Чингисийн талбайд энэ сарын 30-нд ”Алдрын хүндэтгэл” арга хэмжээ болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус түүхэн үйл явдлыг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд энэ сарын 30-ны өдөр буюу Пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч Г.Ганхүү, “нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан нар оролцов.
Энэ жилээс эхлэн соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон. Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл – Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа бөгөөд найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл – Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах юм. Жил бүр тус шагналыг олгож, ханан дээр нэрийг нь мөнхлөх бөгөөд энэхүү арга хэмжээнд зориулж “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулж байна. Уг тоглолт нь Чингисийн талбайд Пүрэв гарагт 08 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж, 20 гаруй хамтлаг, дуучдын тоглолт, үдшийн цэнгүүнээр үргэлжлэх юм.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08:30-12:30, долдугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: