Сайд аа, оюутнуудыг онцолж, хүүхдүүдийг хөсөр хаях уу?
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Хуанлийн хуудас навчис адил нэг нэгээрээ хийсэн одсоор есдүгээр сарын 1 болоход 14 хоног үлдсэн байнам. Ердөө хоёрхон долоо хоногийн дараа зуслангийн андууд үдэлтийн дуу аялж, зунжин эл хульхан байсан сургууль, цэцэрлэгт мөнгөн хонхны дуу жингэнэх болно. Хүүхдүүд хичээлийн хэрэгслээ базааж, хөдөөгийн оюутнуудын түүчээ Улаанбаатарын зүг урсч байна. Шинэ хичээлийн жилтэй холбоотой шинэ, сонин мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Энэ жил Монголын оюутны холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран оюутнуудыг том оврын автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх цахим картыг 96 мянган хувь хэвлүүлэхээр болжээ. Магадгүй, хэн нэгэнд сонирхолтой бус, байдаг л нэг мэдээлэл байж болох. Гэхдээ үүнтэй холбоотойгоор хэсэг бүлэг хүмүүсийн хэн ч тоож хэлэлцдэггүй сэдвийг хэн нэгний сонорт хүргэхийг хүссэн юм.
Хүүхдийн нэрээр цалинждаг, мөнгөждэг газрууд Монгол Улсад дэндүү олон. Харамсалтай нь ганц нэгхэн удаа гар зургийн уралдаан зарлахаас нэг их хэтрэхгүй үйл ажиллагаатай гээд дүгнэчихвэл хэтрүүлэг болохгүй биз. Хүүхдийн төлөө “за” гэж хэлье, хүүхдийн эрхийг хамгаалья гэх мөртлөө адгийн наад зах нь автобусанд адлагдаад явж байгаа хүүхдийн төлөө хэн санаа тавьсан юм бэ.
Улаанбаатарын их, дээд сургуулиудад суралцаж буй нийт оюутнуудын 96 мянга нь автобусаар үнэгүй зорчих бол нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчид нийтийн тээврээр үйлчлүүлэхэд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ. Үүнд хариулт авахаар Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс тодруулахад энэ асуудлыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас хариуцах ёстой хэмээн хариулсан. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас мөнгийг нь төлчихвөл сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчиж болно гэдгийг П.Наранцэцэг дарга өгүүлсэн.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн том оврын автобус томчуудад 400, хүүхдүүдэд 200 төгрөгөөр үйлчилж байгаа. Харин оюутнууд болон ахмадууд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг.
Амьдрал зохиож, авгай хүүхэд авчихсан амандаа сахалтай харчууд, хүний эхнэр болж, хүүхэд гаргачихсэн хүүхнүүд автобусаар үнэгүй зорчиж байхад алгын чинээхэн хүүхдүүд ааштай кондуктарт хөөгдөн барин, хөлс мөнгөө төлөөд явж байгаа нь шударга хуваарилалт гэж үү. Насанд хүрсэн оюутнууд цагаар ажиллаж, цалин хөлсөө автобусандаа зарцуулж болно. Харин сурагчдад, насанд хүрээгүй алгын чинээхэн үрсэд ажил хийх боломж бий бил үү. Хүүхдийг хүнд хөдөлмөрөөс чөлөөлье гэж хэлдэг хүмүүс юугаа хийгээд, яагаад дуугаа хураагаад байна вэ.
Амьдарлын боломж муутай, сургуулиасаа алслагдсан айлын хүүхдүүд л автобусаар явдаг нь худал биш. Арай амьдралын боломжтой нэг нь өөрийн унаагаар үр хүүхдээ зөөчихдөг. Өвлийн тэсгим хүйтэнд өөдөсхөн жаалыг мөнгөө төлөөгүй гээд хөөгөөд буулгачихдаг кондукторууд цөөнгүй. Бороонд норсон болжмор шиг хүйтэнд чичрээд зогсч байдаг хүүхдүүдийг харахаар өрөвдмөөр боддог нь үнэн биш гэж үү.
Хүүхдийг сурч боловсрох эрхээр хангах нь төрийн үүрэг. Төр тэр үүргээ яагаад биелүүлэхгүй байна вэ. Сонгуульд оролцож, санал өгөх эрхгүй болохоор хүүхдүүдийг хөсөр хаяж байгаа хэрэг үү. Гадаадад бол сургуулиуд нь өөрийн гэсэн унаатай. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдалд чухлаар нөлөөлдөг байна. Харин манайд эсрэгээрээ. Хүүхдүүд автобусанд сууна уу, алхаад явна уу эцэг эхийн хэрэг болохоос эрхбаригчдад хамаагүй. Харин тэдэнд сонгуульд оролцож, шантааж хийж шахалт үзүүлж чаддаг оюутнуудын асуудал хамгийн хамаатай. Хамаатай болохоор л хайр зарлаад байгаа бус уу. Сургууль, цэцэрлэг цуглангуут л мессенжер хаягаар хүүхэд алга болсон гэх зарууд ар араасаа хөвөрдөг.
Сурагчдыг автобусанд үнэ төлбөргүй зорчуулах талаар Сурагчдын холбооноос багагүй хөөцөлддөг ч сонгох эрхгүй, сонгуульд оролцож чаддаггүй болохоор тэдний асуудлыг авч хэлэлцэх эрх мэдэлтэн олддоггүй бололтой. Асуудал нь үүнд л байгаа хэрэг. Үнэндээ сонгуульд оролцож, жагсч, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чаддаг байсан бол сурагчдыг аль хэдийн автобусанд үнэгүй зорчуулах асуудал нааштайгаар шийдэгдсэн байх ёстой байв. Даанч хүн биш ээ цэрэг гэдэг шиг асуудал хүүхдүүдийн өмнө хөндөгдөж байна. Аль хормойноос нь унасан хүүхэд болоод алаг үзээд байна вэ гэдэг шиг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр танаас асуухад улстөрийн карьерт чинь “унацтай” биш болохоор хөөрхий хүүхдүүд хүн бишэд тооцогдоод байгаа юм уу.
Аяганы алаг муухай, агтны алаг хөөрхөн гэдгийг эрхбиш та мэддэг байлгүй дээ.
Ж.НЯМСҮРЭН
Зохиогчийн эрх “Ардын эрх
URL: