Э.Бат-үүл “Том толгойлж” ерөнхий сайдынхаа үгийг үл тоожээ

bdf6e47cb6a95f74originalХотын дарга Э.Бат-Үүл дээд албан тушаалтныхаа үгийг үл тоож, нэгэн шийдвэр гаргажээ. Нэгэнт түүний гаргачихсан шийдвэрийг албан тушаалтнууд нь дагахаас өөр замгүй. Тиймдээ ч нийслэл даяараа Даншиг наадамдаа бэлдээд их л завгүй байгаа сурагтай. Уг нь, наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ойтой аймаг, сумдын наадмыг долдугаар сардаа багтаан зохион байгуулахыг үүрэгдсэн. Ингэхдээ намар, өвлийн бэлтгэлтэй холбогдуулан наймдугаар сарын 1-нээс хойш нэг ч наадам, ойг тэмдэглэхгүй байхыг онцгойлон үүрэгдсэн. Харин энэ онд нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож буй. Тэд эхнээсээ ойгоо тэмдэглэж, наадамлаад бараг л дуусч байгаа гэхэд болно. Тэгш ойгоо тэмдэглээгүй тоотой хэдхэн газар үлдсэн. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд сумын 90 жилийн ой маргааш эхэлнэ. Булган аймгийн Баян-Агт сумын 90, Хялганат сумын 40 жилийн ой энэ сарын 29-31-ний өдрүүдэд тохионо. Ямар ч байсан аймаг, сумдын дарга нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үгийг сонсч, ирэх сарын 1-нээс өмнө наадамлаад дуусах нь. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл л ганцаараа буруу ишилсэн сүх шиг ирэх сарын 8, 9-нд нийслэл хотноо Даншиг наадам зохион байгуулах шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг Буддын шашны сүм, хийдүүдтэй хамтран зохион байгуулахаар болж, бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон байна. Зохион байгуулагчдын зүгээс Даншиг наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломжтой гэж хэлж, ярьж байгаа болохоос биш Ерөнхий сайдын онцгойлон анхааруулж, үүрэгдсэн үгийг зөрчиж буйгаа нэг ч удаа дурдсангүй. Түүгээр ч зогсохгүй нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эл наадмыг дэмжин ажиллаж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolian Tourism Market”-ийг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Саран хөхөө” дуулалт жүжгийг дэглэн, олон нийтэд толилуулах гэнэ. Наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах аж. Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа ч дуулгав. Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах юм байна. Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлахаар төлөвлөжээ. Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмынхтай дүйцэхүйц адил байх бөгөөд даншигт барилдах бөхчүүдийн улсын цолыг харгалзалгүйгээр сугалаагаар оноолт тааруулан барилдуулах гэнэ. Энэ нь цаашдаа өнөөх л үндэсний бөх тойрсон хэрүүл шуугианы сэдэв болохыг ч үгүйсгэх аргагүй.

Б.Төрбат

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих