Л.Гансүхийн хэрэг явж, явж хар тамхины хэргийн холбогдогчоос хамааралтай болов
-Шүүгч Х.Идэрийг төрсөн дүү прокурор Х.Тамираар нь барьцаалж байна гэж үү?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэргийг шүүх хурлын тов гарчээ. Ирэх наймдугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт зарлагдаад байгаа уг хэргийн талаар дахин сөхье.
Л.Гансүх нарын хэдэн хүнд холбоотой хэрэг “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын үед эхэлсэн. Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгасан юм.
Хэргийг шалгах явцад Л.Гансүхээс гадна Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар энэ хэрэгт холбогдсон. Ийн Л.Гансүх нарын гэгч хэргийг шалгаж дууссан АТГ, Мөрдөн шалгах хэлтсийнхэн тус хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Гэхдээ өмнө нь шүүхэд шилжүүлж байсан ч нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Харин прокурорын байгууллагаас Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох тус хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар буруутган шүүхэд шилжүүлсэн юм.
Прокуророос уг хэргийг Наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн нь “чоно борооноор” гэгчийн үлгэрээр хардлага төрүүлээд байсан. Харин Л.Гансүх нарт холбогдох хавтаст хэргийг холбогдох шатны нь шүүхээс Наадмын дараахан буюу долдугаар сарын 14, 15-ны үед хүлээн авсан юм. Дөрөв, тав хоногийн дараа хүлээн авах нь тодорхой байхад хавтаст хэргийг нь ийн яаран, хамаг олон баярлах цаг завгүй үед шилжүүлж байгаа нь сонин байгааг нь хардлага төрүүлсэн хэрэг.
Холбогдох шүүх гэдэг нь шинэ нэрээрээ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх юм. Тус шүүхээс Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүгчийг долдугаар сарын 20-диор томилсон. Өөрөөр хэлбэл шүүгч Х.Идэр нь Л.Гансүх нарын хэргийг шүүх бол өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгдэгч Л.Гансүхийг өмгөөлөх юм.
Томилогдсон шүүх хавтаст хэргийг хүлээн аваад хэрэгтэй нь танилцаж эхлэх тэр үед л шүүх хурлыг нэг сарын дараа хуралдуулах сураг гараад байлаа. Гэсэн ч товыг наашлуулан долдугаар сарын 27-ны өдөр хуралдуулах урьдчилсан төлөвлөгөө гаргасан байсан нь анхаарлын төвд байна. Л.Гансүх нарт холбогдох хэргийн материалтай томилогдсон шүүгч нэг долоо хоногийн дотор танилцаж амжина гэдэг нь юу л бол. Үүний цаана шүүгдэгчдийг хурдхан яллах гэсэн төлөвлөгөө байна гэсэн “хар” нийтэд үүсээд байгаа юм.
Юутай ч Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас шүүх хуралд оролцохоо түүний өмгөөлөгч нь хэвлэлээр дамжуулан мэдээлсэн. Үүнийг дагаад Л.Гансүхийн хэрэгт холбогдогч этгээдүүд хамтдаа цагаадах уу гэсэн асуулт ч гарч ирж байгаа. Яллах, цагаатгах гэсэн үнэн, худлын дэнсэн дээр тогтон байгаа уг хэргийн явцыг олон хүн анхааралтай ажиглаж байна.
Харин сэтгүүлч Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Л.Гансүх гүтгүүлсэн гэдгээ гайгүй сайн нотолж, хэн гэдэг хүн ямар баримтан дээр тулгуурлан хэрэг үүсгүүлсэн тухай тэнэг хүн ч ойлгохоор тайлбарласан байдаг.
АТГ-аас “Нүүрс” хөтөлбөрийн гэх зохиомол хэрэг гаргаж, үүнийгээ нотлохын тулд Л.Гансүхийг золих гэж байгааг өмгөөлөгч нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь бий. Хэрэгт холбогдогч буюу шүүгдэгч Л.Гансүх өөрөө ч ингэж ярьсан байдаг билээ.
Гэтэл уг хэрэг энэ төдийхнөөр дуусахгүй нь бололтой. Хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн гэх сэжигтнүүдэд холбогдох эрүүгийн нэгэн хэрэг энэ асуудалд холбогдох нь бололтой. Гэхдээ шууд утгаараа биш л дээ. Зөвхөн хэргийг шүүн таслах ажиллагаанд. Учир юу вэ гэвэл өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа хоёр прокурорын хэрэг байсан. Тэдгээр прокурорын хэргийг Л.Гансүх нарын хэргийг шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх өгөөш байж магадгүй гэж хэвлэлийнхэн үзэж байна. Тодруулбал, хар тамхины хэрэгт холбогдсон тэдгээр прокурорын талаар хэвлэл мэдээллийнхэн дуу дуугаа авалцан мэдээлсэн нь хуулийнхан энэ хэргийг зохион байгуулалттайгаар тараасан гэж үзэх үндэслэл болж байгаа юм.
Хэрэгт холбогдсон хоёр прокурорын нэг нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир гэгч байв. “Прокурор, цагдаа нар нэг, нэгэндээ дайсан болох ёсгүй. Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөхгүй” гэсэн нэг утга бүхий зүйлийг асуусан сэтгүүлч бүрт хуулийнхан хэлсэн нь үнэн үү гэвэл үнэн.
Гэхдээ нэг, нэгэндээ дайсан болох ёсгүй бол яагаад гэнэт ийнхүү хар тамхины гэх энэ том хэрэгт холбогдсон прокурорыг нэр, устай нь зарлах болов гэдэг асуудал прокуроруудын тухай мэдээлэл цацагдах үед л анхаарал татаж байв.
Гэтэл өгөөш гэдгийг нь нотлох шиг прокурор Х.Тамир гэгч нь Л.Гансүх нарын хэргийн шүүгчээр томилогдсон Х.Идэрийн төрсөн дүү гэнэ. Овог нь яг таарч байгаа биз. Үүнийг Л.Гансүх нарын хэрэгт холбогдсон хүмүүсийн хувь заяатай холбоотой байж болно гэж хуулийнхан өөрсдөө хардах л юм билээ. Хуулийнхан дайсан болох ёсгүй болохоороо энэ талаар тэд хэлэхгүй л дээ.
Энэ хэрэг явж явж хар тамхины хэрэгтэй холбогдогч прокурорын хувь заяанаас хамааралтай болох нь тодорхой болох шиг боллоо. Дараачийн нүүдэл хаанаас яаж гарахыг хэн мэдэхэв. Энэ өргөөр бол шүүгч Х.Идэрийг төрсөн дүү прокурор Х.Тамираар нь барьцаалж байна уу гэж л харагдаж байна.
mongolcom.mn
URL: