ажил хэвийн явагдаж байгаа. Зуухны захиалга нэмэгдсэн. Хэдийгээр хэд хэдэн газар шинэ зуухаа суурилуулаад туршилт амжилттай болсон ч, ажилчид нь хүйтний улиралд л нийтэд баталгаатай харуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн гэнэ.

Тиймээс үүний талаар намар сурвалжлахаар тохирч энэ удаа зөвхөн дизель түлшний үйлдвэрийг сонирхохоор болов. Пүрэв гаригийн 12 цагт захирал маань эм, тариагаа зохицуулсны дараа бид үйлдвэрийн зүг хөдлөв. Офицеруудын ордноос зүүн  тийш, хуучин жанжин штабын гараж байсан барилга хувьчлагдсан гэнэ. Тэр нь нэлээд том барилга бөгөөд эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн хэдэн талаасаа ордог хаалгатай. Захирал маань нэгэн хаалганы гадаа зогсож “Та нар энд хүлээж бай. Би дотроос хаалга онгойлгоно” гээд өөр хаалга руу орчихов. Бид гайхан “Энэ нөхөр ажилчдаа Хятадын оёдлын үйлдвэрийн эзэд шиг цоожилдог байх нь” гэж хардаж эхлэв. Гэтэл хаалга нээгдэж захирал гарч ирж биднийг оруулахад үйлдвэрт хэн ч байсангүй. Тэнд том жижиг босоо хэвтээ торхнууд, дээр нь айрагны, усны, ундааны олон савнууд байв. Гаднаасаа том гараж мэт харагдавч үйлдвэрт ердөө л 200 хүрэхгүй квадрат метр тоосгон ханаар тусгаарласан талбай ноогдоно. Анх хашаанд ороход жаахан эхүүн үнэр мэдэрч байсан боловч үйлдвэрт орсны дараа нэг их анзаарагдсангүй. Захирал үйлдвэр гэхээс зайлсхийж цех гээд байсан нь алдаг оног ажиллаж байгаа юм байна гэж дотроо оношлов. Харин Энхболд захирал томоохон нефтийн үйлдвэрээ танилцуулж байгаа мэт баясгалантайгаар “Та нар ороод үз” гэх нь сонирхолтой. “Ердөө л энэ үү” гэж үйлдвэрийг хараад, чамлангүй маягаар асуухад, инээд алдан “Тийм” гэв. Бид тэсэлгүй захирлаас:

-Бид дизелийн үйлдвэр үзнэ гэсэн биз дээ?

-Би та нарыг авчирчихаад байна шүү дээ.

-Танай хийсэн түлш хаанаа байгаа юм?

-Энэ байна. (Айрагны гэгддэг 200 литрийн таван торхыг заав)

-Ажилчид хаана байгаа юм?

-Ажлаа дуусчихаараа яваад өгдөг юм.

-13 цаг болж байхад нэг тонн дизель түлш үйлдвэрчихээд үү?

-Гадаа агуулахад хоёр тонн түлш бэлэн байгаа.

-Танайх хэдэн ажилчинтай юм бэ?

-Гурав.

-Бүгд тарчихсан юм уу?

-Нэгтэй нь та яриад зогсож байна.

-Та өөрөө үйлдвэртээ ажилладаг юм уу?

-Энэ миний ажлын хувцас. (Хананд өлгөөтэй байгаа тос болсон гутал, өмдийг заав.)

Ийнхүү 20-иод жил эмчээр ажилласан, АНУ-д 17 жил болоод ирсэн Б.Энхболд захирал ресторан, баарны хаягдлаар түүхий эдээ хийдэг дизель түлшний үйлдвэрээ танилцуулж эхлэв.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ХИЙХДЭЭ САНААГАА ГАГНУУРЧИНДАА ХЭЛЭЭД ӨӨРӨӨ ЗОХИОН БҮТЭЭСЭН

Анх үйлдвэр гэж толгойд бууж өгөхгүй байсан олон торхнууд үнэхээр дизель түлшний үйлдвэр гэдэг түүний тайлбараар батлагдана. Тэрээр өөрөө өдөр тутам ажилладаг тул бүх тоног төхөөрөмжөө сурмаг гэгч нь ажиллуулж үзүүлнэ. Үйлдвэрийн ажилчид өглөө ажил ихтэй бол есөн цагт цуглана. Аажуухан ирэх нь ч бий. Ажилчид өглөө ирээд хаягдал тосыг хүлээн авч үйлдвэртээ болон агуулахад хураана. Дараа нь эхний торхонд хийж 70 орчим хэм хүртэл халаана. Дараагийн шүүгч торх нэлээд нарийн бүтэцтэй. Хэдэн давхар шүүлтүүртэй. Анх тэд олон давхар эсгийгээр шүүлтүүр хийж байсан гэнэ. Харин одоо ямар бүтэцтэй нь технологийн нууц. Шүүдэг торхноос гарсан бараг цэвэршсэн тос нь химижүүлэгч торх руу орно. Тэндээ химийн урвалд орно. Урвалд ордог химийн бодисыг оруулж ирэхийн тулд ХХААХҮЯ-аас тусгай зөвшөөрөл авна. Дараагийн томоохон торх нь нэрэгч нэртэй түлш үйлдвэрлэх үндсэн машин гэнэ. Энэ машин нь 250 литрийн багтаамжтай, хоёр торхноос бүрдэнэ. Түүндээ халаагуур байршуулсан бөгөөд тэр нь тосыг 60-70 хэм хүртэл халаана. Энэ торхыг холигч гэж болох юм байна. Бас химийн бодистой 4-6 цаг холилдсоны дараа 500 литр дизель түлш бэлэн болно. Зарим зүйлийг бид ойлгохгүй байсан тул тэрээр торхнуудаа тус тусад нь ажиллуулж үзүүлнэ. Эцэст нь бидний ойлгосноор тунгаагч хэмээх торх руу шилжиж эцсийн бүтээгдэхүүн болоход нэг алхам үлдэнэ. Тунгаагч шүүгдэж, нэрэгдэж химийн бодист нэрвүүлж түмэн зовлон үзсэн хаягдал тосыг хэсэг амрааж буян болно. Ингэсний дараа дизель түлш нь дээрээ тунаж ёроолд нь багахан хэмжээний шаар үлдэнэ. Энэ нь бидний ярьж заншсанаар глицерин хэмээх гар хөлөндөө түрхдэг тос болдог гэнэ. “Гарандаа түрхээд үзэх үү” хэмээн цаашлуулбал “Арай ч шууд хэрэглэж болохгүй” хэмээн Б.Энхболд захирал сандрав. Тэдний торх болгон өөрийн түүх, хөгтэй явдалтай гэнэ. Захирал маань өөрөө мэргэжлийн хүн биш болохоор торхуудаа хийсний дараа олон хүнд үзүүлсэн гэнэ. Тунгаагч торхыг маш олон хүнд  үзүүлсэн боловч ямар нэгэн алдаа олоогүй гэнэ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд хамгийн сүүлд үзэж таарсан. Зохион бүтээгчид зургаараа бол зөвхөн ёроолын тундсыг л авах цооног гаргасан. Гэтэл Д.Ганболд үзчихээд “Тундсаа авчихлаа. Түлшээ яаж авах юм” хэмээн инээдээ барьж ядан асуусан гэнэ. Гэнэт харсан чинь тундас авах цооногтой боловч түлшээ авах цооноггүй хийчихсэн байж. Мэргэжлийн бус хүн яаж энэ технологийг эзэмшсэн тухай ярихдаа “Ер нь бол том үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг судалсан. Үйлдвэрт нь ч ажиллаж байсан. Гэхдээ нэгэнт ийм үйлдвэр байгуулах зорилготой байсан болохоор их уншсан, хүнтэй уулзсан. Тоног төхөөрөмжөө хийхдээ санаагаа гагнуурчиндаа хэлээд өөрөө зохион бүтээсэн” гэж байв.

ҮЛДЭГДЭЛ ТОС ЯНЗ БҮР БАЙДАГ

Бид тосыг нь хоолны шавхруу гэж ярьж байснаа гэнэт анзаарав. Харин захирал маань хаягдал тосыг үлдэгдэл тос гэж “хүндэтгэж” байх юм. Нээрэн ч монголчуудын амьдралын амин хэрэглээ болсон дизель түлшийг өгч байгаа хоолны үлдэгдлийг шаар, шавхруугаар нь дуудаад байх нь зохимжгүй мэт санагдана. Гэхдээ үр минь, хайр минь гэхгүй ч гэсэн хаягдалтайгаа учиртай харьцах хэрэгтэй юм байна. Нэрэх торхыг эс тооцвол бусад торхнуудын үндсэн ажиллагаа нь шүүх, тунгаах. Энэ нь хаягдал тос ямар их бохирдолтой байгааг харуулна. Мэдээж ямар ч тохиолдолд шүүх нь гарцаагүй боловч нэрэх торх хоёр цагийн зөрүүтэй ажиллаж байгаа нь тосны бохирдол бусад хольцноос болдог аж. Гадны том зоогийн газруудаас ирсэн тос дизель түлш болохдоо цаг хугацаа, зардал бага шаардана. Химийн бодис хэмнэхээс гадна урвалд орох хугацаа нь ч бага. Ийм тос нийлүүлдэг газарт япон ресторанууд, “Шангрила” зэрэг ресторан орно. Харин “Талх чихэр”, “Өгөөж” зэрэг компаниудаас ихэнхдээ баярын үеэр үлдэгдэл тосыг авна. Хэдийгээр тэр нь өөхөн тостой холилдсон байдаг боловч бас үйлдвэрийн түүхий эдэд тооцогдоно. Тус үйлдвэр өөхөн тос ч авдаг юм байна. Иргэд тосоо үнэтэй өгөх гэж оролддог юм байна. Харин тус үйлдвэр зоогийн газруудаас үлдэгдэл тосыг нэг килограммыг нь 150 төгрөгөөр авна. Сонирхолтой нь үлдэгдэл тосонд хаягдал гэж байдаггүй. Үлдсэн тундас хэлбэртэй нь савангийн түүхий эд болно. Бүр үлдсэн шаар нь мал, ургамлын бордоо болно. Хэрэв дахин урвалд зөв оруулж чадвал дахиад л дизелийн түлш болж хувирна. Энэ түлшний давуу тал нь ямар нэгэн хорт утаа ялгаруулахгүй. Байгаль орчинд ээлтэй технологид тооцогддог.

ШУУДАЙ НҮҮРСТЭЙ ТЭНЦЭХ 500 ТӨГРӨГИЙН ТҮЛШ

Бусдаас арай өөр харагдах нэгэн торхонд байгаа шингэн бол дизелийн үлдэгдлээс гаргаж авдаг био түлш. Нэг литрийг түлэхэд гэрийн дулааныг 4-5 цаг барина. Энэ түлшийг хэрэглэхэд тусгай зориулалтын зуух хэрэгтэй. Тус компанийхан бас нэг технологи нэвтрүүлж байгаа нь био түлш ба түүнд зориулсан зуух юм. Энэ нь гучаад сантиметрийн радиустай бас л нэг торх. Бусад торхноос ялгаатай нь тагтай, дээшээ агаар гарах хоолойтой бөөрөндөө дөрвөлжин хайрцаг наачихсан мэт харагдана. Наалдсан хайрцаг нь түлшний банк. Түүн дээр суулгасан хаалтыг нээхэд  торхон зуух руу орж, асахад бэлэн болно. Ажиллаж байх үед үл мэдэг цахилгаан хөдөлгүүрийн дуу мэдрэгдэнэ. Тэр нь агааржуулагчийн хөдөлгүүр гэнэ. Цагт ердөө 40 ватт цахилгаан зарцуулна. Гал ихэдвэл агааржуулалтыг багасгаад түлшээ хэмнэж болно. Энхболд захирал “дурамжхан” боловч зуухыг ажиллуулж үзүүлэв. “Дурамжхан” гэдэг нь ажилчид хүйтний цагаар үзүүлэх санал тавьж, харин бид өнөөдөр үзмээр байна гэдгээ дахин дахин тойруу замаар сануулсаар байсан юм. Байнга хэрэглэдэг байсан зуухандаа бидэнд гал түлж үзүүлэв. Гал асаах чадвартай эмэгтэй цөөрч байгаа өнөө үед маш амархан ажиллагаатай зуух юм. Түлшний хаалтыг нээгээд 50 орчим грамм био түлш зуух руугаа хийв. Зуухны бөөрөн дэх нүхээр урт хошуутай асаагуур шургуулаад хэдэн секунд болоход л түлш асаж эхэлнэ. Гурван минутын дараа Б.Энхболд захирал хэр хурдан халж байгааг харуулах багаж авчрав. Гаднаасаа харахад урт бариултай сахлын машин шиг тэр эдээр зуухны бөөрөнд жижиг улаан гэрэл тусгана. Харин багажны дагзан дээрх цонхон дээр зуухны хана хэдэн хэм халж байгааг харуулсан тоо гарна. Гурван минутын дараа 57 хэмийг зааж байсан бол таван минутын дараа 80 болж нэмэгдэв. Гэхдээ энэ бол ердийн гэр халаах зориулалтай зуух юм. Түлш нь ашиг, ач холбогдол нь өндөр болохоос ердийн зуух шиг дээр нь хоолоо хийж, цайгаа чанаж ууж болно.  Тэд энэ төрлөөс гадна ханан пийшингийн, багахан хэмжээний үйлдвэр, аж ахуйд зориулсан, 200-500 метр квадрат талбайг халаах зуухыг захиалгаар хийнэ. Энэ зуухны давуу тал нь дөрвөн шуудай нүүрс үүрэхийн оронд дөрвөн литр тос барьж явна. Үнс авах, угаарт цохиулах, хөө тортог үнэртэх, хувцсанд шингэх гэсэн ойлголт байхгүй. Нүүрс түлдэг гэрийг нийтийн халаалттай байшинтай төстэй болгодог гэнэ. Үйлдвэрлэж байгаа дизель түлш, гэрийн халаалтад зориулсан түлш, зуухны үр дүнг харвал ногоон намын гишүүн байж болзошгүй юм. Гэхдээ тэрээр одоо улс төржих мантай үйлдвэрлэлээ өргөтгөхөөр унаж, босон хөдөлмөрлөж байгаа аж.

ЛАБОРАТОРИ

Манайд хэдэн томоохон компаниуд л өөрийн гэсэн лабораторитой. Харин төрийн байгууллагуудын мэдэлд бол, юу ч илрүүлдэггүй хэдэн тэрбумын үнэтэй лаборатори нэртэй агуулахаас том байрнууд байдаг. Харин энэ үйлдвэрийн лаборатори нь хүрч багтаж ядан байгаа байрныхаа нэг булангаас модон ханаар тусгаарлагдсан байв. Дөрвөн метр квадрат талбай. Түүн дотроо хэдэн давхар модон тавиур хийж толгой эргэм олон шилэн савтай шингэнүүд өржээ. “Энэ юу гэсэн” асуултад захирал “Лаборатори” гэж хариулав. Тэгээд тэр олон шилтэйгээс ээлж ээлжлэн барьж бодвол онцлог болон илчлэгийг нь тайлбарлаж байгаа бололтой уйгагүй тайлбарлав. Харамсалтай нь, бид түүнийг ойлгож, та бүхэнд хүргэх нь бүү хэл нэр усыг нь ч тогтоож амжсангүй. Ямар ч байсан химийн нарийн бүтээгдэхүүн бололтой юм. Энхболд захирал тус үйлдвэрийг байгуулах гэж багагүй цаг, заваа барсан нь түүний ярианаас мэдрэгдэнэ.

Бид түүнээс:

-Лабораторийн тусгай зөвшөөрөл бий юу?

-Байхгүй.

-Яагаад?

-Монголд био түлшний тухай ямар ч хууль, дүрэм, журам, стандарт байхгүй.

-Тэгээд хэн нэгэн албан тушаалтан ирээд хаачихгүй байна уу?

-Тэгэхгүй байна аа. Яахав хэрэглэж байгаа бусад бүтээгдэхүүнтэй харьцуулах замаар болно л доо.

НЭГ ТОНН ХУВАНЦРААС 960 ЛИТР ДИЗЕЛЬ ТҮЛШ ГАРНА

Лабораторийг үзээд гарах гэж байтал шилнүүдийн дунд ундааны бөглөөгөөр дүүргэсэн шилэн сав анхаарал татав. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг “Энэ бас юу вэ” гэтэл “Энэ чинь бас түлш болно шүү дээ” гэх нь тэр. Түүний ярьж буйгаар бол манайхны хог гээд ад үзээд байдаг хуванцар хаягдлууд бол дизель түлш. Түүнийг нунтаглаад химийн атаканд оруулаад л түлш болно. Нэг тонн хуванцар хаягдлаас 960 кг түлш гарна. Сонирхолтой нь түүхий эдэд машины эвдэрсэн буферээс эхлээд хүүхдийн хаягдсан тоглоом, ундаа, тарагний сав ч тооцогдоно. Хятадууд зах зээлд маш мэдрэмтгий хандаж байгаа гэнэ. Тэд өнгөрсөн хавар хаягдал хуванцрыг бөөнд 200-300 төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр 500-600 төгрөгөөр авч байгаа аж. Хятадын түүхий эд цуглуулдаг арваад компани Монголд үйл ажиллагаа явуулдаг. Тэд түүхий эдийг цуглуулж, нунтаглаж савлаад урагш нь гаргана. Одоохондоо хуванцар боловсруулах үйлдвэргүй байхад манайд ашигтай. Байгаль орчин бохирдох аюулаас зайлсхийж байна. Тэгээд ч хог гэдэг утгаараа татваргүй гарна. Харин үйлдвэртэй болчихвол, ноос, ноолуур шиг түүхий эдэд тооцогдох ёстой.

ҮЙЛДВЭРИЙН БАЙР

Энэ бүхнийг үзсэний дараа үйлдвэрийн байрыг дахин нэг харав. Зуу гаруйхан квадрат метр түрээсийн талбай. Агуулахдаа гэрээний дагуу маргааш өглөө нь “Синчи ойл” компанид өгөх хоёр тонн түлштэй, үйлдвэрт нь нэг тонн түлш бэлэн. Нөгөө шидэт зуухаа үйлдвэрлэх зайгүй тул нэг ажилчныхаа хашаанд хийж байдаг. “Төр намайг дэмжиж байгаа. Хэдэн төгрөгийн зээл авах болсон” гээд сууж байгаа компанийн захирал. Бидний хаваржин дайтах шахсан дизель түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн бодит зураг. Тэр жаахан талбай дотроо угаалтуур, телевизор, багаж, ажлын хувцасны шүүгээ байрлуулчихаж. Дээр нь хоёр жижиг сандал тавиад л хоёр хүн зөрөх зай үлдэнэ.

Саяхнаас арай томхон байр олоод нүүх болтол захирлын бие чилээрхэж эмнэлэгт хэвтэж. “Нүүх хугацаандаа гэрээт байгууллагаа хэрхэн хангах вэ” гэсэн асуултад “Нүүхээс өмнө нөөц бэлтгэж авна” гэж хариулж байна. Эрх баригчид утааг устгаж, дизелийг нэмэгдүүлэх тухай олон хууль баталж, хэдэн тэрбумыг цацаж байна. Агаарын бохирдол, түлшний хомсдол Японы цунамигаас ялгаагүй гэж сурталчилж байна. Арабын орнуудаас арван ногооноор нэг литр бензин авахаас өөр аргагүй гэж ухуулж байна. Хоёр хурган түшмэлийн өрөө өдөрт хоёр тонн түлш үйлдвэрлэдэг үйлдвэрийн талбайтай тэнцэж байна. Үйлдвэрчний, залуучуудын, эмэгтэйчүүдийн, намуудын, иргэний хөдөлгөөний гэх эрүүл галзуу мэдэгдэхгүй эх орончид Лаосын улаан тавилгаар чимсэн олон давхар харшуудад эх орон, ард түмнийхээ төлөө  “зүрхээ сугалах” шахаж байна. Энэ бүхнийг үл анзааран Энхболд захирал түлш үйлдвэрлэж байна. Болоогүй ээ, бас бусадтай энэ бүхнээ хуваалцаж агаарыг цэвэршүүлж, иргэдийг явгалахгүйг хүсч байна.

Үйлдвэрт өнжсөн Д.ОЮУНТУЯА, Х.БАТТӨГС, Д.МӨНХ-ЭРДЭНЭ

d-tulsh

Үйлдвэрийн бүтээгдэхүүн

uildver-tonog


URL:

Сэтгэгдэл бичих