Ургацынхаа 70 хувийг алдсан гэдэг үнэн үү, Ерөнхий сайд аа

527-14382155081432252538555e707a3af2cЭнэ зун ихэнх нутгаар зуншлага муу, нийт нутгийн 60 хувь нь гандуу болон гантай байгаатай холбоотойгоор нийт ургацын 80 хувийг алдах нөхцөл байдал үүсч, ард иргэд идэх хоолгүй болж мэдэхээр байгаа талаар амтай болгон ярьж, өнөөдрөөс гурил будаагаа нөөцөлж эхлээд байна.
Гэтэл салбар яамныхан нэгэнт байгалийн гамшиг, ган зудтай нүүр тулж байгаа юм чинь бид яах вэ дээ, арга хэмжээ аваад ч нэмэр алга гэх ухааны зүйл яриад сууж байна. Бүр тариаланчид нь сайдтайгаа таарахгүй, салбар яамны бодлого алдагдсан, сайдын нэр хүндэд халдсан гэх зэргээр “хэрүүлийн алим” шидэлцээд л сууж байна.
Сайд нь аргаа бараад холбооныхоо ерөнхийлөгчийг цагдаад өгсөн гээд байгаа. Өнөөх нь ч хуйнаасаа сэлмээ сугалаад, хэрүүл эхлүүлсэн сайд руу чиглүүлнэ гэдгээ
жиргэчихлээ. Ёстой л өнөө дээдэх нь суудааа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэгч л болж байна. Тэгээд ч твиттер хэмээх өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сошиал талбарт хэрэлдээд байх нь хэр оновчтой юм бэ дээ.
Төрийн бодлогыг твиттерээр дамжуулаад, хувь хүний үзэд шингээгээд хэрүүл болгох хэрэг байсан уу. Уг нь салбар яамныхан газар тариалангийн гол бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй тариаланчидтайгаа очиж уулзаад, холбооноос нь дэмжлэг аваад гар нийлж ажлаа хийсэн бол ард түмэн гурил, будаагүй болох дээрээ тулахгүй л байсан байх.
Гэтэд яамны дарга нар аймгуудын Засаг дарга болон Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, ургацын талаар ярилцсан гэнэ. Сайд дарга нарт цаасан дээрх тоо чухал болохоос биш, газар дээрээс хурааж авах ургац тийм ч чухал биш хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна лээ.
Ер нь ч сүүлийн үеийн дарга нар сэтгэлээсээ ажиллахаа больсон гэдгийг эрхэм сайд мэддэггүй л юм байх даа, одоо хүртэл. Яамны нөхдүүдийг ирэхэд нь өнөөх эрхэм дарга нар “Одоо байгаа нөөцөөр аравдугаар сарыг хүртэл дотоодын хэрэгцээгээ хангаад, үлдсэн хугацаанд цаг агаар тогтуун байвал 60 хувийн ургац авна гэсэн найдлага тавьж байгаа” хэмээн хэлжээ.
Гэтэд газар дээр нь тариагаа тарьчихаад байгаа хүмүүс ургацынхаа 70-80 хувийг алдчихлаа хэмээн сэтгэлээр унаж, гасалж сууна. Үнэхээр Монгол Улс чинь ургацынхаа 80 хувийг алдчихаад байгаа юм уу, үгүй юу гэдгийг одоо Ерөнхий сайд тогтоогоосой.
Хэн нэгэн бизнесмэн, дарга нарын үгэнд орж, нөхцөл байдлыг тодорхойлж байхын оронд газар дээр нь нэг очоод үзчихээсэй билээ. Ард түмэнд цаасан дээрх тоо биш тавган дахь хоол нь чухал болоод байна шүү, эрхэм Ерөнхий сайд аа.
Э.Туул
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

URL:

Нэр: Anonymous Огноо: 30 July 2015

Ene humuus arail yrunhii saidaas minii oimos bandaash haana bn gej asuuhguimaa bolimoor yumaa

Сэтгэгдэл бичих