Нялх хүүхдийнхээ дэргэд бүлэг хүмүүст зодуулчихаад дахиад хуулийнхны дарамтад орлоо
-МОНГОЛД ХУУЛЬ, ХУУЛЬ САХИУЛАГЧИД БАЙГАА ЭСЭХИЙГ МЭДЭХЭЭ БОЛЬЧИХООД БАЙНА “ӨДРИЙН СОНИН”-Д ХАНДАЖ БАЙНА-
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багт амьдардаг Ч.Бат-Эрдэнэ манай сонинд хандлаа. Тэрбээр “Бүлэг согтуу этгээдүүдээр зодуулчихаад эрхээ хамгаалуулах гэж хуулийнханд хандтал тэд бас дарамталлаа. Эцэст нь хүний эрхийг хөхиүлэн дэмждэг танай сонинд хандахаас өөр гарц үлдсэнгүй. Монголд хууль, хууль сахиулагчид байгаа эсэхийг мэдэхээ больчихлоо. Энэ бүгд жалга довны өчүүхэн үзлээс үүдэлтэй” гэж ярьсан юм. Ч.Бат-Эрдэнэ гурван настай хүүгээ дагуулжээ. Түүнийг хүүгийнх нь дэргэд зодсон гэнэ. Ч.Бат-Эрдэнийн ярьсныг хүргэе.
-Та юу болсныг яриач?
-Манайх 2012 онд Өмнө-говь аймгийн Баян-Овоо суманд нүүж очоод тэндээ дэлгүүр, дугуй засвар ажиллуулж эхэлсэн юм. Тэр цагаас хойш тэнд ижил төрлийн бизнес хийдэг хүмүүс, сумын удирдлагууд биднийг гадныхан гэж дарамталж, гадуурхаж эхэлсэн. Эзгүйд дэлгүүрийн цонх хагалчихна, хана тааз руу чулуу нүүлгэнэ. Машины дугуй хүртэл хагалчихдаг. Бид арга ядаад сумын Засаг даргаас суманд хандив өгье гэж хүртэл хүссэн ч энд гадныхан байх ёсгүй, буцаана, явуулна л гэж харьцдаг. Энэ мэтээр биднийг гадныхан гэж ялгаварлаж, эд хөрөнгийг минь сүйтгэдэг байсан бол сүүлдээ амь насанд минь заналхийлэх боллоо.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-2015 оны дөрөвдүгээр сарын 19-ний орой хоёр ой гаруйтай хүүтэйгээ хоёулхнаа гэртээ кино үзээд хэвтэж байтал 23.00 цагийн орчимд гэрийн гаднаас машинаар мөргөх шиг болсон. Манайх сэндвичин байшинд дэлгүүртэйгээ хамт байдаг. Нөхөр маань юманд явчихсан байсан юм. Байшинг машинаар мөргөх шиг болохоор нь гэрэл бариад гартал суудлын саарал машин манайхтай яг тулаад зогсчихож. Дунд зэргийн нуруутай, шал согтуу эмэгтэй машиныхаа түлхүүрийг эрээд тэнд тэмтчиж байсан. Тэгэхээр нь “Чи айлын гэр мөргөөд зогслоо. Түлхүүрээ олоод хөдөллөө гэхэд дахиад мөргөх нь байна” гэлээ. Гэтэл манайхаас үүдэн хоймрын зайд байдаг гуанзнаас гурав, дөрвөн согтуу эмэгтэй хүрч ирээд “Муусайн гадныхан даварч байна. Бид нутаг дээрээ байна. Машинаа хаана тавихаа чамаар заалгахгүй. Гадны юмыг нам дараад өгье” гээд л намайг үсдээд доош нь дарчихсан. Үсдүүлчихсэн хүн дээшээ өндийж чаддаггүй юм билээ. Тэр эмэгтэйчүүд намайг тал талаас үсдэж, өшиглөөд гуанзны гэр рүүгээ чирчихсэн.
-Та тэр хүмүүсийг таних уу?
-Гуанз ажиллуулдаг, нутгийн хүмүүс. Алтанзаяа, Туяа, Сувдаа нарыг нь сайн танина. Бусдыг нь харанхуйд харж, таньж үнэндээ чадаагүй. Үсдүүлээд чирэгдэж байхдаа гэрт ганцаараа үлдсэн нялх үрээ л боддог юм билээ. Ээж нь энд орилоод зодуулаад байгааг сонсчихоод харанхуйд гарч гүйгээд алга болчих вий гэж айсандаа өвдөлтөө ч мэдрэхгүй байсан. Хүмүүсийн хөл дор зодуулж байхдаа “Та нар болиоч, хүн аллаа шүү дээ” гэж орилохоос өөрийг хийж чадаагүй. Алтазаяа “Гадныхныг дарах ёстой. Наадахаа алаад өг” гэж орилоод л. Бүгд эмэгтэй хүмүүс шүүдээ. Согтуу эмэгтэйчүүдээс арай гэж мултраад хүү рүүгээ гүйгээд очтол байдаггүй. “Миний хүү хаана байна” гээд хамаг чадлаараа орилтол лангууны цаана нуугдчихсан байснаа уйлаад гараад ирсэн. Миний үс, хувцас хунар авах юм байхгүй. Хүүгээ дахиад айлгачих вий гэж тайвшруулаад нөхрийнхөө гар утас руу залгатал ярьж байгаа дохио өгөөд байсан. Манай тэнд утасны сүлжээ муу барьдаг, цонхоор утсаа гаргаж байгаад ярьдаг юм. Найз эмэгтэй рүүгээ залгаад цагдаад хэлээд өгөөч гэж гуйж байтал өнөөх согтуу эмэгтэйчүүд хүрээд ирсэн. “Чи хэнтэй яриад байгаа юм” гэхээр нь айлгах санаатай “Цагдаа дуудаж байна” гээд хэлтэл “Чи цагдаа дуудаад юу ч олж долоохгүй. Биднийг цагдаа харин ч хамгаална” гээд утас авч хага шидээд цонхоор татаж, зодоод эхэлсэн. Хүү минь хормойноос зүүгдээд уйлаад байгаа шүү дээ. Тэгтэл тэр хавиар явж байсан эрэгтэй хүн “Та нар ямар балмад зэрлэг юм бэ. Хүн аллаа” гэж тэдэнтэй ноцолдож байгаад намайг салгасан. Арай гэж салаад цонхоо хаатал цонх хагалчихсан. Цонхноосоо холдтол нэг нь үүд рүү гүйхээр арай гэж хаалга цоожилж авсан.
-Танил эмэгтэй чинь цагдаа дуудсан болов уу?
-Бүлэг согтуу эмэгтэйчүүд манай гадаа орилолдож, машиныхаа дуут дохиог орилуулж байгаад чимээгүй болцгоолоо. Өшиглүүлсэн болохоор цээжээр хөндүүрлээд амьсгалж, үг хэлж ч чадахгүй, толгой янгинаж өвдөөд болдоггүй. Хүүгээ тайвшруулчихаад гэрт байсан утсаар нөхөр рүүгээ болон ойрын хүмүүс рүүгээ залгаж хэлсэн. Тэгтэл “Говийн зам” компанийн Шинэ-Од гэдэг хүн “Хэсгийн төлөөлөгч Хүдэр-Эрдэнэ надтай ярьж танайх руу явууллаа” гэсээр ирсэн. Тухайн үед би чирэгдсэн шороотой хувцастайгаа, үс сэгсийчихсэн байдалтай сууж байгаа хэрэг. Түүнд болсон бүх явдлыг ярихад “За, би цааш нь дамжуулъя” гээд гарсан. Дараа нь Жаалхүү гэдэг эмэгтэй орж ирээд “Яасан балмад юм бэ. Энэ хүмүүс нэгийгээ хот руу гаргаж өгнө гээд л ойрд архидаад байгаа” гэчихээд гарсан.
Шөнө дунд нөхөр маань сандарсаар ирсэн. Манай хүн хэсгийн төлөөлөгч Хүдэр-Эрдэнэд дуудлага өгтөл “Би очиж чадахгүй” гэсэн гэнэ. Дахиад залгатал “Би өөр рүү нь ярья” гээд утсаа тасалчихсан юм билээ. Өмнө нь ч цонх хагалчихаж, байшин сав нүдээд байна гээд дуудлага өгөхөөр “Тэгээд би яадаг юм” гээд ирдэггүй.
-Маргааш нь та цагдаад гомдол гаргасан уу?
-Цогтцэций суман дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга Баттогтоход “Бүлэг согтуу хүмүүс намайг зодчихлоо. Арга хэмжээ авч өгөөч” гэж гомдол гаргасан. Сумын эмчид үзүүлэхэд нүүр, толгой хавдаж, хөхөрсөн, цээжин бие хөндрүүртэй, хот явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг хийж өглөө. Хотод шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж дүгнэлт гаргасан. Одоо ч миний үс халцархай байгаа (Толгойныхоо орой хэсгийг үзүүлэхэд хэсэг газар үсгүй байв). Хотоос иртэл мөрдөн байцаагч Ариунболд мэдүүлэг өг гэждуудсан. Яваад очтол тэр хүн “Чи Сувдмаатай харилцан зодолдож, хохироосон. Энэ хүний хохирлыг төл” гэлээ. Ингээд надад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэчихсэн.
-Та тэр хүнтэй зодолдсон юм уу?
-Үсдүүлээд хүний хөлд хэвтэж байгаа хүн яаж зодох билээ дээ. Хэнийг нь ч эсэргүүцэж чадаагүй. Гэтэл хэсгийн төлөөлөгч Хүдэр-Эрдэнэ тэр хүмүүсийг ялгүй үлдээхийн тулд Сувдмааг надтай зодолдсон болгоод хуурамч хэрэг зохиочихож. Намайг тэр хүнийг маажиж хөнгөн гэмтэл учруулсан гэсэн. Гэтэл нүүрэн дээрх хумсны сорви нь бүр эртнийх байсан. Ингээд л хуулийнхан намайг дарамталж эхэлсэн. Хавтаст хэрэг бүрдүүлэхдээ бүх гэрчүүдээс миний эсрэг мэдүүлэг авчихсан. Намайг ямар байдалтай байсныг харсан Шинэ-Од, Жаалхүү хоёр хүртэл “Зүгээр үс нь л сэгсийчихсэн байсан” гэж худал мэдүүлэг өгсөн. Харин намайг зодуулж байхад салгаж, амь аварсан эрэгтэй үнэнээр нь мэдүүлсэн байна лээ. Энэ хэрэгт огт хамааралгүй, намайг танихгүй сумын Засаг даргаас хүртэл миний эсрэг мэдүүлэг авчихсан. Өнөөх Засаг дарга нь намайг баахан муу хэлчихсэн. Мөрдөн байцаагч Ариунболд намайг гурав дөрвөн цагдаа дамжуулж байцаалгаж, дарамталсан. Нэг байцаахаараа дөрөв, таван цаг суулгана. Ерөөсөө л “Сувдмаагийн хохирлыг барагдуулчих. Тэгээд л боллоо” гэдэг. Гэртээ зүгээр сууж байгаад бүлэг, согтуу хүмүүст зодуулчихаад гурав, дөрвөн цагдаагаар дарамтлуулаад аргаа бараад явж байна. Ийм байж яаж гомдлоо татах юм бэ. Тэр хүмүүс намайг алъя гэсэн зорилготой байсан бол яах байсан юм бэ. Тэнд байгаа хотоос очсон бүх айлыг гадныхан гэж дарамталдаг. Манай гэрийг мөргөсөн согтуу жолооч намайг зодсон Алтанзаяагийн охин юм билээ. Байдал ийм байхад тасгийн дарга Баттогтох “Энэ хэргийг би мэдэж байна” гэсэн атлаа “Чи гомдлоо тат” гээд нийлээд дарамтлаад байдаг.
-Танд эрүүгийн хэрэг үүсгээд шүүхэд шилжүүлчихсэн юм уу?
-Хэрэг прокурор дээр байгаа. Сум дундын прокурорын газрын прокурор Бямбадорж хүртэл “Эв зүйгээ ол” гээд дарамтлаад байдаг. Прокуророос нэг удаа мөрдөн байцаалтад шилжихэд Батжаргал гэдэг мөрдөн байцаагч хэргийг хүлээж аваад намайг нэг ч удаа байцаагаагүй. Тэр хооронд өнөөх эмэгтэйчүүд манай байшингийн ханан дээр элдэв юм бичнэ, нэг нь “Та нар яаж ч чадахгүй. Цагдаа мөнгөнд дуртай юм билээ” гэж бас дарамтална. Энэ тухай Батжаргал байцаагчид хэлэхэд арга хэмжээ авна гэсэн ч яагаа ч үгүй. Хэнийг нь ч байцаалгүй хэргийг 20 хоног дарчихаад “Энэ хэргийг шалгалаа. Харилцан зодолдсон байна” гээд явуулчихсан. Зодуулчихаад цагдаад хандтал дахиад цагдаа, прокурорын дарамтад орчихлоо.
Ц.ӨРНӨХ
URL: